Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right ҮйлдвэрСурч мэдэхийн их хүсэл тэмүүллээр жигүүрлэж явна
Сайн саналын системийн манлайлагчдын нэг Ганбаатарын Батцоож хэмээх даруухан хэрнээ нягт няхуур төрхтэй, чамбай яриатай инженер залуутай ярилцлаа. Тэрээр шугам зургийн багш аав, нягтлан бодогч ээжийнхээ хамтаар 4 настайдаа эрдэнэсийн хотыг зорин иржээ. Тиймээс ч өөрийгөө уурхайн хотынхоо уугуул иргэн гэж тодотгосон. Удамд нь уурхайчны замнал байхгүй ч уурхайчдын алдар суутай төрөлх хот минь ирээдүйн ажил мэргэжилд хөтөлсөн гэж нэмж хэллээ. Г.Батцоож Баяжуулагч инженер мэргэжилтэй. Мэргэжлээ сонгоход нь дунд сургуульд математик, зурагийн хичээлд сонирхолтой, сайн байсан нь, Эрдэнэт үйлдвэрт ажилладаг ах эгч нарын зөвлөгөө их нөлөөлжээ. Мэргэжилдээ өдөр ирэх тутам илүү дуртай болж, сурч мэдэх хүсэл тэмүүлэл оргилж явааг нь түүний хэлсэн үг, цаашдын том зорилго нь тодорхойлж байлаа.
Уул уурхайн ашигт малтмал баяжуулалтын инженер мэргэжлээ би Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуултдаа суралцаж, эзэмшсэн. Төгссөнийхөө дараа мэргэжлээрээ шууд ажиллаагүй л дээ. Улаанбаатар хотод фитнесийн багшаар хүртэл ажилласан. Тэгээд нэг өдөр Эрдэнэт үйлдвэрт миний мэргэжлийн дагуу ажилтан шалгаруулж авна гэж сонсоод, шалгалт өгч тэнцсэнээр үйлдвэрийнхээ Судалгааны төвийн нэгэн “эд эс” нь болсон доо. Одоо Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий баяжуулагчаар ажиллаж буй Д.Мөнхбаяр даргынхаа удирдлаган дор ажиллаж, мэргэжлийнхээ сайхныг бас үр шимийг нь мэдэрч эхэлсэндээ баяртай явдаг. Өөрөөр хэлбэл, судалгааны ажил хийх аргачлал, Баяжуулах үйлдвэрийн технологийн үйл явцын талаар гүнзгий судлах боломж тэр үед олдсон. Энэ нь ч сайн саналын болон бүтээмжийн хөдөлгөөнд оролцох урам эрч хүч өгсөн гэж боддог. Тэнд л миний сайн санал, шинэ санаанууд маань төрсөн гэж манлайлагч маань хуучилсан. Г.Батцоож 2015 оноос Эрдэнэт үйлдвэрийн Лаборатори судалгааны төвд тээрмийн машинчаар ажилд орж байсан бол одоо Инженерийн зураг төслийн төвд инженер, зохион бүтээгчээр ажиллаж байна. Тэр Технологийн зохион бүтээх товчоонд харьяалагдан, Баяжуулах үйлдвэрийн технологитой холбоотой тоног төхөөрөмж, түүний шинэчлэл суурилуулалтын технологийн зургийг зурж гүйцэтгэх ажилд дадлагажиж, бас хичээл зүтгэлээ шингээж явна.
