Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Орон нутагД.АЛТАНТУЯА: Бид буурцагт ургамлаас гаргасан эко жүүсийг эх орондоо үйлдвэрлэнэ
“Эрдэнэтээ дэмжье” булангийн ээлжит зочноор “Эрдэнэс”, “iEco” цэвэр усаар орон нутгийн хэрэглэгчдэд эчнээ танил болсон “Ранчо” ХХК-ийн захирал Д.Алтантуяаг урилаа. “Өдөр бүр шинэ” хэмээн ялгарах өнгө төрхөө тодотгосон тус компани Орхон аймагт 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бизнесийн салбарыг хатан ухаанаар чимж яваа захирал Д.Алтантуяагийн “Нугарчихгүй, хугарчихгүй, буцчихгүй юмсан” гэсэн үзэл бодлын үр шим өнөөдөр олонд танигдсан брэнд бүтээгдэхүүн болсныг энд онцолъё. Усны бизнесийг өргөжүүлэх нэг томоохон алхам нь эрүүл мэндэд тустай эко жүүс гэдгийг тэрээр хэллээ. Орхон аймагт төдийгүй Монголдоо анх удаа буурцагт ургамлын жүүс үйлдвэрлэхээр зорьсон сонирхолтой ярилцлагыг бэлтгэн хүргэж байна.
-ЦЭВЭР УСНЫ БИЗНЕСТ АНХ ХЭРХЭН ОРСОН БЭ? ЗАХ ЗЭЭЛИЙН БАГТААМЖАА ХЭРХЭН ОЛЖ ХАРАВ?
-Би эдийн засагч мэргэжилтэй. 2005 онд компани байгуулж, орон нутагтаа ямар үйлдвэрлэл эрхлэх вэ гэж их бодсон. 2012 оны 5 дугаар сард цэвэр усны үйлдвэрлэлийн төслийг судалгааны шатанд эхлүүлж, нэг сарын турш Улаанбаатарт судалгаа хийж, урд хөршөөс тоног төхөөрөмжөө судалсан. Улмаар гүний худагтай болж, усны салбарт оръё гэж эргэлт буцалтгүй шийдэж билээ. Ингээд 12 дугаар сард сайн түншүүдтэй таарснаар тоног төхөөрөмжөө оруулж ирж угсран, үйлдвэрээ байгуулсан. Цэвэр усны зах зээлийн багтаамж нь Орхон аймгийн хувьд бага ч гэлээ ойролцоох аймгуудад нийлүүлэх боломжтой гэж анх харсан. Тухайн үед орон нутгийн зах зээлд Улаанбаатарын томоохон компаниудын цэвэр ус байсан бол өнөөдөр Орхон аймаг жижиг савлагаатай ус үйлдвэрлэдэг хоёр ч компанитай боллоо. Энэ бол бидний дэвшил гэж харж байна. “Эрдэнэс”, “iEco”усаа иргэд, олон нийтэд таниулахын тулд сүүлийн 3 жилийн турш хоёр томоохон бөөний цэгээр худалдаанд гаргаснаар борлуулалт сайжирч, Эрдэнэтийнхэн ч таньдаг, мэддэг боллоо. Нэг үеэ бодоход хүн бүр эрүүл байя гэж ярьдаг, ус ямар бүтэцтэй, хүнд ямар ашиг тустайг мэддэг болжээ.
-“ЭРДЭНЭС”, “IECO” ГЭСЭН ХОЁР НЭРЭЭР ЗАХ ЗЭЭЛД ГАРГАДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ВЭ? МАРКЕТИНГИЙН БОДЛОГО УУ?
-Анх хоёр нэр авчихсан учраас аль алийг нь ашиглаж байна. Удахгүй мэндлэх буудайн жүүсээ “iEco” нэрээр нэрлэж, цэвэр усаа “Эрдэнэс”-ээр гаргахаар төлөвлөсөн. Цэвэр усны зах зээлийн судалгаагаа өөрөө хийж, компанийн маркетинг, менежментийг охиндоо даатган ажилласан. Бид үйлдвэрийнхээ өргөтгөлийг хийснээр сүүлийн 2 жилийн хугацаанд бүх төрлийн ус савлах хүчин чадалтай болж, бөөний төвүүдтэй хамтран Булган аймагт цэвэр ус нийлүүлж байна.
-ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТЭЙ ХЭДИЙ ХУГАЦААНД ХАМТРАН АЖИЛЛАВ?
-Цэвэр усны үйлдвэр маань бүрэн хүчин чадлаараа ажиллахад өдөрт 0.5, 1.5, 5 литрийн савлагаа бүхий 5 тонн ус үйлдвэрлэх боломжтой. Гэвч энэ хэмжээнд хүрэх болоогүй л байна. Өнөөдрийн байдлаар бид өдөрт дунджаар 1.5-3 тонн ус үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэхийн зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хор саармагжуулах бүтээгдэхүүний цэвэр усаар ханган ажиллаж байна. Манай компани 2017-2019 онд Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулан ажиллаж, хангалттай сайн үүргээ биелүүлсэн. Тэр ч утгаараа найдвартай харилцагч түнш болж, 2019 онд шинэ гэрээний дагуу өдөр бүр шинээр шүүж савласан 2000-3000 ширхэг цэвэр ус нийлүүлж байна. Уурхайчид сэтгэл хангалуун байгаад баярладаг.
-УСНЫ СТАНДАРТ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН ТУХАЙД ЮУ ХЭЛЭХ ВЭ?
-Үйлдвэр шат дамжлагатай байх ёстой. Крантны болон үйлдвэрийн ус нь харагдах байдлаараа ялгарахгүй ч амт нь өөр. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн ус зөөлөн амттай байдаг. Манайх 60 метрийн гүний усыг нүүрс, чулуу, мембран, кварц, зэс хоолой гэсэн 5 дамжлагаар шүүж, эцсийн бүтээгдэхүүн болгон савлаж байна. Энэ бүх дамжлага нарийн хяналттай байдаг учраас гаднаас нөлөөлөх хүчин зүйлгүй, бүгд автомат ажиллагаатай. Усны стандарт гэж бий. Үүнд Мэргэжлийн хяналтын газраас тавьсан стандартыг мөрдөж ажилладаг. Орхон аймгийн МХГ-аас хийсэн өнгөрсөн хаврын шалгалтаар бүх үзүүлэлтээ хангахад, “Танайх жишиг компани болж байна шүү” гэсэн таатай мэдээг дуулгасан.
-ӨЧИГДРӨӨС ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ТУУЛСАН ЗАМАА ХАРАХАД БАХАРХАХ ЗҮЙЛ НЬ ЮУ БАЙДАГ ВЭ?
-Хамт олон, бүтээн байгуулалтаараа бахархдаг. Үйлдвэрийнхээ хашаанд орж ирээд харах хамгийн сайхан. Энэ бүхнийг босгоход надад шантрах зүйл олон байсан. Харин өнөөдөр сэтгэл тэнүүн сууж байгаа минь л аз жаргал юм даа.
-БОЛОВСОН ХҮЧНЭЭ ТОГТВОРТОЙ АЖИЛЛУУЛАХАД ХЭРХЭН АНХААРДАГ ВЭ?
-Манай компанид инженер техникийн ажилтнуудтай нийлсэн 18 хүн ажиллаж байна. 2012 оноос өнөөг хүртэл тогтвор суурьшилтай ажилласан 7 хүн бий. Эхнээсээ тэтгэвэртээ гарч байна. Тогтвортой ажиллана гэдэг нь нэг талаар тухайн компанийн үнэ цэнэ юм болов уу гэж би боддог. Хүнийг тогтвортой, бүтээмж өндөртэй, урт хугацаагаар нэг байгууллагад ажиллуулна гэдэг амаргүй. Тухайн ажилтны төдийгүй ар гэрийнх нь өмнө үүрэг хүлээсэн хүн гэж бодохоор нугарах, хугарах, буцах эрх надад байдаггүй.
-ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ САНАА БИЙ ЮУ?
