Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Эрүүл мэндЭрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 8000 хүн хамрагдана
Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг өнөөдөр Медипас эмнэлэгт эхэлж байна. Энэ жилийн үзлэг, оношилгооны онцлогийн талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Статистикч эмч Ж.Эрдэнэчимэгээс тодруулсан юм.
-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт энэ жил хэчнээн хүн хамрагдах вэ?
-Үйлдвэрийн ажиллагчид, ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадварын хувь тогтоолгосон иргэд гээд нийт 8000 хүн энэ удаагийн үзлэг, оношилгоонд 16 багцаас сонгож хамрагдах ёстой.
-Өнгөрсөн жил есөн багцаас сонголт хийж байсан. Үүнийг илүү нарийвчилж задалсан гэсэн үг үү?
-Ерөнхийдөө тэгж ойлгож болно. Түрүү жил зүрхний багц ганцхан байсан бол энэ удаа зүрхний гурван багц бий. Зүрхний ЭХО-той нэг багц, зүрхний 24 цагийн бичлэгтэй багц, артерийн даралтын хэмжилттэй багц байх жишээтэй. Багц сонгоход нас харгалзахгүй. Эмэгтэйчүүд бүгд хөхний рентген зураг авхуулна.
-Онцлог багцуудыг тодруулж тайлбарлавал..?
-Цацраг болон мэргэжлээс шалтгаалах өвчлөлд дөхсөн тохиолдлыг илрүүлэх багц шинээр орсон. Чихрийн шижингийн багц дотор бамбай илрүүлнэ. Мөн энэ багцыг сонгосон хүнд бас нэг давуу тал олгогдож байгаа нь зүрхний ЭХО-той. Нурууны багц нь нурууны рентген зураг авч, витамин Д3 үзнэ. Нурууны MRI, хэвлийн томограф нь тодосгогчтой. Энэ удаа Үндсэн багц гэж байхгүй.
-Үзлэгийг ямар дарааллаар зохион байгуулах вэ?
-Эрүүл мэндийн хувьд асуудалтай, удаан өвдөж байгаа, хөдөлмөрийн зохицуулалт хийх шаардлагатай дөрөвдүгээр бүлгийн буюу ээнэгшлээ алдсан архаг өвчтэй хүмүүсээ үзлэгт түрүүлж оруулна. Энэ бүлгийн 70 гаруй хүн бий. Тэдний дунд хөдөлмөрийн чадвар алдалтын групп тогтоолгох шаардлагатай хүмүүс ч байгаа, төгс эмчилгээ хийлгээд хэвийн байдалдаа орж ажлаа хийх боломжтой нь ч бий. Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр групп тогтоолгох шаардлагатай байна уу, эсвэл ердийн өвчний улмаас ажлын хүнд хортой нөхцөлөөс хэвийн рүү шилжихээр байна уу гэдгийг үзлэгээр тогтоох юм. Үүний дараа гуравдугаар бүлгийн буюу эрүүл мэндийн оношоо тодруулах, нарийн шинжилгээнд орох шаардлагатай 2000-аад хүн үзлэгт хамрагдана. Өөрөөр хэлбэл үүнд зүрх судасны өвчтэй, даралт нь байнга ихэсдэг хүмүүсээ хамааруулсан.
-Жилээс жилд Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт зориулах мөнгөө өсгөдөг. Энэ жилийн тухайд..?
-Мэдээж өснө. 16 багцын үнэлгээ янз бүр байгаа. Хамгийн үнэтэй нь 600 гаруй мянган төгрөгийн үнэлгээтэй Титэм судасны эмгэг илрүүлэх оношилгоо байна.
-Танай цогцолбор өнгөрсөн жилийн үзлэгийн дүнд судалгаа хийсэн байх. Ажиллагчдын дунд ямар өвчлөл зонхилж байна?
-Нэг хүнд дунджаар гурваас дөрвөн өвчлөл илэрдэг. Бөөрний өвчлөл, даралт, хоол боловсруулах эрхтэн системийн өвчин гэх мэт. Өнгөрсөн жилийн байдлаар ходоод, хоол боловсруулах замын өвчлөл, дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой бодисын солилцооны хямрал, зүрх судасны болон бөөр, шээсний замын өвчлөл тэргүүлэх зэрэгт явсан.
-Баярлалаа
М.ОДГЭРЭЛ
Фото: Б.БАТТӨГС
Мэдээний ангилалууд
- Үйлдвэр
- Бүтээн байгуулалт
- Орон нутаг
- Видео
- Спорт
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Соёл амралт
- Онцгой комисс
- Авлигын эсрэг үйл ажиллагаа
Сэтгэгдэл үлдээх