Байгаль орчны удирдлага
   Эрдэнэт үйлдвэр ХХК нь байгаль орчноо нэн тэргүүнд тавьж, учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээлтийг Монгол улсын хууль, дүрэм журам, стандартын дагуу хийж гүйцэтгэж байна. Мөн 2007 оноос Байгаль орчны удирдлагын тогтолцооны менежментийн ISO 14001:2004 стандартыг хэрэгжүүлж эхэлсэн монголын анхны уурхай юм.

Хяналт, мониторинг
   Байгаль орчны лаборатори нь 2007 оноос одоог хүртэл орчин үеийн өндөр нарийвчлалтай багаж тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслүүдээр бүрэн тоноглосон “Явуулын лаборатори”-ийг ашиглан үйлдвэрийн болон хүрээлэн буй орчны хөрс, ус, агаарын бохирдолтыг тухайн орчноос нь дээж авч хими, физик, физик-химийн аргуудаар шинжилдэг. ISO 14001:2004 стандартыг хэрэгжүүлэх хүрээнд лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн үйлдвэрлэлээс хүрээлэн буй орчинд нөлөөлөх нөлөөллийг (аспект) тооцдог. Нөлөөллийг тооцсоноор цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөг боловсруулан ажилладаг.



Нөхөн сэргээлт

   Манай үйлдвэр нь хоосон чулуулгийн 3-р овоолго дээрээ нөхөн сэргээлтийн ажлыг 2007 оноос Байгаль орчны “Эко Монгол Эрдэнэ” дээд сургуультай хамтран гүйцэтгэж нийт 27,4 орчим га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажил хийсэн. Нөхөн сэргээлт хийсэн талбайд шинэсний суулгац 22416, улиас 3960, шар хуайс 100, чацаргана 2200 ширхгийг тус тус тарьж суулгасан ба 1850 орчим кг олон настын үр цацаж зүлэгжүүлсэн.

“Ногоон төгөл” төсөл
   Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Байгаль орчныг хамгаалах хэлтсийн санаачлагаар үйлдвэрийн бүсэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дүйцүүлэн хамгаалах бичил цэцэрлэгт хүрээлэн бий болгох зорилгоор “Ногоон төгөл” төслийг 2013 оны 08 дугаар сард хэрэгжүүлэн 30 га талбайг хашаажуулан, усалгааны бүрэн системийг суурилуулсан. Компанийн нийт цех, хэлтсүүдийн ажилчдыг хамруулан 20 гаруй төрлийн 10567 ширхэг мод тариад байна.

Ховордсон ан амьтныг нутагшуулах
   “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Амьтан асралт” ХХК-тай хамтран Хустайн нурууны Байгалийн цогцолбор газраас Халиун бугын илийг 2011 оноос эхлэн нутагшуулж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 44 толгой буга нутагшин амьдарч байгаагаас гадна Завхан аймгийн Яруу сумаас 90 ширхэг тарвага тус тус барьж ”Сэлэнгэ” амралтын бааз дээр дахин нутагшуулж байна. Мөн Сэлэнгэ амралтын баазад тэмээ 2, адуу 3, тахиа, цацагт хяруул, галуу, нугас гэх мэт ан амьтан шувуудыг өсгөн үржүүлж байна.