Саяхан тэрээр Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн 3 дугаар өргөтгөлийн 71 дүгээр конвейрийн редуктор, Урвалжийн хэсгийн гуравдугаар тээрмийг сольж, тээрэм ангилагчтай нь суурилуулах зэрэг ажлын зураг төслийг гүйцэтгэжээ. Одоо Өөрөө нунтаглах хэсгийн маслостанцын суурилуулалтын ажил дээр ажиллаж байгаа юм байна.Г.Батцоож Эрдэнэтийн уурхайн өнөр бүлийн нэгэн гишүүн болсоор 4 дэх намраа угтаж буй. Энэ хугацаанд тэр зөвхөн ажлаа хийгээд явахыг бодсонгүй. Байнга шинэ зүйл сурахыг эрмэлзэж, бүтээмжээ дээшлүүлэхэд санаачилгатай ажиллахыг зорьж байв. Тэгж ажиллаж байхдаа судалгааны ажилтайгаа холбоотой үйлдвэрлэлийн технологийн чиглэлийн зургаан санал гаргасан нь маш сайн санал, сайн саналын үнэлгээ авчээ. Түүний маш сайн саналд үнэлэгдсэн саналууд нь бүтээмжийн төсөл болон үйлдвэрлэлд хэрэгжих боломжтой юм. Төсөл болгохын тулд нэг жилийн хугацаанд сайн саналуудыг судалж, үйлдвэрлэлд өгөх үр дүнг нь тооцож, үйлдвэрлэлд нэвтрүүлэх шат руу шилжүүлдэг үе шаттай. Энэ журмын дагуу Г.Батцоож инженер саналаа боловсруулж, төсөл бичихээр арга заавартай нь танилцаж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч байгаа гэнэ. Түүнээс маш сайн саналын ангилалд үнэлэгдсэн технологийн саналын талаар тодруулахад үйлдвэрлэлийн горим, мэргэжлийн нарийн зүйлсийг уйгагүй тайлбарласан юм.
Эрдэнэт үйлдвэр ТIMA гэдэг эрдсийн автомат минерологийн багажийг 2017 оноос судалгааны технологит ашиглаж эхэлжээ. Энэ багаж нь манай улсын хэмжээнд нэг, Хятад улсад хоёр байдаг бол Орос улсад ашиглаж эхлээгүй байгаа аж. Энэхүү автомат минерологийн багаж нь Чех улсын Tescan компанид үйлдвэрлэгдсэн, Эрдсийн дэлгэрэнгүй шинжилгээ, бүрэллэгийн шинжилгээ, сулралын зэрэг, баяжуулалтын бүтээгдэхүүнүүд болон геологийн дээжүүд дээр дэлгэрэнгүй шинжилгээ хийх зориулалттай. Энэ багажийг ажиллуулах заавар эзэмшүүлэхээр манай үйлдвэрээс гурван мэргэжилтнийг Чех улсад 1 сарын хугацаатай сургасны нэг нь Г.Батцоож. Ер нь уурхайд энэ багаж төдийлэн байдаггүй, ихэвчлэн их сургуулийн сургалтын лаборатор, эрдэм шинжилгээний байгууллагуудад ашигладаг аж. Ийм ховор бөгөөд өртөг өндөр багажийг манай үйлдвэр авсан нь мэргэжилтнүүдийн судалгааны ажилд маш том дэмжлэг болсон гэдгийг Г.Батцоож онцолсон. Тэр энэ багажны тусламжтайгаар хүдрийн хатуулгийг тодорхойлох Бондын ажлын индексийг эрдсийн шинжилгээ, химийн шинжилгээний үр дүнгээр тооцоолж гаргажээ. Нэг дээжийн хатуулаг тодорхойлоход дунджаар 14 цаг буюу ажлын бүтэн хагас өдөр шаардагддаг байна. Гэтэл үйлдвэрлэлийн явцад хүдэр хатуурах, эрдсүүд сулрахгүй байх, үйлдвэрлэлийн процесс доголдож эхэллээ гэхэд үүнд шуурхай цаг алдалгүй арга хэмжээ авах хэрэг болно. Хатуулгийг тодорхойлдог олон аргачлал байдаг ч Бондын индекс нь нэгж хүдрийг нунтаглахад зарцуулах цахилгаан энергийн зарцуулалтаар тодорхойлогддогоороо онцлогтой. Жишээ нь, хүдрийн хатуулгийг Ил уурхайд өрөмдөгдөх хугацаагаар тооцдог практик бий, лаборатори туршилт хийхэд задгай циклд хичнээн минут нунтаглаж байна вэ гэдгээс нь ерөнхий хандлагаар тодорхойлдог. Гэвч энэ нь бондын индекстэйгээ таардаггүй. Учир нь, Баяжуулах үйлдвэрт хүдэр нунтаглаад буцаагаад гидроцеклоны том ангиудаа эргэх ачааллаар тээрэмд дахин ордог. Өөрөөр хэлбэл, нунтаглах процесс эргэх ачаалалтай ажилладаг. Тэгэхээр үүнийг бондын индексээр л тодорхойлж гаргах нь үр дүнтэй. Харин Г.Батцоожийн судалгааны энэхүү ажлаасаа үүдэн гаргасан санал нь бондын индексийг эрдсийн дэлгэрэнгүй шинжилгээний үр дүнгээр регрессийн тэгшитгэл гаргаж авах ажил байв.
