Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right ҮйлдвэрАхмад үеийнхний туршлагаас суралцах төслүүд 2020 онд хэрэгжинэ
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргаанд ажиллаж, өндөр насны тэтгэвэртээ гарсан 100 гаруй ахмад настан Сэлэнгэ амралтын баазад хоёр өдрийн турш амарч, хуучны дурсамжаа ярилцан, хамтдаа цагийг өнгөрүүлж байна. Жил бүр уламжлал болгон зохиож ирсэн ахмадын уулзалт сүүлийн дөрвөн жил тасраад байсныг Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяагийн дэмжлэгтэйгээр ийнхүү сэргээжээ. Дотоод хяналтын хэлтэс, Эдийн засгийн хэлтэс, Нийгмийн харилцааны хэлтсээс хамтран зохион байгуулсан ахмадын уулзалтыг ирэх жилээс илүү өргөн цар хүрээтэй зохиохоор төлөвлөж байна.
Эрдэнэт үйлдвэр өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудтайгаа эргэх холбоотой хамтран ажиллаж, ажил мэргэжлийн туршлагыг нь залуучуудад өвлүүлэхээр 2020 онд төслүүд хэрэгжүүлнэ гэдгээ Нийгмийн харилцааны хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Алтангэрэл энэ үеэр ярьсан юм. Ахмадууд ширээний теннис, биллъярд зэрэг спорт тоглоомын төрөлд шилдгүүдээ шалгаруулна. Эрдэнэт үйлдвэр төдийгүй эх орон, Монголын ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, гал цогтой залуу насаа бүтээн байгуулалтын он жилүүдэд үдсэн ахмад үеийнхэн эдүгээ хийсэн бүтээснээрээ бахархаж сууна. Ололт амжилтын түүчээ болсон тэднээс суралцах зүйл их бий. Уулзалтын үеэр зарим төлөөлөлтэй уулзан, сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Санхүүгийн хэлтсийн дарга асан Г.ГАЛБААТАР: Ажилдаа бүтээлчээр хандвал хүн юунд ч хүрч болно
- Ахмадын үг алт гэдэг. Залуучууддаа хандаж Та юу хэлэх вэ?
- Олон Улсын Ахмадын баярыг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэр ахмадуудаа хүлээн авч байгаад баярласнаа илэрхийлье. Үйлдвэр сайн сайхан ажиллаж байгаад ахмадууд бид баяртай байна. Хамт ажиллаж байсан нэг үеийнхэнтэйгээ уулзан, дурсамжаа хуваалцаж, сэтгэгдэл их өндөр байна. Хүн амьдралынхаа туршид өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн орчилд амьдарч, ажилладаг. Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан миний үеийнхэн солигдож, залуу үеийнхнээр шинэчлэгдлээ. Залуучууд маань юун түрүүнд үйлдвэрийнхээ нэр төрийг хамгаалж, үнэнч шударгаар ажиллаж, ажилдаа сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэр бол дэлхийд данстай томоохон үйлдвэр. Тиймээс үүх түүхийг нь сайн судалж, газрын хөрсөн дээр хэрхэн босож, ахмад үеийнхэн яаж ажиллаж байсныг залуучууд маань мэддэг байгаасай.
- Та Эрдэнэт үйлдвэрийн Санхүүгийн хэлтсийн даргаар дэвшин ажиллах хүртлээ ажилдаа ямар зарчим баримталж байв?
