Мэдээ мэдээлэл

М.Дамдинсүрэн: Эрдэнэтийн геологичид хүдрийн шинэ орд илрүүлсэн амжилтаар ойгоо угтаж байна

access_time 2019-10-25

     Жил бүрийн 10 дугаар сарын гуравдахь долоо хоногт Монголын хайгуулчдын мэргэжлийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд энэ өдөр манай улсад Геологийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож буйгаараа онцлог болж байна.  Мэргэжлийн салбарынхаа түүхэн ойг оны эхний 9 сар буюу гуравдугаар улирлын төлөвлөгөөт үзүүлэлтээ 102 хувиар биелүүлэн угтаж буй “ Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Геологи хайгуулын ангийн дарга М.Дамдинсүрэнтэй уулзаж, тус хамт олны ажлын амжилт, ололтын талаар ярилцлаа.

     -Юуны өмнө танай хамт олонд Монгол улсад Геологийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Ямар амжилт бүтээлээр баярын өдрөө угтаж байна вэ?

     -Энэ жил бид Эрдэнэт үйлдвэрийн тусгай зөвшөөрөл бүхий талбай Шандын орд газарт хайгуулын ажил хийж байна. Энэ ажил гурав дахь жилдээ үргэлжилж байгаа. Өнгөрсөн онд уг газарт хэт гүний цооногуудад өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн. Хамгийн гүн нь 1617 метр байсан бол гурван цооног нь 1300 метрийн гүнд хийгдсэн.  Харин энэ жилийн хувьд зургаан цооногт  өрөмдлөг хийлээ. Ингэснээр Шандын хүдрийн ордыг илрүүлж, шинэ ордтой  салбарынхаа ойг угтаж байна. Шандын  орд газарт хайгуулаар  зэс молибден болон алт, мөнгөний агуулга илэрсэн. Мөнгөний агуулга нь зэсийн профирийн ордуудтай харьцуулахад өндөр гарсан. Ийм шинэ ордыг бид хайгуулын эрчимжүүлсэн ажлын үр дүнд нээснийг хэлэхэд таатай байна.

    -Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг багаар бодоход 60 жил гэж тогтоогоод байгаа нь геологи хайгуулынхны  сүүлийн жилүүдийн эрчимтэй ажлын үр дүн гэж хэлж болно.  Мэргэжлийн хүний хувьд энэ хүрээнд хийгдсэн онцлог зүйлүүдийг тодорхойлбол?

     -Сүүлийн гурван жилд бид гүйцээх хайгуулын ажил хийсэн. Энэ нь ямар учиртай вэ гэвэл, Эрдэнэтийн овооны орд газрын баруун хойд хэсэг буюу одоо ашиглаж буй карьер, түүний үргэлжлэл болох төв хэсэг гэсэн хоёр хүдрийн биет дээр тэлсэн зах хязгаар, гүн рүү өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэлээ. Өрөмдлөг одоо ч бүрэн дуусаагүй, ирэх жилд  үргэлжилнэ. Үүний үр дүнд хүдрийн биетийн томорч өргөсөж, гүнзгийрч буй хэсгүүдэд нь тооцоо хийж хэмжээг нь гаргасан байгаа. Хэмжилт хийсний дараа зэс молибдены агуулгыг нь боддог. Эзлэхүүн тэлсэн учраас агуулга боломжийн түвшинд байна гэж үзсэн. Эдгээр ажлууд бүрэн хийгдсэний дараа хайгуулын нөөцийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулж, ирэх 2020 онд хамгаалах зорилттой байгаа. Хамгаалалтын дараа шинэчилсэн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ёстой.

     -Тэгвэл Шандын ордын нөөц болон цаашид хэрхэн ашиглахыг  шинэ техник эдийн засгийн үндэслэл гаргасны дараа тогтооно гэсэн үг үү?

     -Тийм. Ер нь шинэ орд газар нээх бүрт техник эдийн засгийн үндэслэл шинэчлэгдэж байдаг. Тиймээс энэ орд газарт ямар төрлийн уурхай байгуулах, ил эсвэл далд байх, хүдэр болон хөрсний хэмжээ зэргийг тогтоохын тулд техник эдийн засгийн үндэслэлийг шинээр боловсруулна. Энд тодруулж хэлэхэд, нөөцийн тайлан бол зөвхөн хүдрийн биетийн эзлэхүүн дээр тооцоолж хийгддэг бол техник эдийн засгийн үндэслэл нь уурхайн эзлэхүүнийг тооцоолж бодно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн ордыг хэдэн жил ашиглах вэ гэдэг нь техник эдийн засгийн үндэслэлээр тодорхойлогдоно.

    -Ойрын үеийн зорилт, төлөвлөгөөт ажлуудаасаа товчхон дурьдана уу?

    -Эрдэнэт үйлдвэрийн хэтийн төлөв, хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд 2022 он хүртэл манай ажлын тоон үзүүлэлтийн төлөвлөгөө гарсан байгаа. Ирэх онд бид 20 гаруй мянган тууш метр өрөмдлөг хийх зорилттой ажиллана. Үүний 7 мянган тууш метр өрөмдлөгийн ажлыг  Шандын орд газарт үргэлжлүүлэхээр төлөвлөсөн. Энэ оны 9 сарын байдлаар бид төлөвлөгөөгөө 100-аас дээш хувиар биелүүлэн ажиллаж байна. Эндээс харахад, оны эцэст төлөвлөгөөт үзүүлэлтүүд бүрэн биелэх боломжтой юм.

М.Балжинням

Фото Б.Баттөгс  

 

Сэтгэгдэл үлдээх