Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right ҮйлдвэрЭКГ экскаватор угсрах онцгой даалгаварт 100 сая төгрөгийн урамшуулал өгнө
Энэ өдрийн сурвалжлагаа Ил уурхайн засварын хэсгээс хүргэж байна. Энд ЭКГ-12К экскаваторыг угсрах ажил ид өрнөж, энэ сарын 23-ны өдөр эхлэсэн ч төлөвлөгөөний бүтээмж 2 өдрөөр түрүүлж байгааг угсралтынхан хэллээ. Эрч хүчтэй, туршлагатай мэргэжлийн баг энэ оны хоёрдахь том аварга хүлэгээ хүлээн авах ажилд хэдийнэ “ханцуй шамлан” орсныг ажлын халуун цэгээс харахад л шууд мэдрэгдсэн. Тэнгэрт шүргэм сүр бараатай, уурхайн мөргөцөгт хүдэр шанагадах нь цаанаа л бахархмаар “сайхан амьтан” гэж шинэхэн экскаваторынхаа гол ханыг угсарчихаад хошигнож зогсоо угсралтынхан урам зориг дүүрэн байна. Өдөр бүр 12 цагаар амралтгүй ажиллаж, цаг агаарын ямар ч нөхцөлд төлөвлөгөөт ажлаа удаашруулахгүй гүйцэтгэхээр шамдаж байгаа тэд “Онцгой даалгаварынхан”.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас энэ оныг “Хөрөнгө оруулалт”-ын жил болгон зарлаж, техник технологийн шинэчлэлийг үйлдвэрлэлд үе шаттай, эрчимтэй нэвтрүүлж буй. Энэ бодлогын хүрээнд Ил уурхайн хүчит техникийн эгнээнд хүч нэмж, хоёр дахь экскаваторыг нийлүүлсэн нь энэ. Ажлын ачаалал, өндөржүүлсэн зохион байгуулалт, ур чадвар гээд ажилчдынхаа сэтгэл зүтгэлийг бодитоор үнэлж, урамшуулах тогтолцоонд ч үйлдвэрийн удирдлагууд “эргэлт” хийж байна. ЭКГ-12К экскаваторыг угсрах ажлыг “Онцгой даалгавар”-т тооцон, энэ ажилд хүчин зүтгэсэн ажилтнуудын нэмэгдэл хөлсийг 100 сая төгрөгөөр, батлагдсан хуваариас өмнө угсралтын ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд хоног тутамд 3 сая төгрөгийн нэмэлт урамшуулал олгох тухай үйлдвэрийн Ерөнхий захирлын шийдвэр үүнийг гэрчилнэ. Ийм урьд өмнө байгаагүй хэмжээний нэмэлт урамшуулал ажилчдад урам, их дэм өгч байгаа гэдгийг Ил уурхайн Ерөнхий инженер хэлснийг онцлох нь зүйтэй.
Хойд хөршийн уулын техник тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн нэгэн нэрийн хуудас болж буй 12.5 метр кубын шанаганы багтаамж бүхий ЭКГ-К12 экскаваторыг угсрах ажлыг гардан удирдаж буй Ил уурхайн уулын тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсгийн дарга С.Даваа-Очир уурхайд 20 гаруй жил ажилласан, нягт нямбай чадвартай инженерүүдийн нэг. Түүнийг өнгөрсөн хавар ашиглалтад өгсөн ЭКГ-К12 экскаватор угсрах ажлыг мөн л ахалж, арвин туршлага хуримтлуулж, ажилдаа эзэн болсон ажилтан гэж Ерөнхий инженер С.Уламмандах өгүүлнэ лээ. Харин тэр өөрөө эгэл даруухнаар ажлын талаар “Бидний одоо шинээр угсарч буй ЭКГ-К12 экскаватор манай Ил уурхайн 26 дахь экскаватор. Энэ оны хувьд бол хоёр дахь экскаваторын угсралтын ажил л даа. Манай Засварын хэсгийнхэн хоёр бригад болж, хагас бүтэн сайны амралтгүйгээр өдөр бүр 12 цагаар ажиллаж байгаа. Нэг бригад 5 хүний бүрэлдэхүүнтэй, ажлын шаардлагаас шалтгаалаад өргөн тээвэрлэх, зөөвөрлөх техникүүдийг улираах буюу нэмэлт цагаар ажиллуулж байна. Экскаваторын машинист, туслахуудын хамт хоёр бригадад хуваагдан оролцож байна. Мөн цахилгааны бригад 4-5 хүний бүрэлдэхүүнтэй цахилгааны нарийн угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Ингээд нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ЭКГ-К12 экскаваторыг угсарч, бэлэн болгоно. Угсралтын өдөр тутмын ажлыг манай уурхайн экскаватор хариуцсан механик, Орос мэргэжилтэн С.М.Янковский удирдаж байгаа. Миний хувьд ажлын чиг үүрэг өгч, анхаарал хяналт тавьж байна” гэж танилцуулав. Шанаганы хүчин чадлаараа өмнөх экскаваторуудаас илүү багтаамжтай, цахилгаан эрчим хүчний өндөр хэмнэлт, технологийн боловсронгуй үзүүлэлт бүхий ЭКГ-К12 экскаватор нь 6000 вольтын цахилгаанаар ажилладаг. Уг экскаваторыг угсралтын багийнхан 35 хоногийн хугацаанд угсарч, бэлэн болгох төлөвлөгөөтэй. Экскаваторын үндсэн эд анги буюу том хэсгүүд нь угсрахад энгийн ажиллагаатай тул цаг хугацааны хувьд хүндрэлгүй, харин цахилгаан болон хийн систем, тосолгооны линкольн системийн угсралт тохиргоонууд илүү нарийн чимхлүүр ажиллагаа, цаг шаарддаг. Мөн цаг агаарын таатай нөхцөл байдал ажлын гүйцэтгэлд шууд нөлөөлдөг. Тиймээс хүйтрэхээс өмнө шуурхайлж, төлөвлөсөн цаг хугацаанд амжуулж дуусгах нь бидний нэн түрүүний зорилт. Нөгөө талаас чанарын үзүүлэлтэд онцгой анхаарч ажиллах ёстой гэдгийг Засварын хэсгийн дарга С.Даваа-Очир нэмж онцолсон.
