Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right ҮйлдвэрХалхын голын “дээлтэй судар” Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад түүх дэлгэлээ
Дорнод нутгийнхандаа Халхын голын “дээлтэй судар” хэмээн хүндлэгдсэн, “Ялалт” музейн эрхлэгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Мягмарсүрэн Эрдэнэт үйлдвэрийн урилгаар Орхон аймагт зочилж, уурхайчдад 80 жилийн өмнөх дайны түүхийг хүүрнэлээ. Монгол, Оросын найрамдлын сарын ажлын хүрээнд Баяжуулах үйлдвэрийн захиргаанаас санаачлан зохион байгуулсан энэхүү уулзалт Монгол, Оросын эрэлхэг дайчдын нөхөрлөл, гавьяа зүтгэл, ялалтыг хойч үедээ бахархан мөнхжүүлэх зорилготой байв. Намрын эхэн сард, Халхын голын ялалтын 80 жилийн ойгоор Эрдэнэт үйлдвэрийн ажилчид түүхт газраар аялахдаа тээсэн бодол, тохирсон яриа ажил хэрэг болсон нь энэ юм. Амьдралынхаа 40-өөд жилийг Халхын голын дайны судалгаанд зориулсан, Дорнын хязгаар нутгаас төрсөн шинэхэн гавьяат өнөөдөр өдөр баяжуулагчдад, орой Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажилчдад “Тэд бидний төлөө, Бид тэдний төлөө...” лекцээ уншив. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр, Халхын гол хоёр хүйн холбоотой. 1974 онд энд “Эрдэнэтийн - Овоо” орд нээгдэж байхад, тэнд танкны замаар трактор явж Халхголын сангийн аж ахуй байгуулагдаж байлаа. Халхын голын дайны ялалтын бэлгэ тэмдэг болсон 57 метр өндөр хөшөөг Эрдэнэтийн 150 тонн аранжин зэсээр 1984 онд босгож байлаа. Зөвлөлт нөхдийн халуун сэтгэлийг хамгийн их мэдэрсэн хүмүүс бол Халхголчууд, Эрдэнэтчүүд юм” хэмээн онцлов.
МУСГЗ Л.Мягмарсүрэн маргааш, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө Монгол, Орос дайчид мөр зэрэгцэн хэрхэн байлдаж, хэчнээн халуун амь Халхын голын хөрсөнд шингэсэн, өнөөдрийн бидний эрх чөлөөт амьдрал ямар их үнэ цэнээр ирсэн талаар лекц сонордуулна.
М.ОДГЭРЭЛ
Сэтгэгдэл үлдээх