Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right ҮйлдвэрЦахилгааны цехийн ирээдүй гэрэлтэй байна
Эрдэнэт үйлдвэр зэс, молибдены баяжмал үйлдвэрлэн гаргах үндсэн үйл ажиллагаатай. Үйлдвэрлэлийн процессыг тасралтгүй, найдвартай явуулахад хамгийн чухал хүчин зүйл нь эрчим хүч. Цахилгаан, дулаан, уур, усгүйгээр Эрдэнэт үйлдвэрийг төсөөлөхөд бэрх. Иймээс бид үйлдвэрийн процесст амин чухал үүрэгтэй цех, хэсгүүдийн үйл ажиллагааг цувралаар сурвалжилж, тэдний гол хөдөлгөгч хүч болсон ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж ярилцах юм. Эхнийх нь “Хэрэглэгчдийг чанартай эрчим хүчээр найдвартай соёлтой хангах” эрхэм зорилготой Цахилгаан цех. Үйлдвэрийн дүүрэгт орших эдний офисс багахан цэцэрлэгт хүрээлэнг санагдуулам. Харин хана, шалыг нэгэн хархүү гялалзтал угааж зогсох нь содон. Тэр багш мэргэжилтэй ч ижийгээ залгамжлан ажлын байрыг цэмцийлгэж буй нь тэр.
Цахилгаан цех нь Шугам сүлжээ дэд станц, Реле хамгаалалт автоматик, Теле механик, Цахилгаан техникийн тусгай лаборатори, Шуурхай үйлчилгээ диспетчерийн, Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын, Захиргааны гэх долоон хэсэгтэй. Тэд Эрдэнэт үйлдвэрийн өндөр хүчдэлийн цахилгаан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж, эрчим хүч түгээн дамжуулдаг.
Бид энэ эрхэм үйлсийн эзэд залуусын төлөөлөлтэй уулзаж дараах асуултад хариулт авсан юм.
Цахилгаан техникийн тусгай лабораторийн хэмжилт тохируулга туршилтын инженер В.Анхбаяр: Онцгой боловсон хүчин байхыг эрмэлздэг
- Эрдэнэт үйлдвэртэй хэрхэн холбогдсон бэ?
- Би Эрдэнэт үйлдвэрт 10 дахь жилдээ ажиллаж байна. Эхний хоёр жил цахилгаанчнаар, тэгээд л инженер болсон.
- Таны ажил мэргэжлийн онцлог юу вэ?
- Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд цахилгаан тоног төхөөрөмжийн хэмжилт туршилт хийдэг. Манай лаборатори төвийн бүсийн бүх аймагт туршилт хийх эрхтэй. Өндөр хүчин чадалтай төхөөрөмжөөр тоноглогдсон. Тухайлбал Авсралийн Баур фирмийн явуулын лабораторийг өнгөрсөн жил авсан. Энэ нь Монголд ганцхан бөгөөд манайд ашиглагдаж байна. Цахилгаан гүйдэл таван мэдрэхүйгээр мэдэгдэхгүй. Иймээс тусгай зориулалтын дурангаар халалт дуранддаг. Нил ягаан туяаны үзлэгээр цахилгаан тоног төхөөрөмжийн гэмтэл илрүүлэх хамгийн сүүлийн үеийн ФлирТ1020 төхөөрөмж саяхан манайд ирсэн.
- Эрдэнэт үйлдвэрт залуус хөгжих боломж хэр байдаг вэ?
- Боломжтой. Залуусыг сургах хөгжүүлэх талаар үйлдвэр, цехийн удирдлагаас их анхаардаг. Тухайлбал, саяхан Эрчим зүйн хэлтэс манай цехтэй хамтран орчин үеийн Матлаб-ын сургалт явуулсан. Энэ чиглэлээр Монголдоо “толгой цохих” мэргэжилтэн, профессор Н.Ариунболор багшийг урьж заалгасан. Энэ программ нь маш том мэдээллийн сан дээр боловсруулалт хийснээр хэрэгтэй зүйлээ авах, шинийг хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, бас эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх ч боломжтой. Энэ программыг ашиглан ороомгийн групп тодорхойлох механик ажиллагаатай багажийг автоматжуулан бүрэн автомат багаж зохион бүтээх санаа байна. Одоогоор янз бүрийн трансформатор дээр ашиглахад хэр байх, холболтын төрлийг өөрчлөн туршин судалж байна. Алсдаа судалгааны ажил хийх сонирхол байгаа.
- Таны цаашдын зорилго?
