Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Үйлдвэр“Discover Mongolia-2019”-д Эрдэнэт үйлдвэр хамтран зохион байгуулагчаар оролцож байна
Уул уурхайн салбарын бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид нь нэг дор цуглуулдаг "Дисковер Монголиа" чуулган Улаанбаатар хотод 17 дахь удаагаа нээгдлээ. Энэ жилийн чуулганд БНХАУ, ОХУ, Канад, Австрали зэрэг 10 гаруй улсын 500 гаруй төлөөлөгчид оролцож, салбарын хөгжил, гадаад харилцааг хэрхэн үр дүнтэй өргөжүүлэх чиглэлээр санал бодлоо хуваалцаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ жил тус чуулганы хамтран зохион байгуулагчаар оролцохын зэрэгцээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнийхээ дээжийг танилцууллаа. Тус үйлдвэрийн Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэр, ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Цагаан-Эрдэнэ, Хөгжлийн хэлтсийн орлогч дарга Б.Батжаргалсайхан тэргүүтэй 10 гаруй мэргэжилтнүүд хамт олноо төлөөлөн оролцож байна.
Монгол улсын нийт экспортын 87 хувь нь уул уурхайн салбараас бүрддэг бол аж үйлдвэрийн үйлдвэрлэлээс олдог нийт орлогын 72 хувийг мөн л уул уурхай дангаараа эзэлж байна. Тиймээс “Дисковер Монголиа” чуулган Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарт баримталж буй бодлого, хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг онцлов. Чуулганы үйл ажиллагааг нээж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар “Монголын уул уурхайн компаниудад өрсөлдөх чадварыг бий болгох нь” сэдэвт илтгэл тавьлаа. “Монгол улсын эрдсийн салбарт хөрөнгө оруулах нь” үндсэн хуралдаанаар эхэлж, “Төслийн үнэлгээ хөгжлийг дэмжих нь”, “Монгол Улсын хөгжлийг дэмжих нь” салбар хуралдаануудаар үргэлжилж байна.
“Дисковер Монголиа” нь Монголын уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт шинэ хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, шинэ санал, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх оновчтой гарц шийдэл зэрэг чиглэлээр салбарын мэргэжилтнүүд олон талаас нь ярилцаж, хэлэлцэх боломжийг нээж өгдөг талбар юм. Уул уурхай, эрдэс баялгийн салбарынхан геологи хайгуулын өнөөгийн байдлыг нухацтай хөндөж, бодлогын ямар шинэчлэлийг хэрхэн хийх талаар зөвлөлдөж байна. Мөн Эрчим хүчний салбарын бодлогод анхаарал хандуулж, метан, нар салхины нөөц зэрэг эрчим хүчний шинэ үүсвэрийн тухай асуудлыг салбар хуралдаанаар хэлэлцэх юм.
Э.Мөнх-Уянга
Сэтгэгдэл үлдээх