Мэдээ мэдээлэл

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР-ийн НЭГ ӨДӨР

access_time 2019-10-10

   Аливаа байгууллагын  хөдөлгөгч хүч нь хүн өөрөө юм. Хүмүүс хоорондын харилцаа, харилцан ойлголцол, идэвх чармайлт, шинийг санаачлах, ажлаа төгс бүрэн хийх хүсэл тэмүүлэл хамт олныг илүү нэгтгэн урагш түлхэх гол хүчин зүйл нь болж байдаг. Чухам тэр бүх амжилт ахицыг бүтээхэд хүний төлөө, тэдний нийгмийн асуудал, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, ажилтнаа урамшуулан хөгжүүлэх, харилцааны эерэг таатай орчныг бүрдүүлэхэд хүний нөөцийн менежерийн ур ухаан чин сэтгэл ямар байхаас ихээхэн хамаардаг. Энэ л үйлсэд  хорь гаруй жил хүний төлөө ажиллаж, урам зоригтой, хичээл зүтгэлтэй хамт олныг бүрдүүлэхийн төлөө  ухаан бодлоо чилээж яваа нэгэн эгэл бүсгүйн энэ өдрийн ажлыг бид сурвалжиллаа.


ӨГЛӨӨ БҮХЭН ШИНЭ...

   Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газрын Засвар угсралтын цехийн хүний нөөцийн менежер  Б.Туяажаргал өглөөг цехийнхээ даргад ажлаа танилцуулахаас эхэлдэг. Энэ өдөр уламжлал ёсоор даргадаа ажлаа танилцуулж, ажилдаа хэрэгтэй зүйлсийг бэлтгэлээ. Түүний дараа шинээр ажилд орж байгаа залуусыг хамт олонд нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгууллаа. Улс эх орондоо ихийг бүтээж буй энэ том үйлдвэрийн эд эс нь болохоор сонгон шалгаруулалтаа амжилттай давсан найман засварчин залуу ажилд орсон анхны өдөр хамт олон нь ийм хүндэтгэлтэй хийгээд ийм ёслол төгөлдөр хүлээн авна гэж зүүдлээ ч үгүй байж магадгүй.  ... Мөрөөдөж хүсэж ажилд орсон залуусын харцанд баяр гэрэлтэх нь үнэхээр сайхан харагдана. Ингэж л ажлын шинэ өдөр эхэллээ.  Шинэ ажилтныхаа анхны сэтгэгдлийг хэзээ ч мартагдашгүйгээр үлдээх нь энэ цехийн хүний нөөцийн  менежерийн санаа байх нь. 
 

 

 

ИД АЖИЛ УНДАРСАН ҮЕД...

   Цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрдөг. Тиймээс түүнтэй уралдан ажиллаж, төлөвлөснөө хийж, хийж гүйцэлдүүлснээ дүгнэх нь чухал. Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх болсонтой холбоотой Ерөнхий захирлын тушаалаар цехийн хүний нөөцийн мэдээллийн сангийн сайжруулалтын нэг сарын аян компанийн хэмжээнд  зохион байгуулсан. Энэ аяны хүрээнд засвар угсралтын цехийн нийт ажилтны хувийн хэрэгт батгах баримт бичгийг нэг бүрчлэн шалгаж, бүрдэлтийн дутуу эсэхийг хянаж, гүйцээх, төрөлжүүлэх, баяжуулах, нотлох баримтыг хавсаргах зэрэг маш олон ажлыг богино хугацаад амжуулжээ. Өнөөдөр тэд ажлын  тайлангаа хэлэлцэж дүгнээд, баяжуулалт хийсэн баримт бичгүүдээ зориулалтын цаасан хавтсанд хийж эмхлэн цэгцэлсээр үдийн цайны цаг боллоо.

 

 

 




ҮДИЙН ЦАЙНААР Ч ХАМТДАА...

