Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Орон нутагБ.МӨНХТОГОО: Эрдэнэтийн ард түмэн өдөр бүр Бурхан багшийг харж, буян хурааж байна
Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудын нэг нь Их шүтээн цогцолбор буюу Бурхан багшийн сэрэг дүр билээ. Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт, Цутгуурын цехийн хамт олны хүч хөдөлмөрөөр сүсэгтэн олны шүтээний дээд болсон сэрэг дүрийн өнөөгийн үйл ажиллагааг хүргэхээр цогцолборыг зорьлоо. 22 метрийн өндөртэй, үсний ширхэг бүр нь 6 кг жин дарах энэхүү сэрэг дүрийг бүтээхэд 867 хэсэг эд ангиас бүрдсэн 87 тонн цэвэр гууль ашиглажээ. Энэ сэдвээр Орхон аймгийн аялал жуулчлал, амралтын “Их шүтээн цогцолбор” ОНӨҮГ-ын захирал, гэвш лам Б.Мөнхтогоотой ярилцлаа.
- Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бурхан багшийн сэрэг дүрийг Эрдэнэт хотын хойморт цогцлоон бүтээгээд долоон жил боллоо. Өнгөрсөн хугацаанд сүсэгтэн олны сүсэг бишрэлийг сэргээх чиглэлээр ямар ажлууд хийв?
- 2006 онд Бурхан багшийн сэрэг дүрийг Эрдэнэт хотдоо бүтээе гэсэн санаачилга гарч, үе үеийн Засаг дарга нар Ашиглалтын өмнөх захиргаа нэрээр үйл ажиллагааг нь авч явсан байдаг. 2012 онд сэрэг дүрийг бүтээсний дараа равнай өргөж, Их шүтээн цогцолбор нэртэй болсон. Миний бие 2016 оны 7 дугаар сард цогцолборын үйл ажиллагааг хариуцсан захирлын ажлыг хүлээн авч, өнөөдрийг хүртэл ажиллалаа. Ажлаа хүлээн авах үед зарим нэг газраас ус орж, үйл ажиллагаа нь жигдэрсэн гэхэд хэцүүхэн байдалтай байсан. Энэ бүхнийг цэгцэлж, сэрэг дүрийн уншлагын заалыг “Жалданжанчивлин” хийдтэй хамтран байнгын үйл ажиллагаатай болголоо. Түрээсийн журмаар байгаа хэдий ч 10-аад лам ажлын байртай болсон. Нөгөө талаас сүсэгтэн олонд зориулан “Хийморийн сан”, “Аян замын ерөөл” тавьж, уншлага зэрэг нь иргэдийн хүлээсэн үйлчилгээний нэг боллоо.
Өнөөдрийн байдлаар захирал, менежер, бичиг хэрэг, нярав гэсэн үндсэн дөрвөн хүний орон тоотой ажиллаж, “Эрдэнэс сан”-гаас цалинжиж байна. Орхон аймгийн ИТХ-аас ТУЗ-ийг баталсны дагуу хийх ажлаа жилээр төлөвлөдөг. 2016 оны орон нутгийн төсөвт хэд хэдэн ажил суулгаж, “Эрд Уул” ХХК ус чийгнээс тусгаарлах ажлыг Герман технологиор хийж гүйцэтгэсэн. Хотын захирагчийн алба өнгөрсөн онд халаалтын асуудлыг шийдвэрлэхдээ цахилгаанаар, маш бага зардлаар дулаан байх нөхцөлөөр хангалаа. Түүнчлэн Худалдаа хөгжлийн банкинд хадгалж байсан 340 гаруй мянган ширхэг хуудсан алтаар Бурхан багшийн их биеийг нь алтдах ажлыг “Мэдрэхүйн мэлмий” ХХК, бадны хэсгийг “Их материал” ХХК хийж дуусгасан.
Бурхан багшийн сэрэг дүрийн дотор залсан зургаан бурхныг сүсэгтэн олны хандиваар цогцлоож, “Анфиса” ХХК хамтран оролцсоныг онцлон хэлмээр байна. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан захирал Д.Дэлгэрбаяр бидний ажлыг дэмжин ажиллаж байгаад талархаж байна. Ирж байгаа хүмүүс ч бурхан шашны орон гэдгээр нь илүүтэй хүлээн авч байна.
- Бурхан багшийн сэрэг дүрийн эргэн тойрныг сэргээн засварлаж, явган зам тавьж байх шиг байна. Энэ талаар тодруулбал?
