Мэдээ мэдээлэл

Эрдэнэт үйлдвэрийн гурван ажилтан Цацрагийн хяналтын чиглэлээр амжилттай суралцаж мэргэжлийн үнэмлэхээ өнөөдөр гардлаа

access_time 2019-10-22

   Цацрагийн үүсгүүр хэрэглэдэг байгууллагын цацрагийн аюулгүй ажиллагаа, цацрагийн хамгаалалтын чиглэлээр дотоод хяналт тавих үүрэг бүхий ажилтнууд нь энэ чиглэлээр мэргэшсэн, боловсрол эзэмшсэн байх  шаардлагатай байдаг. Энэ шаардлагын дагуу Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн Хүний хөгжлийн төлөвлөгөөний дагуу гурван ажилтныг сургаад байна. 

   Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн орлогч дарга Б.Баттайван, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн Цацрагийн аюулгүй байдлын албаны тэргүүлэх инженер Ц.Оргил, Мэдээллийн технологийн хэлтсийн Төлөвлөлт,техник технологийн товчооны дарга  О.Гантулга нар дөрвөн сарын хугацаанд ОХУ-ын Санкт-Петербург хотын Политехникийн сургуульд Цацрагийн аюулгүй байдал, цацрагийн хяналтын чиглэлээр мэргэжил олгох сургалтад хамрагдан амжилттай төгсөж өнөөдөр мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа. 

   Эдгээр ажилчид танхимын сургалтаас гадна зайны сургалтад 6 удаа хамрагдаж, хүн тус бүр өөрийн ажил үүргийн дагуу үйлдвэрт ашиглагдаж байгаа  цацрагийн үүсгүүрийн сонгосон төрөлдөө сурсан арга зүйн дагуу холбогдох хэмжилт хийж төгсөлтийн ажлаа хамгаалжээ. 

   Эрдэнэт үйлдвэр 170 гаруй цацрагийн үүсгүүр ашигладаг. Энэ бүхний аюулгүй ажиллагаа, цацрагийн үүсгүүрийн хамгаалалт, түүнтэй харьцаж ажилладаг ажилтнууд дүрэм журмын дагуу шарлагын тунгийн хэмжээнд байгаа эсэхийг мэргэжлийн түвшинд хянах юм. 

 

                                                                                                    А.Бямбамаа

Сэтгэгдэл үлдээх