Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Соёл амралтНийгмийн цехүүд өвөл цагийн үйл ажиллагаагаа нээлээ
Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн 11 цех, нэгж өвөл цагийн үйл ажиллагааны нээлтээ өнгөрсөн амралтын өдрөөр А.Амарын талбайд зохион байгууллаа. Нээлтэд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал П.Энхбат нар оролцож, үзэсгэлэнгийн үйл ажиллагааг сонирхлоо. Цэцэрлэгийн багачууд, сургуулийн сурагчдын урлагийн тоглолт, орос дэлгүүрийн амталгаат худалдаа, Оёдлын цехийн загварын үзүүлбэр, Эмнэлэг сувиллын цогцолборын эмч нарын үзлэг, зөвлөгөө, Энэрэлийн хүүхдүүдийн гар урлалын бүтээл, Хүлэмжийн эко ногоо, тарьц суулгацын үзэсгэлэн, Технологийн сургуулийн сургалтын талаарх мэдээлэл, Соёл урлагийн болон Спорт цогцолборын дугуйлан, секцийн бүртгэл гээд нийгмийн чиглэлээр иргэд, олон нийтэд хүргэх бүхий л үйлчилгээгээ Эрдэнэт үйлдвэр дэлгэн харуулсан нь энэ байлаа. Нийгмийн цехүүдийн хийж хэрэгжүүлдэг ажлын нэгээхэн хэсгээс хүргэхээр энэхүү сурвалжилгаа бэлтгэлээ.
Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.ӨНӨБАТ: Нийгэмд хэрэгцээтэй дэмжлэг, тусламж юу байгааг илрүүлэхийг зорьлоо
- Өвөл цагийн үйл ажиллагааны нээлт сайхан боллоо. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа нийгмийн хариуцлагыг үүрч ирсэн. Ингэхдээ зөвхөн өөрийн ажиллагсад бус Эрдэнэт хотын соёл, спорт, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн бүх салбарт үйлчилгээ, дэмжлэг үзүүлдэг байсан. Эрдэнэт үйлдвэр энэ онд Засгийн газрын тогтоолоор Төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Улмаар ажиллагсдын нийгмийн асуудалд илүүтэй анхаарч, Нийгмийн харилцааны хэлтсийг байгууллаа. Хэлтэс байгуулагдаад удаагүй ч нийгмийн цехүүдийнхээ үйл ажиллагааг сурталчилах, нийгмийн хэрэгцээтэй дэмжлэг тусламж юу байгааг олж илрүүлэх, түүнийг хийх боломжийг судлах зорилгоор анх удаа өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион байгууллаа.
Соёл, урлагийн цогцолборын орлогч дарга Х.ҮНЭНЗОРИГ: Уран сайханчид маань “Алтан намар” тоглолтоор бэлэг барьлаа
- Соёлын байгууллага ямар онцлогоо харуулж байна вэ?
- Нийгмийн цехүүдийн өвөл цагийн үйл ажиллагааны нээлтийг Нийгмийн харилцааны хэлтэс санаачлан, зохион байгуулалтыг Соёл, урлагийн цогцолбор хариуцан ажиллалаа. Уран бүтээлчид маань “Алтан намар” тоглолтоо толилуулж, соёлын үйл ажиллагааны нэг хэсэг болсон нийтийн бүжгийг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх ажлууд зохион байгууллаа. Нийтийн бүжиг нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд ихээхэн ач тустай. Уран бүтээлчдийн амжилтын нэгээхэн хэсэг болдог уран бүтээлийн цомог, Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн хугацаанд хийгдсэн урлагийн ном, товхимол, тоглолтын сурталчилгааны хуудас зэргийг Орхончууд, хүүхэд залуучууддаа зориулан дэлгэлээ. Соёл, урлагийн цогцолбор Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулга, Соёл, чөлөөт цагийн сектор, Техник үйлчилгээний алба, Захиргаа гэсэн бүтэцтэй ажилладаг. Өнөөдрийн үйл ажиллагаанд 86 ажилтан маань 100 хувь хамрагдсан. Өдөрлөгийнхөө зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр ирэх жил илүү санаачлагатай ажиллах болно.
Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.ТУЯА: Үйлдвэрийн хэмжээнд үйлчилгээний стандарт нэвтрүүлнэ
- Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хийж хэрэгжүүлж байгаа шинэлэг ажлынхаа мэдээллээс хуваалцана уу?
- Нээлтийн үйл ажиллагаанд манай цех 105 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Бид ажлаа сурталчилах хэрэгтэйг эндээс харж, дүгнэлээ. Манай хамт олон сүүлийн гурван жил үйлдвэр, хотын орчныг ойртуулах талаар томоохон зорилт дэвшүүлэн, түүнийгээ хэрэгжүүлсэн. Энэ онд Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд үйлчилгээний стандарт нэвтрүүлэхээр төлөвлөн, батлах шатандаа ажиллаж байна. Стандартын хэрэгжилтийг нийгмийн цехүүдээс эхэлнэ. Ингэхдээ 10 цехийн хооронд үйлчилгээний ажилчдаа солилцох журмаар зохион байгуулна. Олон арга хэмжээ төлөвлөсөн. Гар бөмбөгийн болон мэргэжлийн ур чадварын тэмцээнийг ирэх 10 дугаар сарын эхээр зохион байгуулна.
- Уул уурхайн компанийн үйлчилгээнд нэвтрэх шинэ стандарт боловсруулахад багагүй хугацаа зарцуулав уу?
- 2016 оноос энэ ажил эхэлсэн. Засгийн газрын Нийтлэг үйлчилгээний албатай сүүлийн гурван жил хамтран ажиллалаа. Үйлчилгээний стандартыг үйлдвэрийн хэмжээнд хөрвүүлэх чиглэлээр боловсруулсан. Энэ үйл ажиллагааг дэмжиж байгаа Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаяр, Нийгмийн харилцааны хэлтэст талархал илэрхийлье. Нийгмийн цехүүдтэйгээ гар нийлэн ажиллаж, хамтдаа хөгжих болно.
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
Мэдээний ангилалууд
- Үйлдвэр
- Бүтээн байгуулалт
- Орон нутаг
- Видео
- Спорт
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Соёл амралт
- Онцгой комисс
- Авлигын эсрэг үйл ажиллагаа
Сэтгэгдэл үлдээх