Эрдэнэтийн-Овооны зэс, молибдены ордын хүдрийн биет нь уртаар 25 км, өргөнөөр 1.5-3 км орчим, зүүнээсээ баруун тийш сунаж тогтсон ба 4 үндсэн хэсгээс бүрдэнэ. Үүнд: Төвийн болон Баруун хойд, Зүүн өмнөд, Цагаанчулуут зэрэг хэсгүүд багтдаг.

     Одоогоор баруун хойд хэсгийг ил олборлолтын аргаар ашиглаж байна. Эдүгээ уурхай хамгийн урт хэсгээрээ 2500 м, өргөн нь 1500 м, ашиглалт явуулж буй хамгийн доод түвшин 1265 метр бөгөөд ил уурхайн гүн 120 метрт хүрээд байна.

     Ашиглалтын эхэнд оройн хэсэг нь далайн түвшнээс 1606 м байв. Уурхайн мөргөцгийн өндөр 15 м, уурхайн хажуугийн хана 370-420, ажлын хамгийн бага талбай 50 м байхаар төлөвлөсөн болно.

     Эдгээр зэс, молибдены хүдрийн биет нь халькозин, ковиллин, халькопирит, оюу, борнит, брошантит, номин, молибденит, делафоссит, тенорит, серицит зэрэг эрдэсүүдээс бүрддэг юм.

     Уурхайн ачилтыг Германы LIEBHERR-994B гидравлик экскаватор, ОХУ-ын ЭКГ-10, ЭКГ-15 маркийн экскаваторуудаар явуулж байна.

     Өрөмдлөгийг СБШ-250 МНА-32 өрмийн машинаар гүйцэтгэдэг.
     
     Авто тээврийн зам барьж байгуулах, засварлах мөн овоолгын ажлуудыг Япон, АНУ, Германы уулын тоног төхөөрөмжүүд болох “Liebherr” фирмийн PR-764, Японы “Komatsu” фирмийн D-275A, 824G, WD-500 гинжит болон дугуйт бульдозерууд, WA-800, WA-600, Liebherr L-581 шанагат ачигч, “Caterpillar”-ын CAT-16Н автогрейдер зэрэг техникээр гүйцэтгэж байна.

     Уурхайд уулын тоног төхөөрөмжийн бүх төрлийн засвар хийх бүрэн боломжтой цех ажилладаг.

     Тус уурхай жилд 15000 тонн усанд тэсвэртэй эмульсын тэсрэх бодис үйлдвэрлэдэг бөгөөд тэсэлгээний хэрэгсэлд Австралийн “Оrica Exsel”-г ашигладаг. 2009 оноос АНУ-д үйлдвэрлэсэн “Rothenbuhler engineering” фирмийн алсын зайнаас тэсэлгээг явуулах аппаратыг уурхайн тэсэлгээнд нэвтрүүлээд байна.