Мэдээ мэдээлэл

Бага агуулгатай хүдрийг баяжуулж байгаа туршлагыг нэвтрүүлнэ

access_time 2019-11-14

   Дэлхийд байгаа зэсийн нөөц 5.6 тэрбум тонн, үүнээс тодорхойлогдсон нөөц нь 2.1 тэрбум тонн, уул уурхайн олборлох хүчин чадал нь 24 сая тонн байгаа бол уул уурхайн байгууллагууд 20.6 сая тонн зэс олборлон гаргаж байна. Энэ судалгааг Засгийн газар хоорондын байгууллага болох Олон улсын Зэс судлалын байгууллагын ээлжит хуралдааны үеэр мэдээлжээ. 

   Олон улсын зэс судлалын байгууллагад зэс үйлдвэрлэдэг болон зэс хэрэглэдэг 26 орон гишүүнчлэлээр элсжээ. Энэ байгууллагад Монгол Улс 2017 онд нэгдэн хамтын ажиллагааг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хариуцан ажилладаг юм. 
   Жилд хоёр удаа хурлаа зохион байгуулдаг уламжлалтай тус байгууллагын ээлжит хуралдаан Португал улсын Лисбон хотноо болж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Экспорт, борлуулалтын хэлтсийн дарга Я.Пүрэвээ нар оролцоод ирлээ.
   Хуралдаанд гишүүн орнуудаас гадна ажиглагчаар арав гаруй орны төлөөлөгчид оролцож зэсийн талаарх техник, технологи, байгаль орчин хамгаалал, эрүүл ахуй, зэсийн худалдаа, зэсийн зах зээлийн цаашдын чиг хандлага ямар байгаа талаар судалгаа хийж гарын авлага, ном бэлтгэн гишүүн байгууллагууддаа өгдөг байна.
   “Энэ байгууллага нь зэс худалдан авалт, зэсийн зах зээлийн тухай дэлхий дахинд цогц мэдээллийг хүргэх зорилготой юм. Хуралдаанаар зэсийн эргэн тойронд өрнөж буй үйл явдлыг багцлан гишүүддээ өгдөг. Өмнөх хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн дүгнэлт хийж,  цаашид хэрхэн тухайгаа ярилцаж санал бодлоо солилцлоо” гэж Эрдэнэт үйлдвэрийн Экспорт, борлуулалтын хэлтсийн дарга Я.Пүрэвээ ярилаа. 
   Зэсийн уурхайнуудын агуулга буурч, зэсийн хэрэглээ өсөж байгаа энэ үед дэлхий нийтээр зэсийн хэрэглээг хэрхэн хангах асуудлуудыг ч энэ удаагийн хурлаар онцлон хөндсөн байна. Түүнчлэн байгаль орчны нөхөн сэргээлт, зэсийн баяжмалын хорт элементүүдийн хязгаарыг хэрхэн доошлуулах, бага агуулгатай хүдрийг баяжуулж байгаа туршлагыг нэвтрүүлэх зэрэг илтгэлүүдийг хэлэлцэж, зэсийн цаашдын хандлагын талаар санал бодлоо солилцжээ. 

А.Бямбамаа

Сэтгэгдэл үлдээх