- Би шинэ юм сурч, мэдэх эрмэлзэлтэй. Орос хэлийг бие даан сурсан. Англи хэлний мэдлэгээ улам ахиулахаар хичээж байгаа. Бидний үеийнхэн интернетээр олон зүйл сурах боломж байна. Цаашдаа мэргэжлээрээ гадаадад магистрт сурах хүсэл бий. Цахилгаан тоног төхөөрөмжийн тусгай лаборатори улсад ганц байх онцгой лаборатори. Үүнд нийцсэн онцгой боловсон хүчин байхын төлөө мэрийдэг. Бүх талын ялангуяа цахилгаан тоног төхөөрөмжийн өргөн мэдлэгтэй болохын төлөө чармайж явна.
Шугам сүлжээ, дэд станцын хэсгийн туршилт, хэмжилт хамгаалалтын инженер Г.Ган-Эрдэнэ: Залуу хүн чадахгүй гэж хэлэх эрхгүй
- Эрдэнэт үйлдвэртэй хэрхэн холбогдсон бэ?
- Би аавынхаа ажил мэргэжлийг өвлөн цахилгаанчин болсон. Аав Ш.Гансуурь минь энэ цехэд олон жил ажилласан, ажилч хичээнгүй хүн байсан юм. Би аавынхаа үйлсийг үргэлжлүүлж яваагаараа бахархаж, нэрийг нь өндөрт өргөж явахсан гэж хичээдэг. Би мэргэжилдээ их дуртай.
- Таны ажил мэргэжлийн онцлог юу вэ?
- Эрдэнэт үйлдвэрийн өндөр хүчдэлийн цахилгаан тоног төхөөрөмжийн засвар, угсралтын үйл ажиллагааг хариуцдаг. Засвар үйлчилгээг цаг тухайд нь чанартай хийснээр үндсэн үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа, цаашлаад үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй. 6кВ-ын кабель гэмтлээ гэхэд тухайн тэжээж буй тоног төхөөрөмж хүчдэлгүй болно. Бид аль болох шуурхай ажиллан холболт хийж, тоног төхөөрөмжийг хүчдэлтэй болгох жишээтэй.
- Эрдэнэт үйлдвэрт залуус хөгжих боломж хэр байдаг вэ?
- Боломжтой. Энэ жил манай цехийн ажилтнуудад явуулсан Диг сайлант компанийн Повер Фактор программын сургалт их таалагдсан. Цахилгаан системийг бүхэлд нь программд оруулж бүх төрлийн тооцоо судалгаа хийх боломжтой юм билээ. Би үндсэн ажлынхаа зэрэгцээ, Технологийн сургуульд мэргэжлээрээ багшилдаг. Ер нь мэргэжлээ улам гүнзгийрүүлэн судалж, бас гадаад хэлийг шамдан суралцаж байна. Мөн цехийнхээ Бүтээмж инновацийн чиглүүлэгчээр ажиллаад жил боллоо. Бүтээмж инновацийн сургалтад олонтаа хамрагдсан. Эндээс сурч мэдсэнээ хамт олондоо түгээж байгаа. Ажиллагчдынхаа хандлагыг өөрчилж, шинийг санаачлах идэвхийг нь өрнүүлэх чиглэлээр ажиллах урамтай бас сонирхолтой байдаг. Хамтдаа бүтээж, хамтдаа хөгжихийг хүсдэг.
- Таны цаашдын зорилго?
- Мэргэжлийн ном болон уран зохиолын ном унших дуртай. Саяхан Цахилгаан цехийн шинэ ажилтнуудад зориулсан гарын авлага хэвлэн гаргасан. Цаашдаа мэргэжлийнхээ дагуу ном бичих төлөвлөгөө бий. Залуу насандаа хийж бүтээж, сурч боловсорч, өөрийгөө байнга хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Миний хувьд “Залуу хүн чадахгүй гэж хэлэх эрхгүй” гэж боддог.
Үйлдвэр техникийн албаны дарга техникийн шинэчлэл, төлөвлөгөө хэрхэн биелж буй талаар ийн ярилаа
Н.Чулуунбаатар: Техникийн шинэчлэл эрчимтэй өрнөж байна
- Техник шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлаасаа ярина уу?