- 2019 оны орон нутгийн төсөвт 200 430 000 төгрөгийг гадна тохижилтдоо зарцуулахаар тусгасан. Энэ хүрээнд 893 шоо метр талбайг хавтангаар бүрэх ажил хийгдэж байна. Энэ ажил маань дуусахад нийт талбайнхаа 50 хувийг засварлаж дуусах юм. Бид хяналт тавьж, “Сайн цонх” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байна. 10 дугаар сарын 15 гэхэд талбайн тохижилтын ажил дуусна. Мөн энэ намартаа багтаан боржин чулуун хийц бүхий хоёр суварга барихаар шийдвэрлэсэн.
- Ирэх онд ямар ажлууд төлөвлөж байна вэ?
- Бидний зүгээс 0.7 км автозам тавих санал оруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэхийг зорьж байна. Сэрэг дүрийн арын хэсэг дэх шороог ногоон байгууламжтай болгох талаар Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т.Батмөнхтэй ярилцаж байна. Тодорхой шийдэл гарах байх. Түүнчлэн ирэх жилээс Бурхан багшийн билэгдлийн найман суваргыг гүйцээх бодолтой байна. Зургаан суварга бүтээх ажилд сүсэгтэн олноо уриалан, хандиваар бүтээх талаас нь судалж байна. Анх сэрэг дүрийг бүтээх ажилд сүсэгтэн олноос 40 гаруй сая төгрөгийн хандив авсан байдаг. Нэгэнт сайжруулж, хөгжүүлж байгаа ажилдаа Эрдэнэтчүүдээ татан оруулцбал зүгээр юм болов уу.
- Бурхан багшийн сэрэг дүр цогцолборыг бүтээх явц удаашралтай байгаад иргэд сэтгэл дундуур явдаг. Менежмент талаас нь илүү оновчтой шийдэл хэрэгтэй юм болов уу?
- Япон, Солонгос, Бирм, Энэтхэг зэрэг дэлхийн олон оронд шашин номын холбогдолтой бүтээл урласан байдаг. Тэр бүгдийг хараад нэг бодол төрсөн. Маш богино хугацаанд тодорхой хөрөнгө гарган бүтээсэн зүйл үр өгөөжтэй, үнэ цэнэтэй байдаг юм байна. Харин бүтээн байгуулах хугацаа удах тусам олны анхааралд өртөж, хэл ам дагуулдаг юм болов уу. Би ажилдаа “Эхэлснээ богино хугацаанд дуусгах” гэсэн зарчмыг баримтална.
Бусад аймагтай харьцуулахад жуулчдыг татах содон зүйл Эрдэнэт хотод маань ховор байна. Сэрэг дүрийнхээ үйл ажиллагааг тэр чиглэлд хөгжүүлж болохоор харагддаг. Бид бүтээн байгуулалтаа богино хугацаанд дуусгаж чадвал жуулчдыг татах нэг цогц зүйлтэй болно. Зөвхөн зогсоолоосоо татвар авдаг байхад болохгүй гэх газар алга. Аймгийн удирдлагуудтай энэ талаар ярилцаж байна. Гадаад харилцаагаа хэрхэн сайжруулах талаар санаа оноогоо тусган, судалж байна. 12 дугаар сард би өөрийн биеэр Энэтхэгт очино. Тэр үеэр Далай багшийн сонорт дуулгах бодол бий. Үндсэндээ багш нарын зарлиг, тааллаар энэ ажил маань дуусвал номын дагуу бүтэж байна гэсэн үг юм.
- Бурхан багшийн сэрэг дүрийг Эрдэнэтдээ бүтээсний ач тус нь юу вэ?
- Бурхан багшийн дүр босно гэдэг нь өөрөө гайхамшиг юм. Бурханы дүр хаа оршсон газраа буян дэлгэрүүлж байдаг учиртай. Дэлхийн тэрбум гаруй хүн бурханы шашинтай гэж үзэхэд тэдгээр хүмүүс бурханы дүр бүтсэн газарт очъё гэж тэмүүлэх чиг хандлагатай. Далай багш 2006, 2009 онуудад “Дүйнхорын ван” номыг Энэтхэгт хоёронтоо айлдсан байдаг. Ном айлдсаны дараа хүмүүсийн тоон судалгаа гаргахад 600 гаруй мянган сүсэгтэн олон дэлхийн өнцөг булан бүрээс очсон байдаг. Энэтхэг улс Далай багшийг дээрх номоо дахин тавьж өгөөч гэсэн хүсэлт тавьсаар байгаа. Тэр хэрээр аялал жуулчлал нь хөгжиж байна. Өнгөт металлаар, гадаа бүтээгдсэн бурхан багшийн дүр тун ховор. Хонгконг, Японд хүрлээр, Тайланд, Бирмд өнгөт металлаар цутгаж алтадсан дүр нь бий. Монголд бүтээгдсэн Жансрайсаг бурханы тухайд хөөмөл, алтадсан дүртэй. Эрдэнэтийнх цутгуурын аргаар хийгдэж, алтадсан гэдгээрээ Төв Азид үнэ цэнэтэй бүтээлийн тоонд зүй ёсоор орох юм.
