Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right СпортХурд хүч, авхаалж самбаа уралдсан “Шидэт бөмбөлөг”тэй өдрүүд
Нийгмийн хариуцлагын шилдэг хэрэгжүүлэгч Эрдэнэт үйлдвэр, их спортыг дэмжиж ирсэн баялаг бахархам түүхээ нэгэн шинэ хуудсаар дахин зузаатгалаа. Монголын Волейболын холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар Эрдэнэт үйлдвэрийн хамт олон хамтран ажиллаж, Эрдэнэт хотдоо өнөө цагийн волейболын шилдгүүдийг авчирсан нь ойрын өдрүүдийн тод “сонин” байв. Хангарьд палас гурван өдрийн турш үзэгчдийн уухай, тамирчдын өрсөлдөөнд доргиж, Эрдэнэтчүүд волейболын спортын хөгжлийн томоохон “зүтгэлтнүүд” гэдэг нь энэ өдрүүдэд нотлогдлоо.
Ерөнхий захирал Х.Бадамсүрэн: Волейболын ордныг Эрдэнэт хотод барихаар боллоо
Эрдэнэт хотод болсон волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний үр дүнгээс гарсан хамгийн сайхан шийдвэрийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Үндэсний дээд лигийн тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Х.Бадамсүрэн хаалтын үйл ажиллагааны үеэр дуулгав. Үе үеийн волейболчдын хүсэл мөрөөдлийг биелүүлж, волейболын ордныг Эрдэнэт хотод сүндэрлүүлэх болсон нь зөвхөн уг спортынхон төдийгүй уурхайчдын хотын иргэдэд барьсан гайхалтай бэлэг боллоо. Үндэсний дээд лигийн тэмцээний 2 дугаар тойргийн тоглолтын үйл ажиллагааг дүгнэж хэлэхдээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн дээрх таатай мэдээг дуулгаж, зохион байгуулалтын ажилд оролцсон бүх хүмүүст талархал илэрхийллээ. Тэрээр “Сэтгэгдэл өндөр байна. Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лиг 7 жил завсарласны дараа энэ жилээс тус холбооны шийдвэрээр сэргээн зохион байгуулагдаж байна. Волейболын холбооноос намайг тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүний хувьд энэ тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар томилсон. Тэмцээн маань эхлээд Улаанбаатар хотод амжилттай явагдсан. Волейболчид бидний хэлдэгээр “аялан тоглолт” нэртэй тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ “аялан тоглолт” буюу Үндэсний дээд лигийн 2 дугаар тойргийн тэмцээний тодорхой тоглолтууд Эрдэнэт хотод боллоо. Тоглолт маш гоё өрсөлдөөнтэй байж, залуучууд маань сонирхолтой олон тоглолтыг үзүүлж чадлаа. ОХУ, Япон, АНУ-аас легионер тоглогчид ирж, өөрсдийн ур чадвараа үзүүлж, Эрдэнэтчүүд уурхайчдыг баясгаж, сэтгэлийг нь өндөр хэмжээнд аваачсан сайхан тоглолтууд байлаа. Ер нь тамирчдаа харахад, бахархах сэтгэл төрж байв. Би Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгчөөр 10-аад жил ажилласан. Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа Улаанбаатар хотод Бөхийн өргөөний танхимд зохион байгуулж байлаа. Тэр үед их сайхан сэтгэгдэл төрөхийн зэрэгцээ манай тамирчид хэзээ эд нар шиг нуруулаг болж, ур чадвар нь өсөх бол гэж бодож суусан. Харин энэ удаагийн багууд миний тэр бодол санааны том хэсэг нь хэдийнэ биелэлээ олсон байна гэдгийг харуулж чадлаа. Тэр жилийн Зүүн Азийн аваргын тэмцээнд манай эмэгтэй баг Хятадын багийг хожиж, мөнгөн медаль хүртэж байсан нь дурсамж бас энэхүү өдрүүдэд сэргэлээ. Мөн энэ удаад залуучуудаа дэмжиж, тоглолтыг нь үзэхээр ахмад волейболчдын төлөөлөл зорьж ирсэн. Тухайн үед залуу насандаа дэлхийн аваргын тэмцээнд улс орноо төлөөлөн оролцож байсан МУГТ Ц.