Стратеги

     2010 оны 4-р сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөлийн ээлжит 43-р хуралдаанаар баталсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг 2010-2015 онд (2020 он хүртэл) хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний дагуу үйлдвэрийн тоног төхөөрөмжийг эрчим хүч, цахилгаан энерги бага зарцуулдаг, байгаль орчинд ээлтэй орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлэх замаар боловсронгуй болгож, үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2015 оноос жилд 35 сая тн хүдэр боловсруулах болгон нэмэгдүүлэх, нэгж бүтээгдэхүүний зардлыг бууруулах, улмаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэн ажиллаж байна.
     Өндөр хүчин чадлаар урт хугацаанд ажиллах бололцоог хангахад түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх асуудал чухал юм. Тиймээс түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой ажлууд хийж үүний үр дүнд үйлдвэрийн ашиглалтын хугацааг уртасгана. Мөн геологи хайгуулын ажлын үр дүнд үйлдвэрийн нөөцийн хэмжээг илүү нэмэгдүүлэх боломжтой.


Бүтээмж - Инноваци

     “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикт 2005 оноос “бүтээмж дээшлүүлэх “Эрдэнэт” хөтөлбөр” нэртэйгээр бүтээмжийн хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд ажиллагчдын бүтээлч хандлага дээшилж олон арван үр бүтээлтэй санал, санаачлагууд хэрэгжиж үйлдвэрт үр дүнгээ өгч байна. Энэхүү туршлагыг компанийн бусад цех, нэгжүүдэд нэвтрүүлэх зорилгоор 2011 оноос “Хүн-Эрдэнэ” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
     Бүтээмжийн хөдөлгөөний хүрээнд гарч буй шинэ санал, санаачлагуудыг хөгжүүлэн инноваци болгох хэрэгцээ шаардлагыг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д инновацийн тогтолцоо бүрдүүлэх нь” журмыг 2013 оноос компанийн хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байна.
     Инновацийн тогтолцоог нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулахад чиглэсэн ажлуудад үйлдвэрийн ажилтан бүр өөрийн оюуны бүтээл, инновацийн саналаа өгч бодитой хувь нэмрээ оруулах боломжтой болж байна.