“Энгийнээр тайлбарлавал, Судалгааны төв тэсэлгээний цооног, ашиглалтын цооног, гүйцээх хайгуулын дээж гэх мэтчилэн олон дээжүүд дээр TIMA-ийн эрдсийн дэлгэрэнгүй шинжилгээ хийсэн байдаг. Тэгвэл манай Бондын индекс маань хэд байгааг гарган авсан тэгшитгэлдээ оруулан дээр бүх дээжүүд дээр тооцоогоор гаргаж байна. Одоогийн байдлаар, Тема багажаар 2000 гаран дээж дээр туршилт хийгээд байна. Ингэснээр ирээдүйд цаг хугацаа болон тоног төхөөрөмжийн элэгдэл, хүн хүчний хувьд ч маш их хэмнэлт гаргаж, үйлдвэрлэлийн процессийг шуурхай хянах боломжтой аргачлалыг шинээр санаачилсан юм. Энэ үр дүнгээр ил уурхайн хатуулгийн 2d карт гарган хэрэглээнд нэвтрүүлээд жил гаран хугаа өнгөрөөд байна. Энэхүү судалгааны ажлыг түүврээр 30 гаруй дээж дээр туршилт тавьж, бондын индекс болон эрдэс хамаарлыг тооцоолж олон хүчин зүйлийн регрессийн тэгшитгэл гаргасан. Энэ ажил бол бусад уурхайд хараахан хийгдээгүй. Яагаад гэхээр, уурхай бүр ийм өндөр үнэтэй, нарийн шинжилгээний төхөөрөмжөөр шинжилгээ хийх боломжгүй. Нэг дээж дээр шинжилгээ хийхийн тулд өндөр өртөг зарцуулдаг. Бондын тест ч дангаараа их үнэтэй. Тухайлбал, гадны уурхай тест хийлгэхэд 400-600 мянга орчим төгрөг зарцуулна. Энэ үнэ өртөг ихтэй процессыг хямд зардлаар, шуурхай тооцооны аргаар гаргах ажлыг нэвтрүүлсэн, өгөгдлийн сан болон тэгшитгэлээ хөгжүүлсээр байна. Үүнийг үйлдвэрийн технологит маш чухал гэж үнэлж байгаа. Энэ аргачлаар маш их цаг хугацаа хэмнэнэ. Ашиглалтын цооногт Бондын ажлын индекс тооцоолоход 2 жилийн хугацаа шаарддаг. Энэ ажлыг бид эрдсийн шинжилгээ хийсэн байхад л шууд тооцоолно” гэж Г.Батцоож тайлбарлав. Үүнтэй уялдуулж боловсруулсан түүний бас нэг санал нь хүдрийн хатуулгийг тодорхойлоход зарцуулагддаг 1.5 өдрийг богиносгож, 3.5 цагт тооцож гаргах тест. Энэ сэдвээрээ Г.Батцоож магистрын дипломын ажлаа хийж, хамгаалжээ.Түүний энэхүү бүтээлч санал нь хэдийнэ мэргэжилтнүүдийн дэмжлэг авч, үйлдвэрлэлд нэвтрээд хэрэгжиж байна. Үүний үр дүнд хүдэр хатуурах, технологийн үйл явц доголдох үед шуурхай хянаж, 3.5 цагийн дотор бондын индекс, хүдрийнхээ хатуурлыг тооцож гаргах боломжтой болж байгаа юм. Бондын индекс гэдэг нь нэг тонн хүдэр нунтаглахад зарцуулагдах цахилгаан, эрчим хүчний хэмжээгээр тодорхойлогддог. Г.