- Цахилгааны цехэд техник тоног төхөөрөмжийн шинэчлэл эрчимтэй өрнөж байна. Манай цехийн удирдлага, хамт олны санаачилга, үйлдвэрийн удирдлагын дэмжлэгээр энэ ажил тун урагштай яваа. Тухайлбал, Цахилгаан тоног төхөөрөмж засварын хэсэгт ороомог сугалах тусгай технологитой. Монгол улсад анхны төхөөрөмжийг бид хүлээн авлаа. Тус төхөөрөмж нь нэлээн нарийн технологитой учраас үйлдвэрлэгч компаниас мэргэжилтэн ирж тохируулах юм. 35/110кВ-ын сэлгэн залгалтын аппаратур буюу элегазын таслуурын шинэчлэл мөн үргэлжилж байна. Бид сүүлийн 10 жилийн хугацаанд ихэнх дэд станцуудаа сольж дууслаа. Очистные-Б 35кВ-ын шугамын 2 дэд станц захиалсан, хугацаанаас хойшилж саяхан худалдан авалт хийгдлээ. Дулааны улиралд сольдог дүрмийн дагуу ирэх хавар суурилуулна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цахилгаан хангамжийг хянаж удирддаг Телемеханикийн хэсгийн СКАДА системийн программ хангамж үндсэндээ бүрэн шинэчлэгдэж уг ажлыг Шнейдер Электрик Энлайт компани хийж дуусгалаа. Манай Цахилгаан техникийн тусгай лаборатори улсын хэмжээний тусгай зөвшөөрөлтэй лаборатори. Энд орчин үеийн өндөр түвшний нарийн хэмжүүрүүд нийлүүлэгдэж байгаа. Манай үйлдвэрийн Дулааны цахилгаан станц өргөтгөснөөр орчин үеийн өндөр чадал, өндөр хүчдэлтэй тоног төхөөрөмжүүд суурилагдсан. Энд хийх туршилт, хэмжилтийн зориулалтаар нилээд олон багаж төхөөрөмж авсан. Тухайлбал 110кВ-ын дэд станцын кабель, агаарын шугам, трансформаторт өндөр хүчдэлийн туршилт хийх зөөврийн төхөөрөмж оруулж ирсэн. Үүгээр ЦРП-10 дэд станцын шинэ трансформатор туршсан. Эхний туршилт амжилттай болсон. 35кВ-ын дэд станцын 10000кВА чадалтай трансформаторын шинэчлэл хийгдэж байна. Хоёр жилийн турш Худалдан авалт, хангамжийн хэлтэстэй хамтран ажиллаж трансформатор хүлээн авсан. Казахстанаас хоёр мэргэжилтэн ирж манай инженерүүдтэй хамтран угсарч, туршилт хийлээ.
- Ган бөөрөнцгийн цехийн шинэчлэлтэй холбоотойгоор цахилгаан хангамж шинэчлэгдэх үү?
- Тийм ээ. Ган бөөрөнцгийн цех коксожсон нүүрс шатааж, ган бөөрөнцөг үйлдвэрлэдэг технологио өөрчлөн индукцийн зуух тавьж буйтай холбогдуулан их чадлын тусгай цахилгаан хангамж хэрэгтэй болсон. Үүнтэй холбогдуулан тэжээлийн 6 кВ-ын агаарын шугам татах бэлтгэл ажил хийгдэж байна. 12-р сард Ган бөөрөнцгийн цехийн тоног төхөөрөмж шинэчлэгдэн ашиглалтад ороход цахилгаан хангамжийн асуудлыг бид бүрэн шийдэх ёстой. Одоогоор кабель суурилуулах болон агаарын шугамуудын тулгуурын суурийг бэлтгэж байна.
- Мэргэжилтнүүдээ сургах, дадлагажуулах чиглэлээр сүүлийн үед ямар ажил хийж байна?
- Шинэ тоног төхөөрөмж суурилуулж буйтай холбогдуулан мэргэжилтнүүдээ мэргэшүүлэх, мэргэжлийг нь дээшлүүлэх ажил давхар явж байна. Реле хамгаалалт автоматикийн хэсгийн даргыг саяхан бид “Шанхайн экспо” үзэсгэлэнд оролцуулсан. ABB компанийн хөдөлгүүрийн туршилт засварын чиглэлээр Хөдөлгүүр засварын мастерыг мөн БНХАУ-ын Шанхай хотод сургалтад явуулах гэж байна. Хүний нөөцийн бодлогоор дөрвөн инженерийг ОХУ-ын Их сургуульд магистрын сургалтад явуулах гэж байна.
- Төлөвлөгөөт ажил хэр биелж байна?
- Манай цех тусгай тоног төхөөрөмж ашиглан Эрдэнэт үйлдвэрт жилд ойролцоогоор 906 сая.кВт/цаг цахилгаан эрчим хүч түгээж, дамжуулдаг. Энэ ажлаа тасралтгүй, найдвартай явуулахын тулд тоног төхөөрөмжүүдээ зогсолтгүй, баталгаатай ажиллуулах ёстой. Үүний тулд төлөвлөгөөний дагуу жилийн турш урсгал болон их засварын ажил хийдэг. Одоогоор доторх тоног төхөөрөмжийг засварлах ажил хийж байна. Өнөөдрийг хүртэл тайлант хугацаанд төлөвлөсөн ажлууд 100 хувийн биелэлттэй явна. Энэ оны 12 дугаар сарын 20 гэхэд жилийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэх зорилготой ажиллаж байна.
Я.ЭНХТУЯА
Фото: Б.Баттөгс
Сэтгэгдэл үлдээх