- Би 1979 онд Эрдэнэт үйлдвэрт ажиллахаар ирж, тасралтгүй 36 жил ажилласан. Энэ он жилүүд маань Эрдэнэт үйлдвэрийн Эдийн засаг, Санхүүгийн албанд өнгөрсөн байдаг юм. Тухайн үеийн хамтарсан үйлдвэрийн Төлөвлөгөөний хэлтэст эдийн засагчаар ажлын гараагаа эхэлж, дараа нь Хүдрийн ил уурхайд ахлах эдийн засагч, Эдийн засгийн хэлтсийн товчоон дарга, Санхүүгийн хэлтсийн даргаар тус тус ажилласан. Өндөр боловсролтой Оросын мэргэжилтнүүд маань халамжлан хүмүүжүүлэх хөдөлгөөний дагуу өндөр шаардлага тавьж, бид ч бие дааж, бүтээлчээр ажиллахад сайн суралцсан. Бүтээлч байна гэдэг маш чухал. Залуучууд маань ажилдаа бүтээлчээр хандвал юунд ч хүрч болдгийг ойлгоосой. Бидний сурсан мэдсэнийг үйлдвэр ашиглана гэвэл манай ахмадууд дуртайяа туслана. Ажил хөдөлмөр эрхэлж байх үедээ ямар ажлын туршлага хуримтлуулж байсан тухайгаа залуу үеийнхэнд зааж сургах боломжтой.
Импортын хэлтсийн дарга, Москвагийн төлөөлөгчийн газрын дарга асан Н.ЦЭРЭНЧИМЭД: Эрдэнэт үйлдвэрийн нэр төрийг гадаад оронд өндөрт өргөх үүрэг даалгавар авч байлаа
- Импортын хэлтсийн даргаар ажиллаж байх үед тань цаг үеийн нөхцөл байдал ямар байсан бэ?
- Миний амьдрал Эрдэнэт үйлдвэртэй ихээхэн холбоотой. Би 1979 онд ЗХУ-д сургууль төгсөж ирээд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны комплекс импорт нэгдэлд ажилласан. Эрдэнэт үйлдвэрийг байгуулах гээд Орос, Монголын хооронд олон гэрээ байгуулж байсан үе л дээ. Өөрөөр хэлбэл, тэдгээр гэрээний үр дүнг хянаж шалгахаар Эрдэнэтэд ирж ажилладаг нэгдэл гэж байлаа. Төр засгаас үйлдвэрийн үйл ажиллагааг цэгцлэх даалгавар өгч, миний бие 2000 онд Эрдэнэт үйлдвэрийн Импортын хэлтэс, одоогийн Хангамжийн хэлтсийн даргаар ажилд орсон. Эрдэнэт үйлдвэр тухайн үед импортоор 60 сая ам.долларын бүтээгдэхүүн авдаг байлаа. Даалгаврыг хэрэгжүүлэх үүднээс хэрэггүй бүтээгдэхүүнийг хязгаарлах, хэрэгтэйг нь худалдан авах, чанартай бүтээгдэхүүн, түүхий эдийг хямд үнээр авах ажлуудыг манай хэлтэс хариуцаж байсан. 2004 оноос Москвагийн төлөөлөгчийн газарт 6 жил ажиллаж, ингэхдээ Эрдэнэт үйлдвэрийн нэр төрийг гадаад оронд өндөрт өргөх үүрэг даалгавар авсан. Энэ үүргээ ч биелүүлсэн гэж боддог. Ахмад настны эгнээнд нэгдээд 7 жил болж байна.
- Үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагааны талаар ямар бодолтой явдаг вэ?
- Зууны манлай үйлдвэр шүү дээ. 100 хувь төрийн мэдлийн үйлдвэр болсон тул сайн ажиллана гэдэгт итгэж байна. Одоогийн удирдлагуудыг магтан сайшаамаар байна. Ахмадад хүрч байгаа тусламж дэмжлэг хангалттай. Өнөөгийн залуучууд үйлдвэрээ өөд нь авч явахын тулд судалгаа их хийх хэрэгтэй юм шиг санагддаг. Сэтгэлээрээ эх оронч байх хэрэгтэй. Гадныг тэтгэх бодлого барихгүй л байвал Эрдэнэт үйлдвэр Монголыг тэтгэсэн хэвээрээ байх болно. Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр өглөө бүр ажилдаа гарахдаа нэгд, ард түмэн, хоёрт, Монгол улс, гуравт өөрийн үр хүүхдийн төлөө ажиллаж байгаагаа ухамсарлах хэрэгтэй.
