Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right ҮйлдвэрӨнөөдрийг бүтээсэн алдар гавьяатнуудаа Эрдэнэтчүүд мартахгүй
Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтад гар бие оролцсон анхдагч, илгээлтийн эздийг хамруулсан “1000 анхдагч, илгээлтийн эздийн чуулга” өнөөдөр болж байна. “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-аас санаачилсан энэхүү үйл ажиллагааг Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэтийн анхдагч, илгээлтийн эздийн холбоо” ТББ хамтран зохион байгуулж, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Чуулганы үеэр хотынхоо хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж, залуу халуун насаа бүтээн байгуулалтын он жилүүдэд зориулсан ахмад үеийнхнээ шагнаж урамшуулсан юм.
Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор Ц.Чимэдбалдир, БТС-ын тэргүүний ажилтнаар С.Халтар, “Осолгүй манлай” жолоочоор Д.Баяраа, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар Д.Эрдэнэчимэг, Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтнаар Ч.Мөнхжаргал, Хөдөлмөрийн тэргүүний ажилтнаар Ш.Энхбат, Эрчим хүчний тэргүүний ажилтнаар Б.Ичинхорлоо, УУХҮЯ-ны жуух бичгээр Л.Норов, Орхон аймгийн 40 жилийн ойн медалиар С.Оюунгэрэл, Орхон аймгийн Хүндэт тэмдгээр Д.Давааням, С.Батнайрамдал, Д.Хандсүрэн, Г.Эсмэдэх, Н.Лхагвасүрэн, С.Нанжид, Т.Гонгор, Засаг даргын жуух бичгээр Д.Гармаа, Ахмадын холбооны хүндэт тэмдгээр С.Эрдэнэсүрэн нарыг тус тус шагналаа.
Ахмад үеийнхний хөлс хүч, хөдөлмөр бүтээлээр сүндэрлэн боссон Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр цэцэглэн хөгжиж байна. Маргаашийн гэрэлт наран дор тэнхлүүн, өөдрөг алхах тэнхээг хайрласан ахмад үеийнхэндээ бид талархах учиртай. Ахмадын чуулга уулзалт нь энэ цагийн өвөө эмээ, эгэл жирийн ахмадад зориулсан хэдий ч тэд бол өнөөдрийг бүтээсэн алдар гавьяатан, бахархан дуурайх үйлстнүүд билээ.
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.БАТМӨНХ: Бид түүхийг цаг хугацааны эрхээр үргэлжлүүлж явна
- Эрдэнэтчүүддээ болон Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг үүсгэн байгуулсан нийт ахмадууддаа Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олны өмнөөс Олон Улсын Ахмадын эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье. Эрдэнэтийн-Овооны орд газрыг нээсэн ахмадууд маань эдүгээ хийсэн бүтээсэн зүйлтэй, 100 гаруй мянган хүн амтай хотыг бий болгон, өдий зэрэгт хүргэсэн үйлдвэрээ хойч үеийнхэндээ хүлээлгэн өглөө. Бид түүхийг цаг хугацааны эрхээр үргэлжлүүлж явна. Ажиллах нөхцөл бололцоог хангаж өгсөн анхдагч, илгээлтийн эзэддээ талархаж, үйл хэргийг нь үргэлжлүүлэх чиглэлээр үйлдвэрийн үе үеийн удирдлагууд техник, технологийн шинэчлэл хийж, жил ирэх тутам шинэ дээд амжилт тогтоож байгааг дуулгахад таатай байна. Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100 давсан хувиар биелүүлж, уурхайн ашиглалтын хугацааг уртасгаж, өртөг зардлаа бууруулж, урт удаан хугацаанд эдийн засгийн үр ашигтай ажиллахад анхааран олон шинэ төслийг хэрэгжүүлж эхэллээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд геологи хайгуулын зардлаа өсгөж, эрэл хайгуул хийснээр нөөц баялгийг 20 орчим жилээр нэмэгдүүлж чадлаа. Энэ бүхний суурийг тавьж өгсөн ахмадууд та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ахмад настан Ц.ДАВААЦЭДЭВ: Төрсөн нутагтаа сайхан л амьдарч явна
- Би Эрдэнэт үйлдвэрийн Эмнэлэг сувиЛлын албанд 12 жил нярваар ажиллаад тэтгэвэртээ гарсан. Цехийн ахмадын зөвлөл бидэнтэй байнга эргэх холбоотой ажиллаж, амралт зугаалганд хамтдаа явцгааж байна. Үйлдвэрийн газраас ажилчдад зориулсан олон бодлого хэрэгжүүлж байгааг сонсоод баярлаж сууна. Би Булган аймгийн уугуул. Төрсөн нутагтаа сайхан л амьдарч явна. Би 2003 онд тэтгэвэртээ гарсан. Тэр үед одоо үетэй адил 36 сарын цалинтай тэнцэх тэтгэвэр авч байсангүй. Мөнгөний ханш ч бага байж. Миний тэтгэвэр гэхэд 300 мянган төгрөгөөр тогтоогдсон. Дээр үед тэтгэвэрт гарсан ажилчиддаа буцалтгүй тусламж хэлбэрээр нэг удаагийн нэг сая төгрөгийг үйлдвэр маань өгвөл сайхан л байна.
Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-ны анхны дарга асан Н.ЭНЭБИШ: Залуучуудыг уриалан дуудах бүхий л ажлыг Үйлдвэрчний эвлэлийн байгууллага хариуцдаг байлаа
- Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулахад оролцсон анхдагчид болоод илгээлтийн эздийн чуулга уулзалтыг зохиож байгаа нь сайн үйл хэрэг юм. Баяртай байна. Миний бие 1974 оны 10 дугаар сарын 3-нд ирж, тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллаж байлаа. Эрдэнэтийг бүтээн байгуулахаар тухайн үед ирж байсан олон мянган залуучуудыг уриалан дуудаж, өрнүүн сайхан ажиллах бүхий л ажлыг Үйлдвэрчний эвлэлийн байгууллага хариуцдаг байсан юм. Эдгээр нь өөрийн гэсэн өнгө аястай, одоо ярихад хуучны мэт боловч хөдөлмөрийн идэвх санаачилгыг өрнүүлэх нь тухайн үедээ хамгийн чухал ажил байлаа. Өнөөдөр цаг үе өөр болжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, ажиллах орчин нөхцөл, ахуй хангамжийг сайжруулах, цалин тэтгэмжийг нэмэгдүүлэх гээд олон талт цогц арга хэмжээг Үйлдвэрчний эвлэлийн холбоо хариуцан ажиллаж байна. Тодорхой нэг жишээ нь ажил олгогчтой байгуулж буй “Хамтын гэрээ” юм. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн дараа ордог, албан ёсны маш том эрхийн хууль, акт гэж үзэж болно. Нийгмийн бодлого, ахуй хангамжийн бүхий л асуудал үүнд багтсан болохоор зөв замаараа явж байгаа гэж хардаг. Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр хэмээх энэ том цогцолборыг барьж байгуулахад гар бие оролцохоор тал бүрээс хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа баярын мэнд хүргэе.
Ахмад настан Б.ИЧИНХОРЛОО: Өнөөдөр маш их баяртай байна
- Эрчим хүчний салбарын “Тэргүүний ажилтан” шагнал авлаа. Өнөөдөр маш их баяртай байна. Миний бие 1974 онд МХЗЭ-ийн илгээлтээр Булган аймгаас ирж, Эрдэнэт үйлдвэрт цахилгаанчнаар ажлын гараагаа эхэлсэн. АИХ-ын депутат Балдандорж, Борхүү гээд олон сайхан хүнтэй хамт ажиллаж байлаа. Хааяа үеийнхэнтэйгээ уулзаж, залуу үеэ дурсан суухад сайхан байна. “Анхдагч илгээлтийн эздийн холбоо”-ноос хийж байгаа ажлуудад сэтгэл хангалуун явдаг. Цаашдаа олон сайхан ажлууд зохион байгуулна гэдэгт итгэж, хүлээж байна.
Ахмад настан Д.САНЖХҮҮ: Бидний үед ийм хөгжлийг мөрөөддөг байлаа
- МХЗЭ-ийн илгээлтээр Эрдэнэтэд ирж, 1978 онд үйлдвэр ашиглалтад ороход л ажиллаж эхэлсэн залуучуудын нэг. Автотээврийн байгууллагад БелАЗ-ын жолоочоор ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан. Цаг үе сайхан болжээ. Бидний үед ийм хөгжлийг мөрөөддөг байлаа. Дэлхийд данстай Эрдэнэт үйлдвэрээ хөгжүүлж, улам сайхан ажиллаарай л гэж өнөөгийн залуучууддаа захья. Мөн энэ дашрамд гар нийлэн ажиллаж байсан хамт олондоо урт удаан наслаарай гэж ерөөе.
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
Сэтгэгдэл үлдээх