Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right ҮйлдвэрАврагчид тактикийн сургуулилтад бэлэн байдлаа шалгууллаа
Эрдэнэт үйлдвэрийн Аврах, гал унтраах 58-р анги, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Гэрээт цагдаагийн хэлтсийн хамтарсан гуравдугаар улирлын тактикийн сургуулилтад аврагчид бэлэн байдлаа шалгууллаа. Энэ удаа Тээвэр, ложистикийн төвийн нефть баазын хэсэгт байрладаг 2000 метр куб багтаамжай 4-р саванд гал гарч, газар хөдлөлтийн улмаас осолдогч гэмтсэн өгөгдлийн дагуу аврагчид ослын газарт ирж ажилласан юм. Анхны тусламжийн бүлгийнхэн осолдогчийг эмнэлгийн байгууллагад хүргэж, гал унтраах ажиллагааг богино хугацаанд амжилттай гүйцэтгэлээ. Улирал тутам гал түймэр, гамшгийн бэлэн байдлаа шалгаж, аврагчдын ур чадварыг үнэлэх нь арга тактикаа сайжруулахад ихээхэн түлхэц болдгийг удирдлагууд хэлж байна. Гал гарсан объект дээр ажиллах машин техник, тоног төхөөрөмж, шугам хоолой, хүн хүч гээд бүхий л зүйлийн бэлэн байдлыг шалгаснаар тактикийн сургуулилт өндөрлөсөн юм. Гуравдугаар улирлын тактикийн сургуулилтад Орхон аймгийн Онцгой байдлын газрын 30-аад офицер хүч нэмэгдүүлэн оролцсон. Команд штабын сургуулилтаар офицерууд гал унтраах ажиллагаанд оролцож, танхимын сургалт, аргазүйгээр хангагдлаа.
Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.ГАНБААТАР: Бид “Хамтын гэрээ”-г хэрэгжүүлэн ажиллаж байна
- Өнөөдрийн зохион байгуулсан тактикийн сургуулилтыг Та хэрхэн дүгнэх вэ? Эрдэнэт үйлдвэрийн гал унтраах 58-р анги, аймгийн Онцгой байдлын газар ямар уялдаа холбоотой ажилладаг талаар мэдээлэл өгөхгүй юу?
- Эрдэнэт үйлдвэр, Онцгой байдлын байгууллага нь онцгой байдлын ажилтан, албан хаагчдын Хөдөлмөрийн харилцааны эрхзүйн хэм хэмжээг хамтын ажиллагааныхаа хүрээнд зохион байгуулсаар ирсэн. 1978 онд Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл үйлдвэрийг галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймрийг унтраах, Монгол Улсад мөрдөгдөж байгаа гамшгаас хамгаалах хууль, эрхзүйн актуудыг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх, түүнд тавигддаг шаардлагуудыг хамтарсан байдлаар зохион байгуулах үүрэг бүхий “Хамтын гэрээ”-ний дагуу Онцгой байдлын газар ажиллаж байна. Аливаа үйл ажиллагаанд бэлэн байх нь маш чухал. Өнөөдрийн шатах тослох материалын агуулах, гал унтраах аврах ангиудын хоорондын хамтын ажиллагаа нь “Хамтын гэрээ”-нд заасан үүргийнхээ дагуу боллоо. Энэ төрлийн сургуулилт нь аврагчид хамтран ажиллах, арга тактикаа боловсруулах, техникийн нөхцөл байдал, түүнд хэрэглэгдэж байгаа багаж хэрэгсэл, тэдгээрийг ажиллуулж байгаа алба хаагчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгааг үзэж танилцдагаараа давуу талтай.
- Орхон аймгийн Онцгой байдлын газраас хийж хэрэгжүүлж байгаа шинэлэг ажлууд юу байна вэ?
- Аймгийн хэмжээнд хэд хэдэн төрлийн зохион байгуулалттай арга хэмжээ авч, гэр хороололд гарч байгаа гамшиг, ослыг бууруулах зорилгоор гал унтраах хоёр ангийг шинээр байгуулсан. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр үе шаттай техникийн шинэчлэлийг 58-р ангид хийж байна. Энэ онд шинэ техникээр хүч нэмсэн нь бидний хувьд томоохон хөрөнгө оруулалт боллоо.
Нефть баазын хэсгийн цахилгаан механикч М.СҮХБААТАР: Манайхан хийх ёстой даалгавраа амжилттай биелүүллээ
- Тээвэр Ложистикийн төвийн нефть баазын хэсэг төлөвлөгөөний дагуу жил бүр Аврах, гал унтраах 58-р ангитай хамтарсан сургуулилт хийдэг. Энэ удаа 58-р анги болон Онцгой байдлын газартай хамтран тактикийн сургуулилт хийсэн нь том хэмжээний ажиллагаа боллоо. Нефть бааз хэсгийн гал унтраах, анхны тусламжийн бүлгэмийнхэн 18 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, хийх ёстой даалгавраа амжилттай биелүүлсэн. Бид өнгөрсөн жил Нефть баазын “1000 метр кубын багтаамжтай 1-р саванд гал түймэр гарлаа” гэсэн дуудлагын дагуу ажилласан. Манай бааз шатах тослох материал агуулдаг тул гал гарах хамгийн их эрсдэлтэй бүсэд тооцогддог юм. Тиймээс цех, хэсгийн хамт олон маань ямар нэг аюул, гамшгийн үед үргэлж бэлэн байх ёстой. Энэ ч утгаараа жил бүрийн сургалтандаа амжилттай оролцож, өнгөрсөн жилийн мэдлэгээ тэлж, амжилтаа ахиулж байна.
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
Сэтгэгдэл үлдээх