Мэдээ мэдээлэл

Д.БАЯРМАГНАЙ: Сайн саналын эдийн засгийн үр ашгийг тооцож урамшуулах нь зүйтэй

access_time 2019-10-16

   Эрдэнэт үйлдвэрт цаг нартай уралдан баялаг бүтээхийн зэрэгцээ ажилдаа тулгарсан саад бэрхшээлийг сайн санал хэрэгжүүлэн даван туулдаг бүтээлч залуус олон. Тэдний нэг нь Ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсгийн мастер Дашцэрэнгийн Баярмагнай юм. Түүний удирддаг бүтээмж чанарын дугуйлан хамгийн сүүлд экскаваторын тэжээлийн кабель уртасгах төхөөрөмж хийх төсөл амжилттай хэрэгжүүлсэн нь үйлдвэрт үр өгөөжөө өгсөөр байна. “Бүтээлч санаачилга-2018” сайн саналын системийн 100 манлайлагчийн нэг Д.Баярмагнайтай уулзаж цөөн хором ярилцлаа.

   - Ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсгийн ажил үүрэг, хамрах хүрээ их үү?
   - Манайх уурхайн хөдөлгөөнт болон суурин бүх төрлийн кабель, дэд станц, сэлгэн залгах функтуудын засвар үйлчилгээ, тохируулгыг релей хамгаалалт талаас нь хариуцдаг хэсэг. Гагнуурчин, гурван цахилгаанчинтай. Ажлын ачаалал бол хангалттай. 

   - Та бүтээмж чанарын дугуйлангийн ахлагчийн хувьд багийн гишүүдээ хэрхэн зохион байгуулж, идэвхжүүлдэг вэ?
   - Манай дугуйлан ”Цахилгаан хөдөлгөгч хүч” нэртэй. Ил уурхайн карьерт ажиллаж байгаа бүх цахилгаан хангамжийн сүлжээ ашигладаг шугамын болон релей хамгаалалтын бригадын 13 ажилтан бүтээмж чанарын энэ дугуйланд нэгддэг. Зарим дугуйлангийнхан сардаа нэг хуралдаж хийх ажлаа ярилцаж төлөвлөдөг гэсэн. Манайх бол ажлаа хийх явцдаа асуудлаа яриад, санал санаачилгаа гаргаад, шийдэл гарцаа тодорхойлж хэрэгжүүлээд явдаг. Хийсэн бүтээсэн сайжруулалтаасаа урам, бие биенийхээ дэмжлэгээс идэвх зүтгэл олж ажилладаг даа.   

   - Сайн санал гаргахад юу нөлөөлдөг вэ?
   - Сайн санал ажлын шаардлагаас ургадаг. Мөн ажиллах орчин нөхцөлөөс үүдэлтэй байх нь бий. Ажиллах явцад хүндрэл учрах, цаг алдах, тухгүй байх, эсвэл хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдөх зэрэг асуудал тулгарах үед сайжруулах боломжийн тухай бодоход сайн санал төрдөг. Тэр нь цаг хугацааны хувьд хэзээ ч байж болно. Ажил дээрээ, гэртээ, бүр зүүдэндээ ч сайн санал олж мэднэ. Гэхдээ санал бүхэн зөв байдаггүй. Энэ санал үнэхээр хэрэгтэй юу, хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдгийг дугуйлангийн гишүүдтэйгээ ярилцаж шийддэг. 

   - Та өнгөрсөн онд хэдэн сайн санал гаргасан бэ?
   - Сайн саналын системд бүртгүүлсэн нь 20 дөхсөн байхаа. Программ алдаатай байснаас зарим санал маань бүртгэгдээгүй.   

   - Сайн саналаасаа төсөл болгон хэрэгжүүлсэн үү?
   - Түрүү жилийн хувьд саналаа төсөл хэлбэрээр бичиж хэрэгжүүлсэнгүй. Гэхдээ төслийн түвшинд хийгдсэн ажлууд бий. Өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан шинээр релей суурилуулсан, релейний пааз солих төхөөрөмж хийсэн. Мөн аюулгүй ажиллагаа хангасан нэлээд ажил хийсэн нь үр дүнтэй байна.

    - Энэ жилийн тухайд...?
   - Манайх ажлын шинэ байртай болсон юм. Тэндээ релейнүүдээ ангилж хадгалах тавиуртай шүүгээ хийлээ. Мөн экскаваторын тэжээлийн кабель уртасгах төхөөрөмж шинээр хийлээ. Өмнө нь хийсэн ч тэр нь эвдрэл ихтэй байсан учраас шинэчилсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг бодож дотоод хамгаалалтыг маш сайн сайжруулж хийснээрээ онцлог. Экскаватор нүүлгэх үед сэлгэн залгалт буюу цахилгаан хэд дахин холбох байсныг нэг холбоод нүүлгэх хэмжээнд хүргэсэн гэсэн үг. Одоо ашиглаж байгаа.

