Мэдээ мэдээлэл

Д.БАЙГАЛ: Үйлдвэрийнхээ хөгжилд сэтгэл дүүрэн яваа ахмадууддаа талархах учиртай

access_time 2019-10-01

   НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан байдаг. Эрдэнэт үйлдвэрийн халуун ам бүлд багтсан 2400 орчим ахмад настан бий. Баярын өдрийг тохиолдуулан Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгалтай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

    - Танд баярын мэнд хүргэе. Аз жаргалтай, баяр бахдалтай энэ өдрийн тань сэтгэгдлээс хуваалцмаар байна?
  - Үйлдвэрийн ахмадын байгууллага жил ирэх бүр хүрээгээ тэлсээр байна. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг барьж байгуулсан, бүтээн байгуулалтын ажилд оролцсон хүмүүс эдүгээ тэтгэвэртээ гарч, гарын шавь нарынх нь “нуруун” дээр үйлдвэр ажиллаж байна.  Ахмадын нэгдсэн зөвлөл  2400 гаруй ахмадтай, Баяжуулах үйлдвэрээсээ ч том хамт олон бүрдлээ. Хүн ер нь хэний ч өмнө бахархах бүтээсэн зүйлтэй, залуучууддаа хэлэх үгтэй, шүүмжлэх эрхтэй байх сайхан. Эрдэнэтийн-Овоотой хувь заяагаа холбосондоо баярлаж, барьж байгуулсан үйлдвэрийнхээ хөгжилд сэтгэл дүүрэн яваа ахмад үеийнхэндээ талархах учиртай. Эрдэнэт үйлдвэрээс ахмадынхаа талаар хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаанд бид сэтгэл хангалуун байна. Учир нь, Монгол улсын хаана ч хэрэгжүүлээгүй  “Нэмэгдэл тэтгэвэр”-ийг Эрдэнэт үйлдвэр ахмадууддаа олгодог болсон. Ахмад настны тухай Монгол улсын хуулийн бүх заалтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байгаа үйлдвэр гэж хэлж болно. 

  Үйлдвэрийн ахмадын байгууллагын хувьд үйлдвэрээс ахмадын талаар цаашид баримтлах бодлого шийдвэрт тусгуулах, хамтарч хэрэгжүүлэх ажлын санал боловсруулж цаг тухай бүрт нь танилцуулж ажилладаг. Мэдээж ахмадуудынхаа эрүүл, урт наслах арга ухаанд нь чиглэсэн олон талын сургалт, сурталчилгаа, эрүүл мэнд, урлаг, соёл, спортын олон талын ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Бид саяхан үйлдвэрийн захиргаа, ахмадын байгууллагын 2019-2020 оны хамтын ажиллагааны саналын төсөл боловсруулж, Ерөнхий захиралд танилцуулан, урьдчилсан байдлаар зөвшилцсөн. Энэхүү зөвшилцлийн эхний алхам болгож Олон Улсын Ахмадын баяр, ахмадын өдрийг тэмдэглэхэд зориулан үйлдвэрээс ахмад настан бүрт олгодог 45000 төгрөгийг өнөөдрөөс 100 мянган төгрөг болголоо.

    - Өндөр насны тэтгэвэртээ гарсан хүмүүсийн хувьд Ахмадын баяраар хамгийн их хүлээдэг зүйл нь юу байдаг бол?
   - Ахмад настан хүүхэд хоёр адилхан гэдэг. Бага юманд их баярлаж, хүний санаанд оромгүй өчүүхэн зүйлд голдоо ортол гомддог. Ажиллаж байсан цех хэсэг, ажлын байр, хамт олноо их санана. Тиймээс тэдэнд сэтгэл, урам, хандлага, харьцаа, анхаарал халамж хэрэгтэй байдаг юм. Халамжийн бодлогын хувьд манай улс дэлхийд дээгүүр орно. Харин хүн бүр дээр хэрэгжүүлэх сэтгэл дутаад, хандлага хүйтдээд байх шиг. Цех, нэгжийн удирдлагууд  жил бүр ахмадаа хүндэтгэн хүлээж авч, алган дээр нь бэлэг тавих гэж хичээцгээдэг. Мэдээж, настай хүнд хүндлэл сайхан ч анхаарал халамж илүү чухал байдаг юм шүү. Үйлдвэрлэлд төвөг учруулалгүйгээр ганц нэгээр нь хүлээн авч, ажиллаж байсан ажлын байран дээр нь залуучуудтай нь танилцуулах, захиа даалгаврыг нь хэлүүлж, гэрт нь хүргэж өгөх, амьдрал ахуйтай нь танилцах, өвлийн бэлтгэл, галын болон цахилгааны аюулгүй байдлыг нь шалгаж туслах, цайг нь хамтдаа ууж амьдралын асуудлыг нь сонсох хэрэгтэй. Очно гээд бэлдүүлж, зовоож хэрэггүй. Өнгөрсөн жилээс Уурхайчин соёлын ордны уран бүтээлчид маань хамгийн мөлжүүртэй гэсэн уран бүтээлээ ахмадын баярт зориулан үнэ төлбөргүйгээр үзүүлдэг болсон. Ноднин жил “Учиртай гурван толгой” дуурь үзүүлсэн бол энэ жил ахмадуудын сэтгэлд нийцсэн сайхан концерт бэлтгэж үзүүллээ. Цогцолбор, чуулгынхаа залуучуудад их баярлаж байна. Уран бүтээлийн улам их амжилт хүсье.
 

