Мэдээ мэдээлэл

Хойд бүсийнхэн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ

access_time 2019-11-02

   Хойд бүсийн бүртгэл, санхүүгийн ажилтнуудын “Мэргэжлийн тасралтгүй хөгжил-2019” сургалт, зөвлөгөөн хоёр дахь өдрөө Соёл, урлагийн цогцолбор, Захиргааны II байрны “Оюу” танхимд тус тус салбарчилсан хэлбэрээр үргэлжиллээ. Залуу ажиллагсад Аудитын зах зээлийн орчин үеийн чиг хандлага, Олон улсын стандартын өөрчлөлт, түүнийг хэрхэн дагаж мөрдөх, Дотоод хяналтын тогтолцоо ямар байх ёстой талаар мэдлэг, мэдээллээ тэлж, ахмад үеийнхнээсээ суралцсан юм. Хөгжлийг салбар бүрт байх ёстой гэж үздэг ч гол тулгуур нь салбарын чадварлаг мэргэжилтэн байх тул шинэ мэдлэг мэдээллээс ангид үлдээх ёсгүйг энэ удаагийн сургалт тод томруун харуулсан. Тиймээс ч илтгэл тавьсан багш нар нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүдийг хөрвөх чадвартай байх хэрэгтэйг ахин дахин сануулснаар энэ удаагийн зөвлөгөөн өндөрлөлөө. Оролцогчдын хувьд хүлээлтээс илүүг авч, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Энэ дашрамд сургалт, зөвлөгөөнийг зорин ирсэн зарим төлөөлөлтэй ярилцан, сэтгэгдлийг нь хуваалцсанаа хүргэе.

ММНБИ-ын Баянгол салбарын дарга Х.ТУНГАЛАГМАА:

Мэргэжлийнхээ хөгжлөөр бид эх орныхоо хөгжилд түүчээлэгч нь байя

   -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Уулзалт, зөвлөгөөний ач холбогдлыг хэрхэн үнэлж, дүгнэх вэ?

   -Миний хувьд орон нутгийн зөвлөгөөнд хүрэлцэн ирж, зочноор оролцож байна. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь 4000 гаруй гишүүнийхээ хувь хөгжилд, тэр дундаа мэргэшсэн нягтлан бодогч гэдэг үнэ цэнийг хэрхэн өөрийн ёс зүй, сахилга батад хэрэгжүүлэх вэ гэдэг тал дээр гишүүдээ чадавхижуулахад анхаарч ажилладаг. Тасралтгүй хөгжлийг ажил мэргэлээс гадна нэгнээсээ урам зориг авах бүсчилсэн байдлаар зохион байгуулсан нь илүү сайшаалтай санагдлаа. Олон сар жил уулзаагүй мэргэжил нэгтнүүд маань халуун дулаан үгсээ хэлж, нэгнийхээ сайн сайхан чанарыг олж авч, ололт амжилтуудаа хуваалцаж байна. Аливаа нэг хамт олон нэг зүг рүү харж, хүчээ нэгтгэж чадсан газарт амжилт үргэлж дагаж явдгийг бид санах учиртай. Олон улсын хэмжээний мэргэшсэн нягтлан бодогчдын эрхийг авч байж бид ажил мэргэжлийнхээ салбарт өнгөлж, улс эх орон, хамт олон, өөрийн эдийн засаг, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх юм.

   -Өчигдөр тавьсан илтгэлүүдээс алийг нь илүүтэй сонирхов?

   -Бүгд хэрэгтэй сэдвүүд байлаа. Нэг дор цугласан дээрээ хувь хүн, хандлага, бидний мэргэжил хаана явна, дэлхий нийтийн даяарчлалыг дагасан мэргэжлийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байна, мэргэжлийнхний хөгжил тал дээр яамны барьж байгаа бодлого, хэрэгжүүлэгч ТББ-ын оролцоо нь юу байх, гишүүд бид яаж оролцоогоо нэмэгдүүлэх вэ зэрэг тал бүрийн мэдээллийг нэг дор авсан. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Татварын хуулийн шинэчлэл хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн өөрчлөлт чухал сэдэв байлаа.

   -Зөвлөгөөнд оролцож байгаа мэргэжил нэгтнүүддээ хандан сэтгэлийн үгээ хэлэхгүй юу?

