Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right ҮйлдвэрЭрдэнэт үйлдвэрийн эрчим зүйчид зөвлөлдлөө
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүчний чиглэлийн ажилтнууд хуралдаж, цаг үеийн ажил болон эрчим хүчний хэмнэлтийн бодлого, түүнд холбогдох хууль дүрмийн танилцуулга, цаашдын зорилт үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцов. Тус үйлдвэрийн хэмжээнд 1500 гаруй хүн эрчим хүчний чиглэлээр ажилладаг. Уг хуралд оролцсон удирдлага, төлөөллөөр дамжуулан тэдэнд эрчим хүчний салбарын холбогдох мэдээллийг шуурхай, зөв хүргэх зорилгод энэ удаагийн зөвлөгөөн чиглэгджээ. Нөгөө талаас цаашид баримталж ажиллах чиг, бодлогоо энэ үеэр тодорхойлж, санал бодлоо солилцох юм. Тухайлбал, эрчим хүчний хэмнэлтийг үйлдвэрийн хэмжээнд хэрхэн нэг бодлогоор зангидах, бүтцийн цех нэгжүүд ямар үүрэг, санаачилгатай ажиллах зэргээр ярилцсан байна.
Уг хуралдаанаас гарах үр дүнгийн талаар Эрчим хүчний хэлтсийн дарга, Ерөнхий Эрчим зүйч Ш.Төрбат “Эрчим хүчний үнэ тариф их нэмэгдсэн. Эрдэнэт үйлдвэрийн хувьд гэхэд цахилгаан эрчим хүчний зардал үнэ нэмэгдээгүй байх үеийнхээс 20 тэрбум төгрөгөөр нэмэгдээд байна. Ирэх жил 36 тэрбум төгрөгт хүрэх тооцоо гарсан. Тэгэхээр зардал өсөж байгаа энэ үед хэмнэлтийн бодлогыг үр ашигтай хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай. Тиймээс бид энэ удаагийн хурлаар хэмнэлтийн асуудлаар нухацтай ярилцаж, үнэ тариф нэмэгдэх шалтгаантай уялдуулан үйл ажиллагаагаа цаашид яаж үргэлжлүүлэх вэ гэдэгт саналаа нэгтгэнэ. Түүнчлэн математик загварчлал, компьютер симуляци зэрэг чиглэлээр залуу эрчим зүйчдээ мэргэшүүлж, бодит хэрэглээнд гарч буй өөрчлөлтийг компьютер загварчлалд оруулан оновчтой санал боловсруулна. Энэ жил Цахилгааны цех, Ус хангамжийн цех, Баяжуулах үйлдвэр зэрэг нэгжүүд дээр илтгэлийн уралдаан, программ хангамжийн загварчлал гаргах сургалтууд зохион байгуулсан. Улаанбаатар хотоос мэргэжлийн багш нар урьж, хичээл заалгасан. Эдгээрт тулгуурлан, ажил мэргэжлийн томоохон уралдаан зарлана. Ингэснээр залуу ажилтнууд шинэ түвшинд ажиллах, хэмнэлтийн хуучин арга барилыг өөрчлөх боломж бүрдэнэ” гэж ярилаа.
М.Балжинням
Фото: Ш.Лхамсүрэн
Сэтгэгдэл үлдээх