Шоовдор тэргүүтэй мундаг волейболчид, шилдэг мастерууд хүрэлцэн ирсэн нь бас сайхан хэрэг байлаа. Түүнчлэн Орхон аймгийн Засаг дарга болон Монголын Волейболын холбоо, манай Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хамтран зөвлөлдөж, нэг сайхан шийдвэр гаргалаа. Олон жил бид Монгол улсдаа Волейболын ордонтой болъё гэж ярьж ирсэн. Энэ ордноо Эрдэнэт хотод барья гэсэн хамтын шийдвэрт хүрлээ. Энэ шийдвэр маань Монголын залуучуудын сэтгэл санаанд нийцэж байгаа гэдэгт итгэж байна. Монголын үе үеийн бүхий л волейболчдын хүсэл мөрөөдлийг биелүүлэх сайхан шийдвэр гэдэгт эргэлзэхгүй байна. Манай уурхайчдын үр хүүхдүүд, залуучууд маань баяртай байгаа гэж бодож байна. Тиймээс энэ ажлыг хурдан шуурхай хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Монгол волейболчид өөрийн гэсэн ордонтой болж, тэндээ уран гоё тоглолтуудаа үзүүлэх сайхан мөч улам ойртож байгаад залуучууд, волейболын спортынхон сэтгэл өндөр байгаа нь энэ өдрүүдэд харагдлаа. Өөр нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд, миний анх 1995 онд байгуулалцаж байсан Уурхайчин клубын баг маань их залуужсан байна. Энэ багийг байгуулахдаа одоогийн Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ Г.Баярсайхантай хамтарч байлаа. Г.Баярсайхан маань дасгалжуулагчаар олон жил ажилласан. Энэ жилээс холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, хамтдаа энэ удаагийн лигийн тэмцээний зохион байгуулж буйдаа баяртай байна. Манай “Уурхайчин” багийн 70 хувь нь 15-17 насны хүүхдүүд байна. Тэд маань ах эгч нартайгаа ур чадварын хувьд дутах юмгүй тоглолоо. Мэдээж, өсвөрийн насны хүүхдүүд учраас бяр, туршлагаар дутуу. Г.Баярсайхан дасгалжуулагчийн хэлснээр тэд маань Уурхайчин багийн зургаа дахь үеийн тамирчид болж байгаа. Тоглолтын өдрүүдэд үнэхээр тэднээрээ бахархаж суулаа. Тиймээс аль болохоор дэмжиж, хурдан хугацаанд өсөж туршлагажихад нь хувь нэмэр болох юмсан гэсэн сэтгэл өвөрлөж, энэхүү үндэсний дээд лигийн аялан тоглолтыг өндөрлүүлж байна. Түүнчлэн тэмцээний хаалт болгож, гурван өдрийн турш уран гоё тоглолтоороо бидний нүд сэтгэлийг баясгасан залуучууд, тамирчдадаа зориулан “Шидэт бөмбөлөг” цэнгүүнийг зохион байгуулж байна. Волейболчид маань тэмцээний сонин хачинаас ярилцаж, цаашлаад Улаанбаатар хотод үргэлжлэх тоглолтынхоо талаар хоорондоо зөвлөлдөж санал солилцох боломжийг өгч байгаа юм” гэж Эрдэнэт дэх лигийн тоглолтыг хааж хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Дэлгэрэнгүй: http://www.erdenettoday.mn
Мэдээний ангилалууд
- Үйлдвэр
- Бүтээн байгуулалт
- Орон нутаг
- Видео
- Спорт
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Соёл амралт
- Онцгой комисс
- Авлигын эсрэг үйл ажиллагаа
Сэтгэгдэл үлдээх