   - Үйлдвэрлэлд үзүүлэх үр ашгийг нь тооцож үзсэн үү?
   - Жижиг харьцуулалт хийсэн. Дэлхийн бусад уул уурхайд ийм зориулалтаар ашигладаг төхөөрөмж зах зээл дээр 800 орчим мянган долларын үнэтэй байна.  Энэ төхөөрөмжөөр хийдэг нүүлгэлтийг бид 23,8 сая төгрөгөөр хийчихэж байгаа юм. Мэдээж, бүрэн гүйцэхгүй ч үүрэг бол гүйцэтгэж байна.

   - Ийм бүтээлч залуусаа хэрхэн урамшуулж байна даа?
   - Бүтээмжийн ажил өөрөө урамшууллын системтэй. Гаргасан санал бүхэн үнэлэгдээд, тав, арван төгрөг нэмэгддэг. Залуустаа үүнийг л сайн ойлгуулж  ярилцдаг даа. Жилийн хугацаанд тэр маань ийм ийм сайхан саналууд гаргаж, төдөн төгрөгийн урамшуулал хүртлээ. Ажил дээр ийм ахиц, үр дүн гарлаа, баяр хүргэе гээд л мэдээлнэ шүү дээ. Хамт олных нь дунд сайшаах нь бас нэгэн төрлийн урамшуулал юм.

   - Ер нь сайн саналын урамшууллын системийн талаар сэтгэл ханамж хэр байдаг вэ?
   - Миний бодлоор санхүүжилтыг сайжруулах шаардлагатай. Сайн саналын эдийн засгийн үр ашгийг тооцож, тодорхой хувиар урамшуулдаг байх хэрэгтэй. Өмнө нь бид кабелийн төгсгөвчийг нөөц бололцоогоо ашиглан зэс хоолой тасдаж хийсэн. Үйлдвэрт ширхэг нь 2500-аар нийлүүлж байгаа төгсгөвчийг өөрсдөө хийхэд нэг нь 800 төгрөг болох жишээтэй. Үйлдвэр ажиллаж байх бүх цаг үед төгсгөвч ашиглана гээд бодоход тэр санаа, төслийн эдийн засгийн үр ашиг хэр зэрэг өндөр байх нь тодорхой. Иймээс сайн саналд эдийн засгийн үр ашгийг тооцон уялдуулж үнэлгээ тогтоох нь зүйтэй санагддаг. Сайжруулалтын ажлуудад мөн адил. Тэгвэл илүү боломж нээгдэнэ.

   - Өөрөө ямар мэргэжлийн хүн бэ?
   - Би 2007 онд Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийг уулын цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, цахилгааны инженер мэргэжлээр дүүргэсэн. Төгсөөд сарын дараа сонгон шалгаруулалтад тэнцээд Эрдэнэт үйлдвэрт ажилд орж байлаа. Манай эрчим зүйч, хэсгийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэн биднээс шалгалт авч байсныг тод санадаг. Би Эрдэнэтийн хүүхэд биш болохоор төгсөөд ажил хурдан олох хамгийн чухал байсан.

   - Аль нутгийнх вэ?
   - Төв аймгийн Зуунмод сумынх. Сургуулиа төгсөөд хотод эдийн засгийн сургууль авсан ч тэрийгээ хаяад энд ирж суралцсан даа. Ер нь багаасаа инженерт сонирхолтой байсан. Одоо бурхны оронд морилсон манай нэг ах Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт савлагч хийдэг байсан юм. Ахыгаа түшиж ирсэн маань их зөв сонголт байж гэж одоо бодогддог.
 
   - Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын нэгэн бүтэн үе шинэчлэгдсэн. Залуусын эрин ирсэн байна. Үеийн нөхөддөө юуг уриалах вэ?
   - Бид алдах эрхгүй ажилтай хүмүүс. Тэр тусмаа цахилгаан гэдэг үйлдвэрийн мэдрэлийн судал, хөдөлгөгч хүч нь юм. Тиймээс хүн бүр ажил мэргэжилдээ эзэн байж, бусдад түгээж, нөлөөлж, өөрийн ажлын хариуцлагаа өөрөө бүрэн үүрч чаддаг байх ёстой. Залуу хүнд зөв үзэл, хандлага маш чухал. Эндээс л манлайлал эхэлнэ, хамтдаа урагшилъя гэж уриалмаар байна.

   - Өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргаж чадаж байна уу?
   - Хичээж байгаа. Би 2013 онд Эрхүүд магистр хамгаалсан. Техникийн талын мэдээллийг орос хэл дээр судалж байна. Одоо англи хэл сурчихвал орчин үеийн шаардлагад нийцэж, манлайллыг өөртөө нэг шат ахиулна. 

   - Танд улам их амжилт хүсье. Баярлалаа. 

 


   Тэр намайг ажлын байрнаасаа үдэхэд юунд ч юм санаагаа чилээн байгааг нь анзаарсан юм. Асуувал, “Сэлгэн залгах функтын хаалганы түгжээний тросс олон дахин татаснаас бүрээс нь хууларчихаж. Тэрийг юугаар орлуулан хийж болох вэ гэж бодоод л...” гэсэн юм. Ийм л бүтээлч залуу бидний дунд ажиллаж байна.

 


М.ОДГЭРЭЛ

Сэтгэгдэл үлдээх