Мэдээ мэдээлэл

Б.МЯНГАНБАЯР: “Би хотынхоо, үйлдвэрийнхээ төлөө юм хийх ёстой” гэдэг бодол санааг аваасай

access_time 2019-11-15

   ОХУ(ЗХУ)-д болон хуучин социалист системийн орнуудад их, дээд сургууль төгсөгчдийн IV чуулганыг энэ сарын 17-ны өдрийн 14.00 цагаас Эрдэнэт хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулганы бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар “ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн холбоо”-ны Орхон аймгийн салбарын тэргүүн Б.Мянганбаяр гуайтай ярилцлаа.

 


    -ОХУ-д сургууль төгсөгчдийн чуулга уулзалтыг сэргээх нь ямар ач холбогдолтой вэ?

  -Холбооны анхдугаар чуулганыг 2008 онд Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Анхдугаар чуулганаас уриалга гаргаж, холбооны зорилго, чиглэлийг тодорхойлсон нь хамгийн том ололт байсныг энд хэлэх нь зөв байх. Тухайн үед 11 хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөлийг сонгоход миний бие гишүүнээр сонгогдож байлаа. 2010, 2012 онд хоёр жилийн хугацаатай чуулганыг зохион байгуулж, түүнээс хойш тасраад байсан юм. “ОХУ-д сургууль төгсөгчдийн холбоо”-г улсын хэмжээнд УИХ-ын дарга Занданшатар тэргүүлж, энэ жил ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг ирэх үеэр Улаанбаатар хотод ээлжит чуулганыг зохион байгууллаа. Одоо орон нутагтаа хийхээр төлөвлөн, бэлтгэл ажлаа хангаж байна. Их, дээд сургууль төгсөгчдийн хувьд эргэх холбоогоо сайжруулах, хоорондоо танилцах, мэдлэг туршлагаа хуваалцах боломжийг бүрдүүлэх нь олон талын ач тустай. Нэгд, хотоо хөгжүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх чиглэлээр хийж байгаа залуучуудын инновацийн ажлыг судалж, үр дүнг нь олон нийтэд түгээх, сурталчилах, боломжтой бол төгссөн сургуульд нь зуучлах, мэдээлэх ажлуудыг зохион байгуулна. Хоёрдугаарт, улс орны хөгжилтэй холбогдуулан залуучуудыг чадавхижуулах шаардлага бий болж байна. Энэ хүрээнд төгссөн сургууль дээрээ очиж дадлага хийх, мэргэжил дээшлүүлэн суралцахад нь гүүр болно гэж үзэж байгаа.

    -Хойд хөршид сургууль төгсөгчдийн тоон судалгаа бий юу?

   -Орхон аймгийн хэмжээнд ОХУ-д их, дээд сургууль төгссөн 400-500 хүн байна гэсэн тоон судалгааг хэдэн жилийн өмнө гаргаж байсан. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд ажиллаж байгаа 340-өөд, ажлаас чөлөөлөгдсөн болон тэтгэврийн насны 400 орчим төгсөгч байгааг судалгаагаар гаргасан. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд 700 гаруй хүн байна гэж бодвол аймгийн хэмжээнд чамгүй тоо гарах байх. Ер нь сургууль төгсөгчдийн бүртгэлийг нарийн гаргахыг зорьж байна. Энэ нь алсдаа хэрэгтэй.

    -Чуулга уулзалтын хүрээнд ямар ажлууд зохион байгуулах вэ?

    -Чуулганд “Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн дарга, БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ОХУ-д сургууль төгсөгчдийн /МАВСУЗ/ холбооны дэд тэргүүн, Монгол Улсын Гавьяат багш Д.Цогзолмаа нарыг урьсан. Тэд Халхын голын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хийгдсэн ажлууд, холбооны зүгээс цаашид тавих зорилго, зорилтуудаа тодорхой ярьж, танилцуулга мэдээлэл хийхийн зэрэгцээ санал хүсэлт хүлээн авч, төгсөгчидтэй чөлөөт ярилцлага хийх юм. Төгсөгчид хоорондоо танилцахаас гадна “Би хотынхоо, үйлдвэрийнхээ төлөө юм хийх ёстой” гэдэг бодол санааг аваасай гэж хүсч байна. Энэхүү чуулга уулзалт нь өргөн утгаараа Монгол-Оросын найрамдлыг бэхжүүлэхээр хийж байгаа ажлуудын нэг.