   - Олон нийтийн байгууллагад нэг хүний санал ч үнэ цэнэтэй гэж бодож байна. Нийт ахмадынхаа дуу хоолойг хэрхэн сонсож байна вэ?
   - Бид “1000 ахмадын чуулга-уулзалт”-ыг 2 жил тутам зохион байгуулдаг. Энэ чуулганаар дараагийн 2 жилд ахмадын талаар баримтлах бодлого, хийх ажлуудаа үйлдвэрийн захиргаатай хамтран төлөвлөдөг давуу талтай. Бид дэвшүүлж буй саналуудаа үр дүнтэй, үндэслэл сайтай байлгахын тулд өмнөх жилийн төгсгөлд ахмад настан бүрт шуудангаар захидал илгээдэг. Алаг дугтуйтай захиандаа ажлын тайлангаас гадна эрүүл урт наслахад та юу хийж байна, хэрэглэгээний давс чихрээ багасгаж байна уу, биеийн жингээ хянаж байна уу, ажил эрхэлмээр байна уу, хүүхэд харж байна уу гэх мэт сэтгэлзүй, социологийн судалгааны хуудас явуулж ирсэн. Энэ нь ч ахмадууд юу хүсэж байгааг гаргаж ирдгээрээ илүү үр дүнтэй байна. Асуулгынхаа үр дүнг багцалж, үйлдвэрийн захиргаанд танилцуулан, “1000 ахмадын чуулга-уулзалт”-аар гаргах шийдвэрийн үндсэн чиглэлээ гаргаж авдаг. Тухайлбал, 2018 оны чуулга-уулзалтаар үйлдвэрээс олгодог нэмэгдэл тэтгэврийг 2005 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон, бага тэтгэвэртэй ахмадад 50 хувиар, энгийн тэтгэвэртэй ахмадад 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Бидний төлөвлөж байгаа ажил бүхэнд ахмадын санал тусгалаа олж байгаа.

   - Өнөөдөр та бүхэнд тулгамдсан асуудал бий юу? Таны хувьд ахмадын төлөө юу хийхээр зорьж явна вэ?
   - Манай ахмадуудад тулгамдсан асуудал харьцангуй бага. Үйлдвэр маань анхнаасаа нийгмийн өндөр хариуцлагатай байж, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг төгс шийдэж ирсэн нь өнөөдөр харагдаж байна. Эрдэнэт уул, үйлдвэрийн минь буян их. Шунал ихэдвэл шулам болно гэдэг дээ. Энэ үйлдвэр, хотыг барьж байгуулалцсан, илгээлтийн эзэд, анхдагчид, зохион байгуулалттай болон чөлөөт элсэлтийнхэн гээд хамт зүтгэж, хөгжилдөж явсан олон мянган ахмад настан харьяалах газаргүй, харьяалах газартай ч анхаарал халамж багатай явцгааж л байна. Мэдээж, бид дутуу зүйлээ засч боловсронгуй болгох, хүрсэн түвшингээ инфляцын өсөлтөд унагачихгүй байх ёстой.

   Үйлдвэрийн захиргаа-Ахмадын нэгдсэн зөвлөлийн хамтын ажиллагааны төлөвлөгөөний төслийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ахмадууд юу хийж болох вэ гэдэгт бид гаргалгаа хайж байна. Төрөлх үйлдвэрийнхээ ажилд өөрсдийн мэдлэг чадвар, туршлагаа дахин харуулж, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” үзүүлэн, залуучууддаа туслах боломж бололцоо манай ахмадуудад бий. Цех, нэгжийн удирдлага өөрийн ахмадуудын шавхагдаагүй боломжийг ашиглахын тулд ийм санаачилга гаргавал хамтран шийдвэрлэх, залуучууддаа  мэдлэг, туршлага өвлүүлэхэд тэд бэлэн байна. “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ”-г инженер, эрүүл мэнд, боловсрол, төрийн албаны гэх мэтээр ажил, мэргэжлийн чиглэлээр бүх шатанд хэрэгжүүлэх боломжтой.

    - Хийе гэсэн зүйлсээ дэмжүүлэх боломж бололцоо нь өнөөдөр хэр байна вэ?
   - Улс орны хэмжээнд, уул уурхайн салбарын хэмжээнд ахмадуудын хувьд хүндрэлтэй олон асуудал бий. Хаагдсан өдий төдий уурхай байна. Тэнд ажиллаж байсан ахмадууд харьяалах газаргүй, хүлээж аваад цай өгөх хамт олон гэж алга. Тэдэнтэй харьцуулахад бид хамаагүй илүү боломжтой. Ерөнхийдөө Монгол Улсын хэмжээнд ахмадын талаар баримтлах бодлого хуулиар өндөр хамгаалагдсан. Зарим оронтой харьцуулахад бид хангамж, халамжийн үйлчилгээг хамаагүй өндөр түвшинд авах бололцоотой болсон. 

