Баяжуулах үйлдвэр нь хүдэр бутлах, нунтаглах, хөвүүлэн
баяжуулах, гарган авсан зэс, молибдены баяжмалыг шүүн хатаах, ачих, хаягдал хуримтлуулах гэсэн технологийн нарийн бүтэц, зохион байгуулалттай үйлдвэрлэлийн үндсэн цех юм.

      Хүдэр бэлтгэх технологийн хоёр шугам ажиллаж байна. Нэг дэх шугам нь жилд 20,5 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай бөгөөд хүдрийг конусан бутлуураар гурван үе шатаар бутлан, шигшиж, цааш бөмбөлөгт МШЦ-5,5х6,5, МШЦ-5,8х6,9 болон МШЦ-3,2х4,5 тээрмүүдээр хоёр үе шатаар нунтагладаг.

     Хүдэр бэлтгэх хоёр дахь шугам нь жилд 5 сая тонн хүдэр
хүлээн авах хүчин чадал бүхий өөрөө нунтаглах хэсэг юм.
Цаашид VI секцийг ашиглалтанд хүлээн авснаар
35 сая тонн хүдэр боловсруулах юм.
     
      Хүдрийг хацарт бутлуураар буталж, бутлагдсан хүдэр эхний шатанд 160 м куб эзэлхүүн бүхий өөрөө нунтаглах тээрэм ММС-90х30, хоёр дахь шатанд 140 м куб эзэлхүүнтэй МШЦ-5,5х6,5 бөмбөлөгт тээрмээр нунтаглаж, булинга хэлбэрээр Нунтаглан баяжуулах хэсэг рүү өөрөө урсах шугамаар тээвэрлэдэг.
     
      Хүдэр баяжуулах технологи нь хам баяжуулалтын аргаар явах ба цаашид салгах процессоор зэсийн болон
молибдены баяжмалыг гаргаж авна.

     Баяжуулах процессын үед гарч байгаа хаягдал булинга
насосоор хаягдал хураах хиймэл нууранд шахагдан
хуримтлагдах ба тунасан усыг эргэж технологийн
процесст хэрэглэдэг.
     
     Ийнхүү Баяжуулах үйлдвэр олон улсын стандартад тохирсон зэс, молибдены баяжмал үйлдвэрлэж байна.