Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Онцгой комиссШуурхай штаб, үйлдвэрийн ажилтнуудын Улаанбаатараас ирэх ар гэрийнхний тусгаарлалтад анхаарал тавьж ажиллана
Ковид-19 халдварын улмаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжснээр Улаанбаатар хотод хөл хорионд орсон Эрдэнэтийн иргэдийг татаж авах гэж буйтай холбогдуулан энэ ажлыг хийж гүйцэтгэхээр үйлдвэрийн Шуурхай штаб бэлтгэл хангаж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэдийн дотор Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын ар гэр, оюутан хүүхдүүд байгаа тул тэдний гэрийн тусгаарлалт, ажиглалтад анхаарал тавьж ажиллах юм. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот буюу халдварын голомтоос ирж буй иргэдээ гэрийн тусгаарлалтад заавал 14 хоног байлгахын зэрэгцээ гэр бүлийн гишүүдийг дээрх хугацаагаар давхар тусгаарлах чиглэл өгсөн байна. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс уг шийдвэрийг хэрэгжүүлэхдээ үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, ажилтнуудаа хэвийн ажиллуулах чиглэл барьж байна гэж Шуурхай штабын дарга Д.Мөнхболд онцлов.
Тиймээс үйлдвэрийн ажилтнуудын гэр бүлийн гишүүдийг өөр газарт байрлуулах, тухайлбал оюутан хүүхдийг өвөө эмээ болон бусад ах дүүгийн гэрт тусгаарлах боломжийг судалж байгаа юм. Тандалтын судалгааг үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газартай хамтран гаргаж байгаа аж. Ковид-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор Эрдэнэт үйлдвэр, үйлдвэрлэлийн бүсээ дөрвөн хэсэгт хуваан, өглөө орой ирж, буцах ажилтнуудаа шууд ажил, гэр гэсэн маршрутаар зөөж, хүргэж байна. Бүс хооронд шилжиж ажиллах шаардлага гарах үед хариуцсан цехийн удирдлагууд тусгай журмын дагуу зохицуулж байна. Мөн ариутгал халдваргүйтлийн бодис, ариутгагч, амны хаалтны нөөцийг бүтцийн нэгжүүдийн агуулахад татаж авч, ойртуулан, цехүүдийн хэрэгцээг ханган ажиллаж байгаа аж.
М.Балжинням
Фото: Б.Баттөгс
Мэдээний ангилалууд
- Үйлдвэр
- Бүтээн байгуулалт
- Орон нутаг
- Видео
- Спорт
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Соёл амралт
- Онцгой комисс
- Авлигын эсрэг үйл ажиллагаа
Сэтгэгдэл үлдээх