Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right ҮйлдвэрИнженерийн сэтгэлгээтэй залуус ирээдүйг бүтээнэ
Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа “1000 залуу инженерийн үндэсний чуулган” Улаанбаатар хотноо төрийн ордонд болж байна. Анх удаа зохион байгуулагдаж байгаа тус уулзалтын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэн, баяр хүргэлээ. Тэрээр Засгийн газрын бодлогод инженерүүдийн санал санаачилгыг тусгана гэдгээ онцлон хэлж байна.
Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Уул уурхайн салбар, Мэдээлэл технологи, харилцаа холбоо, Барилгын салбаруудын шилдэг инженерүүд тус чуулганд оролцож байгаа юм.
“Стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад инженерүүдийн оролцоо” сэдвээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү илтгэл тавьсан бол “Аж үйлдвэрийн хувьсалд мэдээлэл технологийн салбарын үүрэг, оролцоо”-ны талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат сонирхолтой илтгэл тавилаа. Түүнчлэн Барилга, хот байгуулалтын салбарын хэмжээнд авч хэрэгжүүлэх бодлого бүтээн байгуулалтын ажлуудаас уулзалтад оролцогчдод танилцууллаа.
Эрдэнэт үйлдвэрийн 150 залуу инженер энэ чуулганд оролцож байгаа бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн инженерүүдийн гаргасан томоохон төслүүдийг шалгаруулж Инноватор цом 100 сая төгрөгийн урамшуулал олгодог, инженерүүдээ дэмжиж тэдний санал хүсэлтийг чухалчилдаг гэдгийг чуулганы үеэр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлон хэлж чуулганд оролцогч залууст баяр хүргэсэн юм. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар чуулганы төлөөлөгч залуу инженерүүдэд мэдээлэл өгч танилцууллаа.
Ийнхүү анх удаагаа зохион байгуулагдаж байгаа “1000 инженерийн үндэсний чуулган” салбаруудын хэлэлцүүлэг асуулт хариултаар үргэлжилж, оролцогч салбаруудын инженерүүддээ хандаж уриалга гарган, Залуу инженерүүдийн үндэсний сүлжээ байгуулах ёслолын ажиллагаагаар үргэлжлэх юм.
А.Бямбамаа
Сэтгэгдэл үлдээх