Өнөөдрийн байдлаар Ил уурхайн хэмжээнд 9 экскаватор хүдэр олборлолтын ажилд гардаг. Шинэ экскаватор 10 дахь нь болон нэмэгдэх ч цаашид дахин экскаваторын хэрэгцээ шаардлага байгааг Ил уурхайнхан ярьж байна. Цаашид ашиглалтын хугацаа нь дууссан ч өөрсдөө засаж, тордон ажилд гаргаж буй экскаваторуудыг ойрын таван жилд шат дараалан шинэчлэх бодлого технологийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжих ажээ.
ЭКГ-К12 экскаваторын угсралтын бригадын хоёр ахлагчийн нэг нь Засварын хэсгийн уулын тоног төхөөрөмжийн механик Т.Батжаргал. Түүнээс ажлын явцын талаар тодруулахад “Бид өнгөрсөн хавар яг ийм экскаватор угсраад гаргасан болохоор энэ удаа ажил илүү урагштай байна. Нийт ажлаа нарийн төлөвлөн, өдөр өдөртөө хуваарилаад, одоо доод хэсгийн эд ангиудаа угсраад явж байна. Миний хариуцаж буй бригад гагнуурчин, слесар, экскаваторын машинист, туслах гээд зургаан хүний бүрэлдэхүүнтэй өдрийн ажлаа 100 хувийн гүйцэтгэлтэй хангаж байгаа. Ихэнх нь олон жил ажилласан туршлагатай засварчид тул хүндрэл бэрхшээл харьцангуй гайгүй” гэж ярилаа.
Цахилгаан системийн нарийн горимоор ажиллах ЭКГ-К12 экскаваторт цахилгааны угсралт хамгийн чухал үүрэгтэй юм. Тиймээс цахилгааны бригадынхан нягт нямбай, хариуцлагатай ажиллах шаардлагатайг Эрчим зүйч Д.Бадрах бидэнд онцолсон. Тэрээр Ил уурхайн Цахилгааны хэсгийн Эрчим зүйчээр 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 5-6 экскаваторын цахилгаан угсралтын ажилд оролцсон туршлагатай. Одоогийн байдлаар цахилгааны бригадынхан экскаваторын дотоод хөдөлгүүрийн засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна. Угсралтын доод хэсэг дууссаны дараа тэд гол цахилгаан угсралтаа эхлэнэ. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, осол эрсдэлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, үндсэн тавцан, хана боссоны дараа цахилгааны ажил хийгддэг гэсэн үг юм. Кабел сүлбэх, холбох гээд маш нарийн ажил байдаг тул тэдэнд анхаарал, хариуцлага юу юунаас ч чухал. Цахилгааны угсралтыг тохируулгын инженер, цахилгаанчин, слесар гээд 10 хүний бүрэлдэхүүнтэй бригад гүйцэтгэж байгаа юм.
Аливаа ажлын гүйцэтгэлд чанар хамгийн эхэнд тавигддаг. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй найдвартай ажиллагаа гол үүрэгтэй. ЭКГ-К12 экскаваторын техникийн давуу үзүүлэлт, яагаад сонгох болсон шалтгааны талаар Ил уурхайн Ерөнхий инженер Д.Уламмандахаас тодрууллаа. “ЭКГ маркийн экскаваторыг бид өөрсдөө эндээ угсарч, ажилд оруулж байсан. Тиймээс манайхан энэ талаар арвин туршлагатай. Энэ нь ч ажил урагштай байхад эерэгээр нөлөөлж байна. Ер нь К12 экскаваторыг сонгож авч байгаагийн учир гэвэл нэгдүгээрт 10 метр кубын багтаамжтай шанага бүхий экскаваторын хүчин чадал 12.5 метр кубын багтаамжтай болж ирж байна. Хамгийн сүүлийн үеийн шинэ технологиор үйлдвэрлэгдсэн, цахилгааны эрчим хүчний зардлыг 30 хувиар бууруулна. Нөгөө талаар, манай Ил уурхайн анхны төсөлд нийцсэн, өөрөөр хэлбэл өндрийн хэмжээ зэрэг нь уурхайн мөргөцөгт тохиромжтой. Мөн хаврын угсарч ажилд гаргасан ЭКГ-К12 экскаваторын үйлдвэрлэлд өгч буй өгөөжийг харахад, бүтээмж нь хуучин ЭКГ-К10 экскаваторуудаас харьцангуй сайн, шанаганы хутгалтын өндөр нэмэгдсэнээр аюулгүй байдлыг хангах боломж ч илүү сайжирсан. Бас машинистын кабин давхар, цахилгаан эрчим хүчтэй болсноор тохилог тухтай, ажлын байрны нөхцөл дээшилсэн гээд давуу тал их байгаа” гэж уурхайн Ерөнхий инженер сэтгэл өндөр хариулсан юм.
Ил уурхайн засварын хэсэгт ажил “буцалж”, ажилтнуудын идэвх чармайлт оргилж байна. Тун удахгүй шинэхэн хүчит экскаватор уурхайгаа чимэн хөдлөх нээ.
М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн
Сэтгэгдэл үлдээх