-“Эрдэнэс”, “iEco”усыг Эрдэнэтийнх гэдгээр нь мэддэг боллоо. Улаанбаатар хотод үзэсгэлэнд оролцож байхад “Ээжээ, энэ манай ус байна. Бид нар дандаа уудаг байсан. Үнэхээр гоё ус” гээд “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн амрагч хүүхдүүд ус авч байхыг хараад “Хүмүүс таньдаг болж дээ” гэж бодогдсон. Тэр хүүхдийн сэтгэлд үнэ цэнээ бий болгосон ус маань хэрэглэгчээ аль хэдийнэ бэлдээд эхэлжээ. Тэгэхээр цаашид юу хийх, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хор саармагжуулах бүтээгдэхүүнд юу байж болох вэ гэдэг дээр чамгүй хугацаанд судалгаа хийж ажиллалаа. Орон нутагтаа тэдгээр бүтээгдэхүүнийг хийж болно гэж харсан. Судалгааныхаа дүнд буурцагт ургамлаас жүүс гаргах технологийг амжилттай туршиж, үйлдвэрлэхэд бэлэн болоод байна. Яг өнөөдрийн байдлаар сав баглаа боодлоо тодорхой шийдээгүй боловч эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт хүрэхэд ойрхон байгааг дуулгая. Буурцагт ургамлаас жүүс гаргах технологийг Турк, Болгарт өргөн ашигладаг юм билээ. Болгараас гаралтай бүтээгдэхүүн гэж үздэг. Жүүс нь хүний биед нэн сайн, элэг баярлуулах бүтээгдэхүүн гэдгийг судалгаагаар нотолчихсон. Мөн Эрдэнэтдээ цэвэр жимсний жүүс хийх санаа бий. Хөвсгөл, Булган аймгаас байгалийн жимс худалдан авч түүхий эдээ бэлтгэх өргөн боломж Эрдэнэтийнхэнд байна гэж хардаг. Үйлдвэрлэлийн байраа өргөтгөсний дараа энэ ажлаа шууд эхэлнэ. Шинэ бүтээгдэхүүн гаргах амаргүй ч бид амжилттай яваа.
-ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДАГАЖ АЖЛЫН БАЙР НЭМЭГДЭХ ҮҮ?
-Эко жүүсний үйлдвэр нээгдэхэд хамгийн багадаа 5-6 ажлын байр бий болно. Харин байгалийн цэвэр жимсээр жүүс хийгээд эхэлчихвэл 5-10 хүнийг дахин ажлын байртай болгохоор төлөвлөж байна. Жүүсний үйлдвэрийг алсын зорилго болгосон ч 2020 он гэхэд хийх том даалгаврыг өөртөө өгсөн. Хаанаас тоног төхөөрөмж оруулж ирэхээ судалж байна.
-ОРОН НУТГИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧ БАЙХЫН ЭЕРЭГ БА БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ ЮУ ВЭ?
-Орон нутагт үйлдвэрлэгч байх нь сэтгэлд амар, стресс багатай. Хэрэв бид Улаанбаатарт ажиллаж байсан бол хүргэлтэндээ багагүй хугацаа зарцуулах байсан. Эрдэнэтдээ 1-3 цагийн дотор захиалгаа хүргэхийг эрмэлздэг. Бизнес эрхлэгчдэд тулгамддаг гол зүйлийг банкны зээл гэж харсан. Зовлон ярья гэвэл бизнес эрхэлж байгаа бүх хүн л ярина. Гэхдээ тэр бүгдийг үүрсээр өнөөдрийг хүрч, асуудлыг даван туулаад сурчихсан. тиймээс надад бэрхшээж, эндээс зугтъя гэсэн бодол төрж байсангүй.
-ХЭРЭГЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДДЭЭ ХАНДАН ТАНЫ ХЭЛЭХ ҮГ?
-Цэвэр усыг нэг талаас нь харахад бизнес боловч нөгөө талдаа хүний өдөр тутмын хэрэглээ байдаг. Тиймээс зөв бүтэцтэй, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн хүргэхийн тулд манай хамт олон хичээн ажиллаж байна. Долоон жилийн турш бидэнтэй хамт байсан хэрэглэгчиддээ баярласнаа илэрхийлье. Баялаг бүтээгч уурхайчиддаа баярлалаа. Бид цаашдын алхамаа та бүхнийхээ оролцоотой хийж, Монголын зах зээлд шинэ бүтээгдэхүүн “нутагшуулахад” хамтран ажиллахдаа таатай байх болно.
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
Мэдээний ангилалууд
- Үйлдвэр
- Бүтээн байгуулалт
- Орон нутаг
- Видео
- Спорт
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Соёл амралт
- Онцгой комисс
- Авлигын эсрэг үйл ажиллагаа
Сэтгэгдэл үлдээх