Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right ҮйлдвэрЗасвар, угсралтын цех ажилчдадаа “хүүхдийн томилолт” олгодог
Эрдэнэт үйлдвэрийн Засвар, угсралтын цех “Гэр бүл хамгаалал, хүүхэд-2019” хөтөлбөр хэрэгжүүлж, “техникийн эмч нар”-таа хүүхдийнхээ төлөө цаг гаргах боломж олгох, гэр бүлээ гэсэн сэтгэлийг хөхиүлэн дэмжих, ур чадвартай, мэргэшсэн боловсон хүчнээ тогтвортой ажиллуулах баталгааг хангах үүднээс 10 залуу ажилтанд нэг өдрийн цалинтай томилолт олгожээ. Ирэх сард мөн 10 ажилтанд “хүүхдийн томилолт” олгоно гэж тус цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Туяажаргал ярилаа.
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүний зөвлөмжийн дагуу Засвар, угсралтын цех Эцэг эхийн зөвлөл байгуулан уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Миний гэр бүлийн аз жаргал” аян зарлаж, залуу гэр бүлүүдийн дунд “Номтой нөхөрлөе” чөлөөт өдөр, “Эрүүл бие-саруул ухаан” хөгжөөнт буухиа тэмцээн, “Ногоон төгөл”-д гэр бүлийн мод тарих, “Сэтгэлийн бэлэг” уран зургийн болон дурсгалын зүйлс урлах уралдаан, “Сэтгэлийн үг” амтат зоогтой хүлээн авалт зэрэг үйл ажиллагааг он гарсаар зохион байгуулжээ. Түүнээс гадна нийт ажилчдын дунд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын холбогдох хууль, хувь хүний хөгжил, харилцаа хандлага, гэр бүлийн боловсрол, сэтгэлээ удирдах ухаан зэрэг сэдвээр ёс зүйн модуль сургалт зохион байгуулсан байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн найвартай ажиллагааг хангадаг тус цехийн ажилчид, хүүхдүүдээс авсан судалгаагаар гэр бүлд халуун дулаан уур амьсгал бүрдэж, хүүхэд зорилго тэмүүлэлтэй хөгжиж, ажлын бүтээмж дээшилсэн дүгнэлт гарчээ.
М.ОДГЭРЭЛ
Сэтгэгдэл үлдээх