Батцоож инженерийн эдгээр санал нэвтэрснээр үйлдвэрлэл дээр хүдэр хатуурах, зөөлрөх гэсэн асуудал байхгүй болно гэсэн үг. Учир нь тэсэлгээний цооногт долоо хоногийн дараа орох хүдрээ урьдчилаад судалгаанд оруулаад, баяжигдах чанарын судалгаа, металл авалт, чанар гээд бүх мэдээлэл дээр нь бондын индескийг нэмж тодорхойлж өгдөг. Тиймээс хүдэр хатуурах, зөөлрөх эсэхийг Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Судалгааны төвийн технологич мэргэжилтнүүд урьдчилан харж, зэсийн агуулга, чанарыг хянах боломжууд бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хяналтын үр дүнд Судалгааны төвийн судлаачид агуулга сайтай хүдрийг, сул байгаа хүдэртэй 30x70-ын харьцаатайгаар хольж оруулах талаар Ил уурхайнхантай зөвлөлдөж, ингэснээр үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлтэд эерэгээр нөлөөлөх нөхцөл бий болох ажээ. Энэхүү Бондын аргачлалыг Түргэвчилсэн Бондын аргачлал хэмээн шинэ стандарт гаргаж, нэвтрүүлж 2018 оны ашиглалтын 150-н дээж дээр индекс тодорхойлж, эрдсийн шинжилгээ хийж тэгшитгэлээ улам хөгжүүлсэн байна. Үүгээр мөн 2d гаргаж, Геометаллургийн 3d загварт орох анхны өгөгдлийг геологи маркшейдерын албанд өгөөд байгаа юм.
Эрч хүч, идэвх чармайлтаар өөрийгөө хөглөсөн залуу инженерүүдийн олон шилдэг оновчтой зөв санал, бүтээлч хандлага үйлдвэрийн үйл ажиллагаанд ач тусаа өгч буй нэгэн тод жишээ нь энэ. Бахархмаар бас урам хайрламаар сайхан зүйлсийн нэг гэвэл бас л энэ.
Санаачилгатай, сэтгэлтэй байж гэмээнэ амжилт өөрөө ирдэг учиртай. Тэрхүү амжилтын босгонд ойрхон яваа Г.Батцоож инженерээс хүсэл мөрөөдлийнх нь талаар сонирхоход, “Инженерийн зураг төслийн төвд ажиллаж эхлээд, зураг зурах стандарт, аргачлалыг суралцаж байна. Цаашид энэ чиглэлээрээ гүнзгий судалж, илүү ихийг сурч мэргэших хүсэл эрмэлзэлтэй. Мөн үндсэн ажил мэргэжлээс гадна илтгэх урлаг, техникийн 3D зураг зурж сурах, анимешн хүүхэлдэйн киноны технологийг ажилтайгаа уялдуулж сурах гээд олон давхар хөрвөх чадварыг эзэмших зорилго өмнөө тавьсан” гэж бас л тун даруухан хариулсан.
Хүний амьдралын хамгийн чухал гурван эрхэм зүйлд эрүүл мэнд, гэр бүлийн аз жаргал, мэдлэг чадвар гэж тооцдог залуухан инженер маань ур чадвараа дээшлүүлэхийн тулд хамгийн эхлээд өөртөө цаг үргэлж шинэчлэл хийж, суралцахын зэрэгцээ үр хүүхдүүдээ ирээдүйн хөгжил дэвшилд үнэ цэнэтэй байх мэргэжил эзэмшүүлж, зөв хүн болгон хүмүүжүүлэхэд бүх зүйлээ зориулна гэж бодож яваагаа ч өгүүлсэн. Ийм зөв бодол, зүтгэлтэй чанарыг эрхэмлэсэн олон арван залуус Эрдэнэт үйлдвэртээ эгэл даруухан хөдөлмөрлөж байгаад бахархал төрөхгүй байхын аргагүй.
М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн
Сэтгэгдэл үлдээх