Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right ҮйлдвэрЭКГ-12К экскаваторын угсралтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна
Өнгөрөгч сарын 23-нд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал гарч ЭКГ-12К шинэ экскаваторыг 35 хоногийн дотор угсарч ажилд гаргахаар Ил уурхайн хамт олон ажиллаж байна. Ил уурхайн Засварын хэсгийн хоёр бригад 12 цагаар ажиллаж шинэ экскаваторын угсралт тохируулгын ажлыг хариуцан амжилттай дуусгаж өнөөдрийн байдлаар цахилгааны нарийн тохируулгын ажил хийгдэж байна. ЭКГ-12К шинэ экскаваторыг ирэх пүрэв гарагт карьерт гаргахад бэлэн болжээ. Энэ ажлыг хугацаанаас гурав хоногийн өмнө үндсэндээ дуусгаж байгаа нь тус бригадын хамт олны ажлын идэвх, хариуцлага, туршлагатай холбоотой юм.
Энэ онд Ил уурхайд ЭКГ-12К маркийн хоёр шинэ экскаваторыг ашиглалтад оруулахаас эхнийхийг нь өнгөрөгч таван сард угсарч тохируулан ажилд оруулсан юм. Шинэ экскаватор ашиглалтад орсноор Ил уурхайд нийт арван хоёр экскаватортой болж, үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг ханган, эдийн засгийн хувьд үр ашиг нэмэгдэх юм.
А.Бямбамаа
Сэтгэгдэл үлдээх