Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Үйлдвэр“Бид манлайлагч 2019” уралдаан хоёр сарын турш үргэлжилнэ
Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод бүтээмж чанарын дугуйлангууд дундаа “Бид манлайлагч 2019” уралдаан зарлалаа. Сайн саналын системд оролцох ажилтны тоог нэмэгдүүлэх, бүтээмж чанарын зарим дугуйлангийнхаа үйл ажиллагааг идэвхижүүлэх, 5С ажлын байрны сайжруулалт хийх, заводын дэргэдэх инженерийн бус зөвлөлийг бүтээмжийн үйл ажиллагаанд татан оролцуулах зорилготой энэхүү уралдаан өнөөдрөөс эхлэн хоёр сарын турш үргэлжилнэ. Он гарсаар тус завод Сайн саналын системд 410 санал бүртгүүлснээс 50 хувийг нь хэрэгжүүлжээ. Бүтээмж чанарын дугуйлангийн 38 төслөөс 15-ыг нь бүтээлч төслөөр бүртгүүлж, 13 төсөлд жижиг сайжруулалтын ажлууд хийж байгаа талаар Бүтээмжийн мэргэжилтэн Г.Навчаа мэдээллээ. Тэрээр, Сайжруулалтын санал гарснаар тухайн ажилтны ажлын байрны нөхцөл сайжрах, бүтээмж дээшлэх, ажилдаа ирэх хандлага өөрчлөгдөх хэд хэдэн давуу талтай болохыг тайлбарласан.
Одоогоор Засвар механикийн заводын 46 дугуйлангийн 70-аад хувь нь идэвхитэй ажиллаж, үйлдвэрийн хэмжээнд шинэлэг санаа, чанарын үзүүлэлтээрээ өрсөлдөж байна. Үйлдвэрийн бүтцийн нэгж бүрт бүтээмжийн мэргэжилтэн ажилладаг. Тэд дугуйлангийн ажилтан бүрээс ирсэн саналыг программд бүртгэн, саналыг шүүх, хянах, зөвшөөрөл олгох, хэсгийн даргад мэдэгдэх, үнэлүүлэх, сарын эцэст тайлан гаргах, урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байна. Санал санаачилгыг “Маш сайн”, “Сайн”, “Энгийн” гэж ангилах бөгөөд тооноос илүүтэй чанарын үзүүлэлт нь чухал байр эзэлдэг тухай санууллаа. Тус заводын Загварын хэсгийн ажилтан Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн онд “Сайн саналын систем”-ийн 58 дугаарт жагсаж, шилдэг 100 манлайлагчийн нэгээр тодорч байсан бол энэ жил “Сайн саналын систем”-ийг манлайлж байна.
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
Сэтгэгдэл үлдээх