Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right ҮйлдвэрГ.Тулга: Орхон нийтийн тээврийн үйлчилгээ цахимжсан анхны аймаг болно
“Систем инженерчлэл Монгол” компанийн гүйцэтгэх захирал “E-pass” буюу Эрдэнэт хотын нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулах төслийн удирдагч Г.Тулгатай ярилцлаа.
-Нийтийн тээврийн хөгжил, цаашдын чиг хандлагын талаар өөрийн бодлоо манай уншигчидтай хуваалцана уу?
-Нийтийн тээврээр зорчигчдын хамгийн хүндрэлтэй асуудал нь төлбөр төлөлт, хяналтын систем.Зорчигчид ч технологид суурилсан хялбар, хурдан аргаар төлбөр төлөхийг хүсэх болсон. Тасалбар худалдан авах дараалал, цалинжуулсан тасалбар таслагч, бэлэн мөнгөөр тооцоо хийх зэрэг асуудлууд аль хэдийн ард хоцорч, зүгээр л карт эсвэл гар утсаа уншуулж байна. Энэ бэлэн бус мөнгөний систем буюу нийтийн тээвэрт цахим хэрэглээг бүрэн нэвтрүүлсэн дэлхийн 100 гаруй хот байна. Энэ шийдлүүд хотуудад дагалдах давуу талуудыг ч бий болгож байна. Жишээ нь өдөрт 8.5 сая хүн зорчдог Лондонд хэрэгжүүлэхэд картын технологи, төлөвлөлт, техникийн болон худалдаалах асуудлыг шийдвэрлэх төвөгтэй байдал үүссэн. Эдгээрийг мастер картаар шийдсэн нь сайн хэрэгжиж, олон хотууд загвар болгоод явж байна. Нью Йоркд уг системийг энэ онд бүрэн хэрэгжүүлэх бөгөөд дэлхийн том хотыг өндөр түвшний системтэй болгоно гэж үздэг. Мексикт нийтийн тээвэрт төлбөрийг банкны картаар хийх болсноор эдийн засгийн эерэг нөлөөлөл авчирсан. Үүний жишгээр Монгол улс цахимжсан картыг Улаанбаатар хотод хэрэгжүүлээд явж байна. Хэрэгжилтийн эхний үед хуучин дүрмээ ашиглан тасалбар авахыг хүсдэг, карт худалдан авдаггүй, цэнэглэдэггүй, хөнгөлөлт-чөлөөлөлтийг шийдвэрлэх, санхүүжилтийг зохицуулах зэрэг олон бэрхшээл саад гарсан ч өнөөдөр үйл ажиллагаа тогтворжиж, тодорхой үр дүнд хүрч байна.
-Эрдэнэт хотод энэ төсөл хэрэгжих болсон шалтгаан, нөхцөл юу вэ?
-Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас 2016-2020 онд Эрдэнэт хотыг “Ухаалаг хот” болгон хөгжүүлэх ажил эхэлж, дижитал технологийг эрүүл мэнд, зам тээвэр, боловсрол, оршин суугчдын үйлчилгээнд нэвтрүүлэх зорилт тавьсан. Мөн аймгийн нийтийн тээвэр эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгсэлд хэмжих хэрэгсэл суурилуулан бүртгэл, хяналтын нэгдсэн системийг бүрдүүлэхээр шийдвэрлэсний дагуу манай компани 2018 онд тус аймагт үйлчилгээ үзүүлж байгаа автобуснуудад GPS систем нэвтрүүлсэн. Одоо системийн үйл ажиллагааг бүрэн хариуцан ажиллаж байна. Аймгийн ЗДТГ-аас гарааны бизнес, инновацын байгууллагуудыг дэмжих бодлого барьж ажиллаж байгаа. Өмнө нь хамтран гүйцэтгэсэн ажил амжилттай хэрэгжсэн давуу тал бидэнд бий. Ингээд Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Авто тээврийн төв, төсөлд хамрагдах гурван автобус компанитай 2019 оны зургадугаар сарын 27-нд гэрээ хийж уг төсөл хэрэгжүүлж байна. Төслийн нөхцөлийн хувьд бид орон нутгийн автобус компаниудын төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр 100 хувь өөрсдөө шийдэх үүрэг хүлээсэн. Энэ төслийн эхний шатанд 600 орчим сая төгрөгийн санхүүжилт орно. Нэг онцлог нь монгол залуусын бүтээсэн программ хангамж, угсралт,суурилуулалт энэ онд багтаан хийгдэнэ.
-Төслийн давуу талыг гэрээлэгч талуудын хувьд яаж харж байна вэ?