   Ажлын бүтээмж өндөр байхад олон зүйл нөлөөлдөг. Ажилтнуудынхаа урам зоригийг өргөхийг тулд төрөл бүрийн ажил зохион байгуулна. Цайндаа орох заваар ч бас ажил амжуулах юм тэд. Хүүхнүүдээрээ зургаа ч авхуулаад амжив. Түүний ажлын нэг өдрийг тэмдэглэн яваа бидэнд менежер Б.Туяажаргал хандан “Ажилтан хүнд юу хамгийн чухал гээч” гэлээ. Тэрхэн хооронд юу юм бол хэмээн бодолд автах зуур “Хөдөлмөрийн ажиллах нөхцөл таатай, ажилтан хүн урам зоригтой байх хамгийн чухал. Гол нь урам шүү дээ” хэмээн инээмсэглэв. 

 

 

ЦААСАН ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ...

   Ямархан хувь төөргөөр ийм их цаасан дунд ажиллах хувьтай төрсөн юм бол доо гэмээр түүний өрөөгөөр дүүрэн бичиг цаас байх юм. Гэхдээ бүгд байх газартаа. Тэрээр хамт олныхоо дунд олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулдаг. Залуу гэр бүлийг дэмжиж өдөрлөг зохион байгуулж, ажилтнуудынхаа ар гэрийнхнийг байгууллага дээрээ урьж, бяцхан хүүхдүүдийг аавд нь сэтгэлийн үгээ дайсан захидал өгүүлж байж. Алаг үрсийнхээ захидлыг уншиж, сэтгэлийн бэлгийг нь хүлээж авсан аавууд баярласандаа уйлж, тэднийг харсан хамт олон нь ч бүгдээрээ  уяран уясаж. Мөн 10 залуу гэр бүлийг сонгон гэр бүлийнх нь уран сайхны зургийг авхуулж, жаазлуулаад бэлэг болгон өгчээ. Хүний төлөө л ажил гэж энэ дээ гэж бодогдмоор сайхан. Эднийд бас нэгэн сонирхолтой арга хэмжээ болдог. Ажилтнууддаа жилдээ 2 удаа “Хүүхдийн томилолт” өгч, цалинтай чөлөө олгодог болж. Тэр өдөр сонгогдсон ажилтнууд хүүхдийнхээ сургууль цэцэрлэгт очиж хичээлд нь хамт сууж, хамтдаа тоглож, музей үзэж,  зураг зурж, хамт хоол хийж тэр өдрийг бүхэлд нь хүүхдэдээ цаг гаргадаг юм байна. “Хүүхдийн томилолт” авсан эцэг эхчүүд ажилдаа ирэхдээ харин томилолтоороо юу хийсэн тайлангаа бичиж ирнэ. Хөгжилтэй энэ арга ажил олон гэр бүлд баяр баясал, хүүхдүүдэд аз жаргал бэлэглэжээ. 

 

 

   

 

 

ӨНӨӨДРӨӨС МАРГААШ ЭХЭЛДЭГ...


   Цаг нартай уралдан ажилладаг хүний ажил ар араасаа ундардаг ч юм шиг. Тэр хэзээдээ ингэж амжуулдаг байна гэмээр шаламгай хүн юм. Тэр олон сайн саналыг ажилдаа дэвшүүлж бас хэрэгжүүлжээ. Зөвхөн Эрдэнэт үйлдвэртээ төдийгүй улсдаа хөдөлмөрөө үнэлүүлсэн шилдэг тэргүүний мэргэжилтэн. Монголын Хүний нөөцийн салбарын шилдгээр ч тодорч байсан удаатай. Мөн тус институтийн дээд шагнал “Хүний нөөцийн хүндэт тэмдэг”-тэй юм. Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд амаргүй ажилд гар бие сэтгэл зүрхээрээ хамтран оролцож яваа тэрээр одоо манай үйлдвэрт хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүний нөөцийн хөгжлийн дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Бид саяхан Япон улсад очиж "Нэг ажилтан - Нэг шинэ санаа" хөтөлбөрийн дагуу туршлага судлаад, олон шинэ зүйлс сурч ирлээ. Одоо ажилдаа нэвтрүүлж нутагшуулна. Бидэнд хийх ажил их бий хэмээн маргаашийнхаа ажлыг бэлдээд өрөөндөө үлдлээ.  

 

 

   

 

Б.Учрал

Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл үлдээх