Мэдээ мэдээлэл

“Найрамдлын Эрдэнэс”-т Эрхүүгийн хүүхдүүд зочилж байна

access_time 2019-08-05

   Байгалийн үзэмжээрээ сэтгэлд хоногшсон “Найрамдлын Эрдэнэс” зусланд энэ зуны амралтаа өнгөрүүлж байгаа охид, хөвгүүдийн инээд хөөр, дуу хуур цалгисан нэгэн өдрөөр аяллаа. Зуны улиралд байдаг л нэг өдөр мэт санагдавч зусланд амрагч хүүхдүүдийн хувьд амралтын сүүлийн өдөр нь гэдгээрээ онцлог байсан юм. Бүжгийн спортыг сурталчлан таниулж, бүжиглэх дур сонирхолтой хүүхдүүдийг нэгтгэсэн 7 дугаар ээлжинд 500 гаруй хүүхэд амарчээ. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилчид болон тэдний үр хүүхдэд зориулан тэртээ 1981 онд бүтээн байгуулсан “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Найрамдлын Эрдэнэс” зуслан эдүгээ хүчин чадал, хөтөлбөр, арга зүй, боловсон хүчин гээд олон талаараа Монголдоо тэргүүлэх зуслан болсныг хэлэхэд бахдалтай. Зуслангийн хилийн дээс давсан хэнийг ч найрсаг үйлчилгээ, зочломтгой зангаар угтах энэ орчинд гаршуулж тэжээсэн бугын илий, сарлаг, тэмээ, зэрлэг гахай, тарвага, цацагт хяруул, тахиа, галуу зэрэг олон төрлийн ан амьтад бий.

  

  

  

   Манай сурвалжлах багийнхныг очих үеэр спортын талбайд бүжгийн бэлтгэлээ хангаж байсан хүүхдүүд удалгүй сурч мэдсэн шинэхэн бүжгээрээ өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулсан. Өнгийн хувцсаар жигдэрч, өрсөлдөөний талбарт хүч сорьсон хүүхдүүдийн дунд GS, Electro, Onyx Crew бүжгийн хамтлагийнхан үзүүлбэр үзүүлж, зуслангийн флашмоб зохион байгууллаа. Зуны зугаатай өдрүүдийг сэтгэлдээ нандигнах дурсамжаар хөглөн, нөхөрлөлийн хүрээгээ тэлж, ур чадвараа ахиулсан амрагч хүүхдүүд хаалтын үйл ажиллагаан дээр шилдэг бүлгүүд, шилдэг хүүхдүүдээ тодруулдаг уламжлалтай. 
   “Найрамдлын Эрдэнэс” зуслан энэ зун 8 ээлжээр 3000 хүүхэд хүлээн авахаар төлөвлөсөн ч одоогийн байдлаар Улаанбаатар хотоос 1800, Эрдэнэт хотоос 1500 орчим, бусад аймгаас 800-аад хүүхэд буюу нийт 4000 гаруй хүүхэд амраад байна. Англи хэл, чөлөөт бүжиг, сагсан бөмбөг, экологи, хөл бөмбөг сонирхогчдын “Мазаалай каф” төрөлжсөн хөтөлбөрийн зэрэгцээ монгол ахуйн мэдлэг олгохоор зорьсон нь өмнөх жилүүдээс онцлог байсныг зуслан хариуцсан мэргэжилтэн О.Дэлгэрмаа тайлбарлалаа. Амрагч хүүхдүүдийг эрүүл хоолоор хангахад анхаарсан зуслангийн хамт олон хүлэмжийн аж ахуйгаа хөгжүүлэн, өдөр бүр шинэхэн ургацын дээжээр хоол хүнсээ бэлтгэж байна. 

  

   Өнгөрсөн баасан гаригт холын аяны дөрөө мултлан буусан Эрхүү мужийн Тулун, Нижнеудинск хотын 9-17 насны 42 хүүхэд, 6 багшийнхаа хамтаар зуслантайгаа танилцаж, үйл ажиллагаандаа идэвхтэй оролцохоор бэлтгэлээ хангаж байлаа. Байгалийн гамшгаас үүдэн орон гэргүй болсон 5000 хүүхэд байсныг хотоос түр хугацаанд холдуулахаар шийдвэрлэн, ОХУ-ын зуслангууд болон бусад газарт явуулжээ. Тэдэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээр Монгол Улсын “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ-аас хүсэлт тавьсны дагуу Эрдэнэт үйлдвэр угтан авсан нь энэ билээ. Сэтгэл санааны хүндхэн байдлаа даван туулж, үеийнхнээсээ урам зориг авахад нь “Найрамдлын Эрдэнэс” зуслан томоохон хүч болно гэдэгт итгэж байгаагаа багш нар нь хэлж байлаа. Хүүхдүүд энэ сарын 26-ны өдрийг хүртэл зусланд амарч, монгол ахуй соёлтой танилцан, малчин айлаар зочилж, морь унах зэрэг тусгай хөтөлбөрүүдэд оролцоно. Энэхүү амралтын хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэртэй танилцах аялал ч багтсан байна.

  

  

   Энэ үеэр хүүхдүүдийг ахалж яваа англи хэлний багш Ефимова Оксана Анатольевнагийн сэтгэгдлийг хуваалцахад, “Зусланд ирэхэд манай орны байгалийг санагдуулам дотно мэдрэмж төрсөн. Биднийг ирж явах замд тэмээ, бусад амьтад байсан. Хүүхдүүд маань анх удаа ирж байгаа ч зуслан үнэхээр их таалагдсан. Автобуснаас буугаад л, олон хүүхэдтэй юм байна гэж дуу алдаж, шинэ найзуудтайгаа мэндлээд амжсан. Явцын дунд илүү танилцаж, олон найз нөхөдтэй болох байх аа. Зуслангийнхаа хөтөлбөрт аль болох хүүхдүүдээ идэвхтэй хамруулна” хэмээсэн.

Хөгжилтэй мөчүүдээ эргэн дурсаад
Хүүхэд настай уралдаад ирлээ
Найрамдлын Эрдэнэс зуслангаа санаад
Найраг дуугаа дуулаад ирлээ
... хэмээсэн “Зусландаа ирлээ” дууны гэгээн мөртүүд ирэх зуныг хүртэл багачуудын сэтгэлд эгшиглэх нь лавтай.

   Ингээд “Үе тэнгийнхнээ зусландаа урья, манай зуслан үнэхээр гоё” гээд мишээл тодруулах хүүхдүүдийнхээ магтаалын үгээр энэ удаагийн сурвалжилгаа жаргааж байна.


Сурважилсан И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

Сэтгэгдэл үлдээх