  -Институтын барьж байгаа бодлого чиглэл, бодлогын өөрчлөлт, стратеги төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүд дээр суурилсан арга барилын шинэчлэлтийг хүмүүс ойлгож, илүү их суралцаж, мэргэжлээ хайрлан, мэргэжлийн өгөөж маань улс орны эдийн засагт нөлөөлдөг байгаасай. Мэргэжлийнхээ хөгжлөөр бид эх орныхоо хөгжилд түүчээлэгч нь байя гэж санхүүчдээ уриалмаар байна. Миний хувьд аж үйлдвэрийн нягтлан бодогч, дараа МУИС-ийг санхүүч мэргэжлээр төгсөж энэ салбарын хүн болсон. Өнөөдөр мэргэжлийн ёс зүй, татварын хууль эрх зүйн чиглэлээр багшилж, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг үүсгэж хөгжүүлэн, байгууллагын тогтолцооны чиглэлээр 13 дахь жилдээ ажил үйлчилгээ үзүүлж байна. Тал талаасаа хэрэгцээ шаардлага нь улам нарийсч байгаа санхүү бүртгэлийн хувьд бид өөр өөрийн чадах зүйлээр илүү сайн хөгжиж, хамтын хүчээр ажиллах нь чухал юм. Сахилга баттай сайн бүртгэл, Олон улсын стандартыг хэрэгжүүлж чадсан, ил тод зүйлийг бий болгохын төлөө хамтдаа хичээх болно.  

ММНБИ-ын Хөвсгөл салбарын дарга Д.УНДАРМАА:

Мэргэшсэн нягтлан бодогч болох зорилго тавьсан 20-иод залуу бий

    -Санхүү, бүртгэлийн ажилтнуудын зөвлөгөөнд Хөвсгөлчүүд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна вэ?

   -“Мэргэжлийн тасралтгүй хөгжил” сургалт урьд өмнө нь орон нутагт зохиогдож байгаагүй. Орон нутагт ажиллаж, амьдарч байгаа мэргэшсэн нягтлан бодогчдын хувьд Улаанбаатар хотод суралцах боломж хомс байгаа тул бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсны давуу талыг эерэгээр олж харлаа. Хөвсгөл аймгаас 25-уулаа ирсэн. Манай аймаг хүн ам ихтэй, тэр утгаараа түүхэндээ 90-ээд мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэн гаргаснаас өнөөдрийн байдлаар 60-аад хүн салбартаа ажиллаж байна. Бид мэргэшсэн нягтлан бодогчдоор дамжуулан аймгийнхаа санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг бэхжүүлэхийг зорилго болгон ажилладаг. Манай аймгийн хэмжээнд мэргэшсэн нягтлан бодогч болох зорилго тавьсан 20-иод залуу бий.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын СНББ-ийн хэлстийн ня-бо, ММНБИ-ын Орхон салбарын дарга Т.ОЧИРХҮҮ:

Залуучуудаа чадавхижуулах сургалтыг 2020 оноос хэрэгжүүлнэ

    -Зөвлөгөөнийг зохион байгуулагчийн хувьд сэтгэгдэл хэр өндөр байна вэ?

   -Хойд бүсийн зөвлөгөөнийг хөдөө орон нутагт анх удаа хийснээр Орхон аймгийн 200 гаруй санхүүгийн ажилтнаа уулзалт, зөвлөгөөнд хамрууллаа. Энэ бол том үр дүн. Сүүлийн үеийн мэргэжлийн чиг хандлага, стандарт яаж өөрчлөгдөж байна, санхүүгийн салбарын хөгжил аль зүгт явааг илтгэлүүд онцоллоо. Татварын багц хуулийн шинэчлэлийг практик талаас ярьсан нь нэлээд сонирхолтой болсон. Мөн СЭЗДС-ийн Б.Нандин-Эрдэнэ багшийн “Танин мэдэхүйн гажуудал” сэдэвт IT технологийн илтгэл, Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтнуудад зориулсан Засгийн газрын нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргах тухай мэдээлэл ихээхэн үр өгөөжтэй, хүртээмжтэй байлаа.

   ММНБИ-ын Орхон салбарын харьяанд идэхитэй ажиллаж байгаа 140 мэргэшсэн нягтлан бодогч бий. Бид залуучуудаа орчин үетэй хөл нийлүүлэхийг шаардахын зэрэгцээ энэ тал дээр авах сургалтуудаа нарийн төлөвлөн, 2020 оноос гадаад, дотоодын чадавхижуулах сургалтыг хэрэгжүүлнэ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьд институттэй хамтран ажиллах саналаа хүргүүлээд байна.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл үлдээх