Номын эрэмбээрээ Далай багшийн дараа суух эрх бүхий багш маань саяхан Эрдэнэт хотод ирээд бурхан багшийн сэрэг дүрийг “Сайхан бүтээгджээ. Энэ ажлыг улам сайхан баяжуулж авч явбал Эрдэнэтийн ард түмэнд их буянтай юм даа” гэж айлдсан. Дэлхийн хүн төрөлхтөн бурханд мөргөх гэж алсыг зорин очиж байхад Эрдэнэтийн ард түмэн өдөр бүр Бурхан багшийг харж, буян хурааж байна. Бид их буянтай юм гэж боддог. Энэ том бүтээлийн анхны хөрөнгө оруулагч нь Эрдэнэт үйлдвэр байсан. “Цаашид сайн авч яваарай” гээд аймагт хүлээлгэн өгсөн. Сайн авч явах үүрэг хариуцлага нь энэ цаг үед бидэнд иржээ.
- Бурхан багшийн сэрэг дүрийн дотор ус орсны улмаас сүншиг равнайг хураан авсан гэх яриа гарч байсан. Энэ талаар тодруулна уу?
- Равнайг хураасан, амьгүй гэсэн яриа гарсан. Ном судрыг нь уснаас хамгаалж хураан авсан ч амьгүй болсон зүйл огт байхгүй. Бурханыг бүтээхэд амь мод буюу сорогшин мод гэж бэлтгэдэг. Энэ дагуу Бүрэнханы нуруунаас авчирсан 13 метрийн өндөртэй хуш модон дээр номын үсгийг бичиж, оройд нь амины үрийг суулгасан байдаг. Бурхан багшийг таалал барих үед биеийг нь чандарлахад эрдэнийн үрэл гарсан гэдэг. Арвидахын нягууртай Бурхан багшийн рэнсэрэлийг Пүрэвбат лам Гандан хийдээс, нөгөөг нь Гандантэгчинлэн хийдийн хамба ламаас би өөрийн биеэр залж авчирсан. Түүнийгээ сорогшин модны оройд байрлуулсан. Бурхан багшийн чандар оршиж байгаа учраас амьгүй гэдэг яриа нь үндэсгүй юм. Амь орсон бурханд мөргөж, аврал эрэхийн утга нь энэ юм.
- Иргэд, олон нийт сүсэг бишрэлийн зан үйлийг хэрхэн хийвэл зохилтой вэ?
- Бурхан багшийн зүрхэн тарнийг уншихдаа Бурхан багшийн дүрийг сэтгэл, оюундаа бодож чаддаг байх хэрэгтэй. Өөр нэг жишээ хэлье. Ногоон дарь эхийн зүрхэн тарни болох “Ум дарэ дүдарэ, дүүрээ суухай”-г уншиж нүдэндээ дасгах, түүний дараа ногоон дарь эх хэрхэн сууж байгаа дүр байдлыг сэтгэл, оюундаа дүрсэлж уншвал төгс шүтсэний илрэл болох юм. Ингэж шүтэж чадвал аврал хол бус хажууд тань байдаг юм шүү. Бурхан багш “Та өөрөө бурхан” гэж хэлсэн байдаг. Өөрийгөө хөгжүүлж чадахгүй, нисванисийн хорт гурван сэтгэлээс гарч чадахгүй явсаар хүмүүс бид энэ насаа эцэслэж байна. Өөрийн шүтээнийг аврал болгох эсэх нь таны гарт байгаа учраас хаа байгаа газартаа, сэтгэл оюундаа шүтэн дээдлэж яваарай.
- Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Буяныг хураах үйл тань ашид дэлгэрэх болтугай.
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
Мэдээний ангилалууд
- Үйлдвэр
- Бүтээн байгуулалт
- Орон нутаг
- Видео
- Спорт
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Соёл амралт
- Онцгой комисс
- Авлигын эсрэг үйл ажиллагаа
Сэтгэгдэл үлдээх