Ахмад настан Л.УРАНЧИМЭГ: Сайхан хамт олон дунд ажиллаж байсандаа баярладаг
- Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан үеэ эргэн дурсана уу?
- Ахмадын баяраа тэмдэглээд сайхан байна. Ерөнхий захиргааны өнөөгийн хамт олон биднийг хүлээн авч, удирдлагууд нь хүрэлцэн ирсэнд талархаж байна. 1994 онд Захиргаа аж ахуйн цехийн үйлчлэгчээр ажилд орж, 1999 оны 10 дугаар сараас Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст тоо бүртгэгч, нягтлан бодогчоор ажилласан. Үйлдвэрт 19 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Ахмадынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа. Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын зөвлөлийн байранд сар бүр зохион байгуулдаг цехүүдийн хуваарьт уулзалтандаа оролцож, жаргал зовлонгоо хуваалцан, мэдээллээ цаг тухайд нь авч байна.
- Үйлдвэрийнхээ хөгжил дэвшлийг хараад ямар бодол төрдөг вэ?
- Үйлдвэрийн анхдагч, ахмадууд бүгд л ЗХУ-д мэргэжил эзэмшиж ирсэн боловсрол өндөртэй хүмүүс байсан. Тэр сайхан хамт олон дунд ажиллаж байсандаа их баярладаг. Өнөөдөр мэдлэг боловсролтой сайхан залуучууд ажилладаг болжээ. Үйлдвэрийн техник технологи орчин үеийн хөгжлийг даган шинэчлэгдэж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонссон. Энэ бүхэн ирээдүй нь гэрэлтэй байгаагийн илрэл гэж бодож байна.
Москвагийн төлөөлөгчийн газрын дарга асан Г.ДАШ: Удирдлага нь зөв шийдвэр гаргаж, ажилтнууд нь ажилдаа хариуцлагатай байгаасай
- Хамт олонтойгоо уулзаад сэтгэгдэл хэр өндөр байна вэ?
- Биднийг уулзуулж, баяр тэмдэглэж байгаа нь сайхан байна. Би Улаанбаатар хотод амьдарч байгаа. Ажиллаж байсан үйлдвэртээ ирлээ. Эрдэнэт үйлдвэр ахмадууддаа тал бүрийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, эмнэлэг сувиллын асуудалд онцгой анхаардагт сэтгэл хангалуун байна. Нэмэлт тэтгэмж ч өгч байна. Бид эрүүл байхын төлөө өдөр бүр хичээх болно.
- Таны хувьд Эрдэнэт үйлдвэрийг гадаадад төлөөлөн олон жил ажиллажээ. Өнөөгийн гадаад харилцааны бодлогыг хэрхэн харж байна вэ?
- Намайг ажиллаж байх үед гадаад харилцаа бие даасан, өөрийн гэсэн төлөөлөгчийн газар, хангамжийн системтэй, нарийн чамбай ажиллаж байсан. Үйлдвэрлэлд шаардлагатай техник хэрэгслийг үйлдвэрлэгчээс нь шууд нийлүүлж, татан авдаг байлаа. Тэр үетэй харьцуулахад цаг өөр болжээ. Одоо дамжлага ихтэй, нүсэр болсон юмуу даа гэж харагддаг. Уул уурхайн салбарт гадаад харилцаа гэдэг маш чухал ойлголт юм. Илүү өргөжүүлэн хөгжүүлж, бодлогоо зөв авч явна гэдэгт итгэж байна. Үйл ажиллагаа нь жигд, удирдлага нь зөв шийдвэр гаргаж, ажилтнууд нь ажилдаа хариуцлагатай байгаасай гэж бодож байна.
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
Сэтгэгдэл үлдээх