    -Өнөөгийн залуучуудын дийлэнх хувь нь сайн сургуульд мэргэжил дээшлүүлж, мэдлэг чадвараа зузаатгахыг хүсч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ямар сур

   -ОХУ-ын Уралын их сургууль дэлхийн “ТОП 100” сургуулийн жагсаалтад орохоор хөтөлбөр боловсруулан ажиллаж байгааг энд онцолмоор байна. “ТОП” шалгуурыг хангахын тулд нийт суралцагчдын тодорхой хувь нь гадаад оюутан байна, гадаадын улс орнуудтай хамтран ажиллах төсөл хэрэгжүүлэх, сургууль төгсөгчдийн эрдэм шинжилгээний бүтээллийг Олон улсын сэтгүүлд хэвлүүлэх зэрэг олон ажил багтдаг. Тиймээс гадаадын төгсөгчидтэйгээ холбоо тогтоож, гаднаас оюутан элсүүлэх, суралцуулах сонирхолтой болжээ. Уралын их сургууль Эрдэнэт үйлдвэртэй олон жилийн хамтын ажиллагаатай. Саяхан 17 инженер залуу тус сургуульд суралцахаар явлаа. Эрдэнэт үйлдэрт цагаан тоос дарах болон өнгөт металлургийн чиглэлээр хамтран ажиллахдаа Технологийн сургууль дээр тоног төхөөрөмж бүхий кабинет байгуулах боломжтой эсэх талаар бид санал оруулсан. Мөн Технологийн сургуулийн оюутнуудыг 2+2 хөтөлбөрөөр буюу сургалтынхаа 2 жилийг Уралын их сургуульд, үлдсэнийг эх орондоо суралцан хоёр дипломтой төгсөх талаар санал дэвшүүлээд байна. Сургуулийн дэргэдэх Мэргэжил дээшлүүлэх институтэд Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд суралцдаг байсан. Энэ уламжлалаа сэргээн, сургуультайгаа хамтран ажиллах боломж, гарц нээлттэй байна.

    -Та өөрийн ажил, амьдралын арвин туршлагаас бидэндтэй хуваалцахгүй юу? ЗХУ-д ямар сургууль дүүргэсэн бэ?

  -Миний бие ЗХУ-ын Свердловскийн Политехникийн дээд сургуулийг төгсөж, ЗХУ-ын Коммунист намын дэргэдэх Нийгмийн шинжлэх ухааны институтад докторын зэрэг хамгаалсан. Миний амьдралын бүх зүйл ЗХУ-д суралцаж боловсрол эзэмшсэнтэй холбоотой гэж боддог. Тэр ч утгаараа талархах сэтгэлийнхээ илэрхийлэл болгож холбооны ажилд идэвхитэй оролцохыг хичээж явна. “Свердловск хотын Политехникийн дээд сургууль төгсөгчдийн холбоо” гэж бий. Тус холбоог Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр ахалж, би тэргүүлэгчийн хувиар үйл ажиллагаандаа оролцож ирсэн.  

  -Таныг Эрдэнэт хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын хариуцлагатай алба хашиж явсныг мэдэх хүн олон бий. Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

   -Миний бие 1967 онд Свердловскийн Политехникийн дээд сургуулийг төгсөөд 52 жил болж байна. ЗХУ-д оюутан байх үед сурлага, сахилгаараа шилдэг хүүхдүүдийг намд элсүүлдэг байлаа. Энэ журмаар намын гишүүн болж эх орондоо эргэн ирсэн юм. Улаанбаатар хотын Автозасварын заводын инженерээс ажлын гараагаа эхэлж, Ерөнхий инженер болтлоо дэвшин ажилласан. Тэр цагаас хойш тэтгэвэрт гарах хүртлээ улс төрийн ажилтан буюу намын хариуцлагатай ажил албан тушаал хашиж байлаа. Ажилчны хороонд Намын хорооны нэгдүгээр дарга, Эрдэнэт хотын намын хороонд нэгдүгээр нарийн бичгийн дарга, сүүлд Ардчиллаас хойш ОХУ-ын БНТува улсын Ерөнхий консулаар ажилласан. Тувагаас эргэж ирээд Эрдэнэтийн Оёдлын цехийн даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. 1980 онд Коммунист намын дэргэдэх НШУ-ны төвд түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

   -Нэг ажлаас нөгөөд хөрвөж ажиллахдаа ур чадвараа хэрхэн ахиулж байв? Таны хувьд хамгийн их ачаалалтай ажил аль нь байсан бэ?