  Манай ахмадын нэгдсэн зөвлөлийн ажлыг удирдаж явуулахын тулд үйлдвэрийн үе үеийн захирлууд, Ерөнхий захирлуудтай учир байдлаа олж, асуудлаа шийдүүлээд л явж байна. Ахмадын асуудлыг жагсаж, хашгирч, мэдэгдэл, гомдол бичиж, ахмадын тайван амгалан байдлыг алдагдуулах бус үйлдвэрт хүнд ачаа болохооргүй, шат дараатайгаар шийдвэрлэхэд анхаарч ирлээ. Эрдэнэт үйлдвэрийн ахмадууд маань хотын ахмадуудаас хамаагүй өндөр түвшинд хангагдсан.  Манай ахмадууд тэр хэмжээгээрээ аливаа асуудалд зангарагтай, төв, тэвчээртэй, хүнлэг ханддаг гэж би боддог. Зарим хүн “Тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй байна” гэж ярьдаг. Би үүнийг арай өөр өнцгөөс харж, бусдыг ч тэгж хараасай гэж боддог. Олох ухаанаасаа илүү зарах ухаантай байх хэрэгтэй юм. Хамгийн бага тэтгэвэртэй хэрнээ олон хүүхэдтэй айл алийг тэр гэхэв. Байгаагийн зоргоор үрэн таран хийдэг хүмүүст хэчнээн ч мөнгө байгаад нэмэргүй, мөнгөний хомсдлоос гадна сэтгэлийн хомсдол зулгаасаар байх болно. Тэгээд ч төрийн дампууралтай улс оронд ахмад хүн амар амгалан суух арга алга. Энэ ахмадууд тэтгэврээ өөртөө зарцуулдаг уу гээд судлаад үзэхээр бас л сонин.  Ихэнх нь тэтгэвэрийн зээлтэй, түүнийгээ үр хүүхэд ач зээ нарынхаа тулгамдсан асуудлыг л шийдэхэд зарцуулж байна. Тэдэнд үйлдвэрээс олгож байгаа нэмэгдэл тэтгэвэр л гарт ирдэг мөнгө нь болоод байгаа юм.

   - Таны үеийнхэн залуудаа мөрөөдөж байсан тэр амьдралыг өнөөдөр бүтээж чадсан уу? Магадгүй, тэр төсөөллөөс давсан ч байж болох юм?
   - Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн бүтээн байгуулалтын хувьд бол бид мөрөөдсөндөө хүрч чадсан. Ёстой л уулыг нүүлгэж, усыг эргүүлнэ гэж сэтгэдэг байсан. Тэр үеийн залуучууд их хүсэл мөрөөдөл, цагаан сэтгэл, итгэл үнэмшилтэй байж, улс орныхоо хөгжилд оруулах хувь нэмрийн төлөө зүтгэдэг байж. Бидний үеийнхэн үйлдвэр, хотоо хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байна. Нэг бодол, нэг тэмүүлэлтэй бүхэл бүтэн нэг үеийнхнийг бий болгосноо одоо л анзаарлаа. Үйлдвэрээ байгуулж, эзэмшиж, шинэчилж, зууны манлай бүтээн байгуулалт, дэлхийн шилдэг аж ахуйн нэгж болгож ажилласан бидний үеийнхний хамт олон, зохион байгуулалт, сэтгэл зүтгэлээр ажиллавал өнөөгийн Монгол улсын өөрчлөлт, шинэчлэлт, хөгжил дэвшил, ялалт хоромхон хугацааны ажил юм шүү дээ. Улс орноо гэсэн сэтгэл, зохион байгуулах чадвар, бүтээх, арвижуулах чин хүсэл л Эрдэнэтчүүдийн БРЕНД гэж би хэлнэ. Эрдэнэт үйлдвэрийн хамт олны тэр үнэт зүйл, сэтгэл зүтгэл Монгол улсын хөгжлийн шинэ эхлэлийн хөдлөх хүч, түүчээ болох байх гэж бид итгэж, мөрөөдөж явна. Хоосон мөрөөдөхгүйн тулд бид өнөөдрийн төрсөн хүүхдүүдийг боловсролын зөв бодлогоор сургаж, тэдний үеийн ЗӨВ монгол улсад хүрэхэд 30-аад жил байна. Энэ нь уулын уруу алдсан чулууг буцаан өнхөрүүлж авч ирэхтэй агаар нэг юм.

   - Сүүлийн асуултаа танд үлдээе. Баярын өдөрт зориулан ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?
   - Зууны манлай бүтээн байгуулалтын эзэн, мөнхөд дуурсагдах их гавьяатан, ахмад та мэлмий тунгалаг, өлмий бат оршиж, хэнээс ч, юунаас ч үл хамааран эрүүл, аз жаргалтай урт наслах болтугай.

   - Танд баярлалаа. Эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

 

Ярилцсан И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Сэтгэгдэл үлдээх