Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Авлигын эсрэг үйл ажиллагаа“Авлигатай тэмцэх байгууллагуудын хамтын ажиллагаагаар авлигын мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулав
Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Элчин сайдын яам, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран “Авлигатай тэмцэх байгууллагуудын хамтын ажиллагаагаар авлигын мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт 5 өдрийн сургалтыг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Олон нийтийн төв”-д эхлүүллээ.
Авлигатай тэмцэхэд хуулийн тогтолцоо, мөрдөн шалгах арга техник, олон улсын хамтын ажиллагааны тогтолцоо, байгууллагуудын үр дүнтэй хамтран ажиллах нөхцөлийг сайжруулах замаар Монгол Улсын авлигатай тэмцэх чадамжийг нэмэгдүүлэх, мөрдөгч нарын ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилготой уг сургалтыг интерактив кейс судалгаан дээр суурилан дүрд хувирах дасгал ажиллуулж, багаар хэлэлцүүлэх хэлбэрээр зохион байгуулсан нь үр дүнтэй болж байна.
Энэ удаагийн сургалтыг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэргэжилтэн Жон Лонг Нгүен, Христофер Батт, Виктор Ли, Хонконгийн Авлигын эсрэг олон улсын академийн багш Матью Чанг, Нелсон Нг, Брайн Ло нар удирдан явуулна.
Сургалтад Авлигатай тэмцэх газар, УЕПГ, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны албан хаагч, мөрдөгч, прокурорууд оролцож байна.
Сургалтыг нээж Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням “Монгол Улсын Авлигатай тэмцэх газар НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын үнэлгээний дараах авах арга хэмжээ”, “Авлигыг илрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаанд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдвүүдээр бага хурал, хэлэлцүүлгүүдийг өнгөрөгч 3 болон 8 дугаар сард Монгол Улсад амжилттай зохион байгуулсан. Энэ сургалт үүний үргэлжлэл бөгөөд авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, нотлоход санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад ашиглах техник технологи, арга зүй, туршлага мэдлэг чадварын түвшин ижил байх нь хамтын ажиллагааг эрчимтэй явуулахад туйлын чухал юм. Энэхүү чадвар, мэдлэг, хамтын ажиллагааг улам боловсронгуй болгоход энэ сургалтын ач холбогдол оршино. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба хоорондын хамтын ажиллагаа энэ чиглэлд илүү өргөжин хөгжиж байгаагийн нэг илэрхийлэл ч гэж бас хэлж болно” хэмээн онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл үлдээх