  -Би 1985 онд 42 настайдаа Эрдэнэт хотын Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ирсэн. Тэр үед залуу байж гэж бодогддог. Нэг намын системтэй байх үед бүх зүйл дээр намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга шийдвэр гаргадаг байлаа. Ер нь намын ажилтай холбоогүй зүйл гэж байсангүй. Тэр ч утгаараа хувь хүнээс хамгийн их ур чадвар шаардсан ажил байсан гэж бодож байна. Энэ албан тушаал дээр сууж байгаа хүн олон талын боловсрол, мэдлэгтэй байх ёстой. Би Металлургийн буюу цутгуурын инженер мэргэжилтэй хүн. Гэтэл зориуд энэ том үйлдвэр дагасан хотыг удирдахад техникийн боловсролтой хүн байх шаардлагатай гэж үзсэн хэрэг л дээ. Мэргэжлийн чиглэлээр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, инженер техникийн ажилтнуудтай уулзахад ямар ч байсан мэргэжлийн баримжаатай, энэ хүн худлаа хэлж байна уу, үгүй юу гэдгийг ялгаж таних чадвартай байлаа. Үндсэндээ суурь мэргэжил дээрээ үндэслэн өөрийгөө хөгжүүлж, тавигдсан шаардлагад тохируулан уншиж судалж, харилцаандаа их анхаарсан. Нэр төрөө өсгөхийн тулд бус улс орны эрх ашгийн үүднээс эдгээрийг хийдэг байлаа.

   -Өнөөгийн залуучуудад хандан таны хэлэх үг?

  -Би өөрийн амьдралын түүхээс цухас ярья. Улаанбаатар хотын Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга н.Алтангэрэл намайг өрөөндөө дуудаж, “Автозасварын заводын намын хорооны даргаар тавина” гэсэн саналаа хэлсэн юм. Тухайн үед Зөвлөлтийн хөрөнгөөр тохижуулсан Автозасварын завод нь 1200-аад хүнтэй, 1000 машинд их завсар хийдэг томоохон бүтэц байлаа. Намын ажлын талаар ойлголтгүй, тэр чиглэлийн сургууль соёл төгсөөгүй надад энэ санал хэтэрхий ахадсан. Үүнийгээ ч хэлсэн. Гэтэл н.Алтангэрэл дарга, “Би 29 насандаа Хүнсний үйлдвэрийн Сайдаар ажиллаж байлаа. Мянганбаяр аа, чи 29 насандаа 1200 хүнтэй жижиг заводыг ахлаад явж чадна. Юуны тулд ЗХУ-д сургууль төгслөө” гэж билээ. Ингээд би хорооны даргын үүрэгт ажилд томилогдсон. Итгэл, хариуцлага дааж явна гэдэг амаргүй. Дараа нь ЗХУ-д Намын сургууль төгсөж ирээд Ховд аймаг хариуцсан хорооны зохион байгуулагчаар ажиллаж байгаад Ажилчны районы Намын хороон даргын ажлыг хийсэн байдаг юм. Тэндээсээ Эрдэнэтдээ ирсэн. Энэ бүхнийг хэлэхийн учир нь хүн алсаа харсан зорилготой байх хэрэгтэйг залуустаа хэлэхийг хүслээ. Зорилгодоо хөтлөгдөн, өөрийгөө удирдах нь хамгийн зөв. Хариуцлагатай ажил хийхийн хэрээр өөртөө өндөр шаардлага тавьдаг юм билээ. Хамгийн наанадаж ажилдаа цагтаа ирдэг, цагтаа тардаг, ажил дээрээ үр бүтээлтэй ажиллах гээд олон зүйл яригдана. Зүгээр цаг өнгөрөөж суух нь сонин биш, санаачилгатай ажиллах хэрэгтэй л гэж зөвлөмөөр санагддаг. Аливаа санаачилга жижигдэнэ гэж байдаггүй. Эмх цэгцтэй, шударга байх тухай бодох хэрэгтэй. Одоогийн хүмүүс ядарсан зүдэрснээ гайхаж, халаглан, хэт залхуу болсон юм шиг санагддаг. Хот суурин газар амьдарч байгаа хүмүүст даарч хөрөх асуудал алга, сайхан л байна шүү дээ. Дэнгийн гэрэлд ном уншдаг цаг үе өнгөрсөн. Улс орныхоо хөгжлийг эерэгээр харж байна. Бид шилжилт, өөрчлөлтийг өөдрөгөөр харах хэрэгтэй.

   -ОХУ-д сургууль төгсөгчдийг уриалсан үгээр энэ ярилцлагаа өндөрлье?

   -Бидний зохион байгуулах үйл ажиллагаанд хүрэлцэн ирээрэй гэж төгсөгчдөө уриалмаар байна. Та бүхэнтэйгээ хамт санаа оноогоо хуваалцан, цаашдын ажлаа төлөвлөн ярилцъя.

И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Сэтгэгдэл үлдээх