Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Онцгой комиссД.ҮҮРИЙНТУЯА: Бид менежментийн хувьд бүх боломжийг дайчлан ажиллаж байна
Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн 2020 оны эхний хагас жилийн тайлангийн хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. /08 сарын 06/ Үйлдвэрлэлийн цехүүд тайлангаа хамгаалж дуусах үеэр бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяагаас тайлангийн хурлын үр дүнгийн талаар тодрууллаа.
-Тайлангийн хурлын явцын талаар ярина уу?
-Эрдэнэт үйлдвэрийн 2020 оны эхний хагас жилийн тайлангийн хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Үндсэндээ үйлдвэрлэлийн цехүүд маань тайлангаа хамгаалаад дууслаа. Өнөөдөр нийгмийн цехүүд тайлангаа хамгаална. Маргааш “Улаанбаатар” Төлөөлөгчийн газрын тайланг хэлэлцэнэ. Ер нь бид Төлөөлөгчийн газрын тайлангийн үр дүнг хагас бүтэн жилээр хэлэлцэж, балансын хурлын үр дүнд нэгтгэдэг байх нь зүйтэй гэж үзээд энэ жилээс эхэлж байгаа юм. Тайлангийн хурлууд хуваарийн дагуу амжилттай болж байна. Өмнөх хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилт дээр тулгуурлаж, 2020 оны нэгдүгээр хагаст хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, цех нэгжүүдэд тулгамдаж буй, шийдвэрлэх, анхаарал хандуулах, яаравчлах асуудлуудыг тооцож, сүүлийн хагас жилийн ажлын төлөвлөгөөнд тусгах зорилтуудаа хэрэгжүүлэхээр тайлангийн хурлыг богино хугацаанд амжилттай зохион байгуулж байна.
-Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор хүндрэлтэй асуудал нэлээн байсан ч Эрдэнэт үйлдвэр нэг ч ажилчин цомхотгоогүй төдийгүй цалингаа ч нэмлээ. Үйлдвэрийн эдийн засаг эхний хагас жилд ямаршуу байв?
-Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сайн байгаа. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын гаралтай түүхий эдийн үнэ харьцангуй уналаа. Нөгөө талаар гадаад худалдааны нөхцөл хүндэрч байна.
Энэ амаргүй байдалтай уялдуулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөт зорилт дэвшүүлсэн. Үйлдвэрлэлийн хамт олон маань сайн ажиллаж байгаа. Энэ амжилтаас үүдэн санхүү эдийн засгийн үр дүн ч сайн байна. Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ хамгийн бага түвшиндээ 4800 ам.доллар хүртэл буурлаа. Харин өнөөдрийн байдлаар 6500 ам.доллар болон өсөж байна. Гэхдээ үнэ тогтвортой биш, өсөлт бууралтын хэлбэлзэл байна. Эхний хагас жилд бидний төлөвлөсөн үнэ 5991 ам.доллар байсан ч тонн тутамдаа дунджаар 500 ам.доллараар бага байлаа. Энэ алдагдлыг нөхөхийн тулд үйлдвэрлэлийн хамт олон маань хичээлээ. Менежментийн хувьд санхүү эдийн засгийн үр дүнг сайжруулах чиглэлээр ч ажиллалаа. Ингээд нэмэлт орлого олох, зардал хэмнэх, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулж, штабын зохион байгуулалтад орж ажилласны үр дүнд санхүү эдийн засгийн хямралтай нөхцөл байдлыг манай үйлдвэр амжилттай даван тууллаа. Удирдлага, зохион байгуулалтын хувьд энэ хямралыг давах тодорхой төлөвлөгөө хөтөлбөртэй ажиллаж байгаагийн үр дүнд ажилчдадаа хүндрэл мэдрүүлэхгүй байхын төлөө байна. Нийгмийн цехүүдийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хязгаарлалтанд орчихсон, ажилгүй байгаа нөхцөлд сул зогсолт үүсгэлгүйгээр цалин хөлс, нэмэгдэл урамшууллыг бүтэн олгох зорилго тавьж, хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой удирдан ажиллаж байна. Түүнчлэн бид бодлогын түвшинд цалин хөлсөө нэмлээ. Бидний одоогийн гол зорилт бол цалин хөлсний өсөлтийг дагаж хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг хангах явдал. Тиймээс цех нэгж, хэсэг бүр дээр хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт ямар байгааг тооцож гаргах чиглэлийг балансын хурлаас өглөө. Үндсэндээ бид энэ хямралтай нөхцөл байдлыг давж туулахад өнгөрсөн 2019 оны ажлын үр дүн нөлөөлсөн. Мөн тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үл хамааран менежментийн хувьд 150 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олж, зардлын хэмнэлт хийсэн. Энэ нь “Ковид”-ийн үед хүндрэлтэй нөхцөлийг даван туулах санхүүгийн эх үүсвэр болж, санхүүгийн ямар нэгэн дутагдалгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл ковидтой холбоотой ямар нэгэн хүндрэл Эрдэнэт үйлдвэрт үүсээгүй гэж хэлж болно. Төлөвлөсөн томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд цаг хугацаандаа хийгдэн санхүүжигдээд явж байна. Эрдэнэт үйлдвэрийн өртөг зардлыг бууруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэх, үндсэн чиглэлийн хүрээнд хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ төсөл хөтөлбөрийнхөө үр дүнг үзэж байж, цаашдаа Эрдэнэт үйлдвэрийн Санхүү эдийн засгийн үйл ажиллагаа үр дүнтэй, үйлдвэрлэлийн бодлого бодитой хэрэгжих ёстой. Тэгэхээр үндсэн чиглэл, томоохон төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх тал дээр бид санхүү эдийн засгийн бодлогыг уялдуулж, үр ашигтай ажиллаж байна. Мөн арилжааны банкуудтай хийсэн хэлцэл, санхүү эдийн засаг, мөнгөний бодлогын үр дүнд экспортын бүтээгдэхүүний борлуулалтын орлогын оновчтой шийдлээс нэмэлт орлого олж байна. Арилжааны банкуудад байршуулж байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийн үлдэгдлээсээ орлого олж байна. Мөн худалдан авалтын үйл ажиллагаанаас эхний хагас жилд 40 гаруй тэрбум төгрөгийг хэмнэж ажиллалаа. Энэ бол худалдан авалт нээлттэй, ил тод, шилэн болж байгаагийн үр дүн юм. Энэ мэтчилэн менежментийн хувьд бид бүх боломжийг дайчлан ашиглаж байна. Ийнхүү хүндрэлийг уурхайчин хамт олон, тэдний гэр бүлд үүсгэхгүйгээр ажиллах Ерөнхий захирлын бодлогыг хэрэгжүүлж байна даа.
-Балансын ерөнхий дүнг та нэгтгэж хэлнэ үү? Цаашид ямар асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй гэж комисс үзсэн бэ?
-Үйлдвэрлэлийн үндсэн цех нэгжүүдийн балансын дүн гарлаа. Манай Ил уурхай, Баяжуулах үйлдвэр үнэхээр сайн ажиллаж байгаа. Эдгээр цех дээр өртөг зардлын гол цөм явдаг. Мөн Автотээврийн цех үйлдвэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийн шатахууны зарцуулалтыг бууруулах тал дээр сайн ажиллаж байна. Нэмэлт орлого олох чиглэлд Баяжуулах үйлдвэр хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Өртөг зардлыг хямдруулах чиглэлд Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Автотээврийн цех сайн ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүн сайн явж байгаа боловч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажилчдын сахилга хариуцлагатай холбоотой асуудлууд дээр онцгой анхаарах шаардлагатай гэж дүгнэж, тайлангийн хурлын комиссоос үүрэг даалгавар өглөө. Мэдээж үйлдвэрлэлд нэмэлт орлого олох, зардлаа хэмнэх, үр ашиг гаргах нь чухал. Гэхдээ түүнээс илүү чухал нь хүний аюулгүй байдал. Ажилчид маань аюулгүй орчинд ажиллаж, өөрсдөө сахилга хариуцлагатай байж ажлын үр дүн гарах ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдлын ямар нэгэн зөрчилгүй ажиллаж, ажилтан бүр хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, сахилга хариуцлагатай байж гэмээнэ бидний ажлын үр дүн улам нэмэгдэх учиртай. Тийм учраас уурхайчин хамт олноо энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллаасай гэж хүсч байна.
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс
Мэдээний ангилалууд
- Үйлдвэр
- Бүтээн байгуулалт
- Орон нутаг
- Видео
- Спорт
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Соёл амралт
- Онцгой комисс
- Авлигын эсрэг үйл ажиллагаа
Сэтгэгдэл үлдээх