Мэдээ мэдээлэл

Цацрагийн үүсгүүртэй харьцаж ажилладаг ажилчдаас мэдлэгийн шалгалт авч байна

access_time 2019-10-28
label

   Энэ сарын 25-нд Эрдэнэт үйлдвэрийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн Цацрагийн аюулгүй байдлын албаны тэргүүлэх инженер Ц.Оргилоос тодрууллаа.

 

   - Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцсэн зүйл юу байв?
   - Бид үйл ажиллагааны журмын дагуу цацрагийн хамгаалалтын ажлыг боловсронгуй болгох сайжруулах , тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэн хяналт тавин ажиллаж байна. Өнгөрсөн  хуралдаанаар 2019 оны цацрагийн хамгаалалтын үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар ярилцлаа. Бид нийтдээ таван зорилго, 20 зорилт, 38 нэр бүхий үйл ажиллагааг төлөвлөсөн. Мөн цацрагийн үүсгүүр хэрэглэгч томоохон нэгж болох Холбоо мэдээллийн технологи автоматжуулалтын цехийн Угсралт тохируулгын хэсгийн цөмийн изотоп тоног төхөөрөмжийн хэсэг, Рентген шуурхай шинжилгээний лабораторийн хэсгүүдийг түшиглэн төсөл, бүтээлч ажил зохион байгуулж байгаа юм. Энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа асуудлын талаар ярилцлаа.

 
   - Төлөвлөгөөт ажлуудын гүйцэтгэл хэр байна. Хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгвөл?
   - 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Бид энэ удаагийн хурлаас долоон шийдвэр гаргасан. Хууль, тогтоомж хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээс гадна шинэлэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Сүүлийн үед уул уурхайн олборлолт хийдэг байгууллагуудад байгалийн гаралтай цацраг идэвхт материалын идэвхийг тогтоох, хяналт  хийх дүрэм яригдаж байгаа.  Үүнтэй холбогдуулан 20 гаруй дээжийг шинжилгээнд өгөхөөр төлөвлөөд байгаа.

   - Цацрагийн үүсгүүртэй харьцаж ажилладаг ажилчдаас мэдлэгийн шалгалт авахаар болсон. Энэ тухай тодруулаач?
   - Жил бүр цацрагтай харьцаж ажилладаг ажилтнууд, хяналт тавих эрх бүхий ажилтнуудад мэдлэгийн шалгалт жил бүр авахаар болсон. Энэ ажил өнгөрсөн долоо хоногоос эхлээд явагдаж байна. Цацрагийн хамгаалалтын тухай дүрэм журам шинээр их гарч байгаатай холбогдуулан зохих түвшний мэдлэгтэй байх ёстой. Иймээс энэ шалгалтыг эхлүүллээ. 11-р сарын найман хүртэл цацрагийн үүсгүүртэй харьцаж ажилладаг 50 ажилтнаас  шалгалт авах юм.

   - Тодруулга өгсөн танд баярлалаа.
 



 


 

 

А.Бямбамаа

Сэтгэгдэл үлдээх