-Шийдвэрлэх асуудлууд төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага болон аж ахуйн нэгжүүдэд ч байна. Аж ахуй нэгжүүдийн алдагдал, рейстэй холбоотой асуудал, төрөөс олгох санхүүжилт, төсвийн ачаалал гэх мэт асуудлыг хэрэгжүүлэх төслийнхөө хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна. Асуудлуудаа тодруулаад, шийдвэрлэх боломжуудыг судлаад, шийдлүүдийг оруулаад явж байна. Үүний зэрэгцээ технологийн шинэ чиг хандлагуудаа ч орхигдуулж болохгүй. Хамгийн ашигтай, хэрэглэгчдэд хялбар, зөв шийдлүүд байх ёстой. Ер нь гэрээлэгч талуудад аль алинд нь ашигтай байдлаар шийдэх, цаашдын хамтын ажиллагаанд нь тусламж дэмжлэг үзүүлнэ. Ямартаа ч төсөл хэрэгжээд бүгд үр ашиг хүртэж буйд сэтгэл ханамжтай байна.
-Төсөл хэрэгжүүлэх явцад “Start Up” компанийн хувьд бэрхшээл тулгарч байна уу?
-Залуу компанийн хувьд бэрхшээл олон байгаа. Бидний хувьд төрийн болон аж ахуйн нэгжтэй гурвалсан гэрээ байгуулан, санхүүжилтээ өөрсдөө босгон ажиллаж байгаа анхны төсөл. Гэрээлэгч талуудтайгаа гэрээгээ хүндэтгэн ажиллах, мэдээлэл солилцох, харилцаа хамтын ажиллагаа чухал. Ер нь төслийн менежменттэй холбоотой асуудлуудыг талууддаа ойлгуулах, мөн компанийнхаа залуусын ур чадвар, чадамжийг сайжруулах, нутагшуулах гээд нэлээд олон талт ажил өрнүүлж байна. Компанийн хувьд асуудлыг дэвшлүүд ирнэ гэж харж байгаа. Төсөл удирдсан залуу хүний хувьд ч гэсэн давхар суралцаад явж байна.
-Төслийг орон нутаг болон автобус компаниудаас зардал гаргахгүй өөрийн хөрөнгөөр шийдвэрлэх нь эрсдэлтэй санагдах юм. Энэ талаар тодруулна уу?
-Бидний “Start Up” залуу компани. Том зорилготой бас эрсдэл үүрч байж амжилтад хүрнэ. Хувийн байгууллага санхүүжилтээ өөрсдөө гарган, олон нийт, улс орондоо хэрэгтэй төсөл хэрэгжүүлэх туршлага дэлхий дахинд бий. Жишээ нь БНХАУ-д хувийн компаниуд зам барьж, хураамжийн орлогоороо зардлаа нөхдөг. Ингэж хувийн байгууллага өөрсдөө зардлаа гаргаж, нийгэмд тулгарсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх нь зөв гарц. Ялангуяа улсын төсөв хязгаарлалттай үед, боломжтой ажлуудыг хувийн компаниудад хариуцуулж хийлгэвэл хариуцлага, чанар дагалдана. Учир нь тухайн компани гаргасан зардлаа хөрөнгө оруулалт хийсэн зүйлийнхээ үйл ажиллагаанаас нөхдөг тул баталгаат хугацааны асуудлыг гүйцэтгэгч бүрэн хариуцдаг. Компани ч өсөж дэвжих, туршлагажих боломжтой.
-Цаашид хэрэгжүүлэхээр зорьсон ажлаасаа танилцуулна уу?
-Бидний хамгийн эхний зорилт энэ төслөө амжилттай хэрэгжүүлж нэвтрүүлэх явдал. Хэрэгжүүлээд зогсохгүй дараагийн шатуудаа зураглан, төлөвлөөд явж байна. Цаашид үйлчилгээний стандарт тохирсон UBCAB онлайн такси үйлчилгээг нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл нийтийн тээвэр болон такси үйлчилгээний стандартыг ахиулж, төлбөр тооцооны нэгдсэн систем оруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар ажиллана даа. Ер нь Эрдэнэт хотыг шинжлэх ухаан, инновацын суурь жишиг хот болгох концепцийг улс даяар харуулах том зорилготой. Ингэснээр үндэсний компаниуд, залуучууд нийгмийн тодорхой асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна.
-Танд ажлын өндөр амжилт хүсье.
- Баярлалаа. Зорчигчдод хандаж хэлэхэд та бүхэн манай хэрэгжүүлж байгаа төслийн Erdenet Epass пэйж хуудаст нэгдэж мэдээлэл авч, саналаа илгээж байгаарай. Таны санал бидэнд үнэ цэнтэй байх болно.
Т.БАТЧУЛУУН
Сэтгэгдэл үлдээх