Мэдээ мэдээлэл

Ш.ДАВААХҮҮ: 2020 оны Олимпод өнөр бүрэлдэхүүнтэй оролцохоор зорьж байна

access_time 2019-08-21
label Спорт

   Монгол түмнийг уухайн түрлэгээр нэгтгэж, дэлхийн дэвжээнд сор болон гялалзсан амжилт алдрын эзэд олон бий. Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлдэг томоохон ажлын нэг нь их спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэдэг бөгөөд цагаа олсон хөрөнгө оруулалт хийдгээрээ энэ ажил илүү үнэ цэнэтэй. Их спортын эргэн тойронд яриа өрнүүлэхээр Спорт цогцолборын дарга, Үндэсний сурын спортын дархан мэргэн, Гавьяат тамирчин Ш.Даваахүүтэй уулзаж ярилцлаа.

   -“Хангарьд” спорт клубээр овоглосон тамирчдыг Монголчууд андахгүй. Клубыг хэдийд үүсгэн байгуулж, шигшээ баг бүрдүүлсэн бэ?

   -Юуны өмнө Спорт цогцолборын талаар товч мэдээлэл хүргэх нь зөв байх. Манай цогцолбор Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ажиллагсад, Орхон аймгийн иргэд, хүүхэд залуучуудын дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжтэй байлгах, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг өндөр хувиар биелүүлэхэд үл үзэгдэх онцгой үүрэгтэй ажиллаж ирсэн. Мөн спортын тодорхой төрлүүдээр Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа тамирчдынхаа бэлтгэл сургуулилтад хөрөнгө оруулалт хийж, тив, дэлхий, олимпын дэвжээнд амжилт гаргахад дэмжин ажилладаг.

   1990 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бокс, чөлөөт болон жүдо бөхийн төрлүүдээр шигшээ баг бүрдүүлэн ажиллах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал гарч, их спортыг дэмжих “Хангарьд” спорт клубыг байгуулсан. Ингээд спортын гурван төрлөөр тамирчдаа бэлтгэн, олон тэмцээнд амжилттай оролцсон. Хожим туялзуур сэлэм, байт харвааны төрлийг шигшээ багт нэмж, бэлтгэл сургуулилтаа ханган, Олон улсын болон улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцож байна. Эдгээр төрлөөс гадна барилга байгууламж, бааз суурийнхаа хүчин чадлыг ашиглан Монгол Улсын хэмжээнд усан спортыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, тамирчдаа бэлтгэж байна.

   -“Хангарьд”-ын дэвжээнээс тодорч, алдраа мандуулсан аавын хүү, ээжийн охин хэр олон байна вэ?

   -Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа Улсын чанартай тэмцээн уралдааныг ивээн тэтгэж, шилдэг тамирчдаа гадаад дотоодод ивээн тэтгэсээр ирсэн. Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд дуудуулсан олон сайхан тамирчинтай. Тэдгээрээс жүдо бөхийн тамирчин, Олимпын хүрэл медальт, МУГТ Б.Нармандах, Олимпын хүрэл медальт, МУГТ С.Ням-Очир, боксын Дэлхийн аварга, Олимпын хос мөнгөн медальт Н.Төгсцогт, Олимп, дэлхийн хос хүрэл медальт О.Мөнх-Эрдэнэ, чөлөөт бөхийн тамирчин, МУГТ Э.Бэхбаяр, ОУХМ Нарангэрэл нарыг онцлон нэрлэмээр байна. “Хангарьд”-аас одтой, хийморьтой олон тамирчин төрөн гарсан.

   Өнөөдрийн байдлаар буудлага, усанд сэлэлтийн төрөлд тус бүр 2, нийт 47 тамирчин “Хангарьд” клубтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Бид ажилдаа дэвшилтэт арга барил нэтрүүлэн ажиллаж байгаа. Энэ нь цөөн тамирчныг үйлдвэрийн үндсэн ажилтны хэмжээнд цалинжуулдаг байсан бол үр дүнтэй байлгах үүднээс олон тамирчинтай гэрээгээр хамтран ажиллах болсон. Тэмцээн уралдаанд өндөр амжилт үзүүлсэн тамирчид гэрээгээ сунгах нөхцөл бүрдэх бол идэвх чармайлт муутай нь дараагийн шилдэг тамирчдад зайгаа тавьж өгөх журмаар явагдана. Үр дүнд нь тухайн тамирчин өөрийгөө бүрэн дайчилж, өөртөө тавих шаардлага нь өндөрсөнө гэж харж байгаа.

   -Энэ онд ямар амжилт, ололттой байв?

   -Өнгөрсөн долоодугаар сарын байдлаар нийт тамирчид маань спортын 16 төрлөөр Улсын аварга шалгаруулах болон Олон Улсын тэмцээнд оролцож, 74 медаль авсан. Улсын аварга болох нь маш том сорилго төдийгүй цаашлаад тив, дэлхийн хэмжээнд зохиогдох тэмцээн уралдаанд оролцох эрхээ авч байгаа хэрэг.

   -Хамгийн сүүлийн амжилтаасаа хуваалцахгүй юу?

   -Их спортыг цаашид хэрхэн авч явах, яаж дэмжих тал дээр үйлдвэрийн захиргаа, удирдлагууд бодлого гарган, 2020 оны олимпод амжилттай оролцох зорилго тавин ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиодог 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом 2019” хөл бөмбөгийн тэмцээн 7 хоногийн өмнө болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Идэрсайхан ахлагчтай “Хангарьд”-ын баг тамирчид тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, алтан медалийн эзэд болсон. Энэ нь хөл бөмбөгийн багийнхны хувьд гайхамшигтай ялалтуудын нэг байсан.

   Уурхайчин залуусаас бүрдсэн энэхүү баг тамирчид маань МХБХ-ноос зохион байгуулдаг “Мазаалай” дээд лигийн тэмцээнд оролцож байгаа.  Бид тус тэмцээнд түрүүлж, алтан медаль авах зорилго тавьсан. Сүүлийн тойргийн тоглолтууд ирэх 9 дүгээр сард эхэлж, 10 дугаар сард тэмцээн өндөрлөнө. Улсын шигшээ багийн тамирчдын дийлэнхийг манайхан бүрдүүлж, Олон улсын болон тив, дэлхийн тэмцээнд тэргүүлэн оролцоно гэдэгт итгэлтэй байна.

   -Токиогийн Олимпын болзлыг хангасан тамирчин бий юу?

   -Манайхан хамгийн багадаа 3 эрх авч оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Одоогоор Олимпын эрх авсан, буудлагын спортын Ц.Анударь гэж тамирчин бий. Тэрээр Олон улсын чанартай гурван тэмцээнд оролцсоноос, нэгд нь түрүүлж, хоёрт нь медальт байранд шалгарч, Улсын аварга болсон. “Хангарьд” клубын шигшээ багт байт харвааныхан хичээллэж эхэлснээр маш олон үр дүн, амжилт гарсан гэж хэлж болно. Тухайлбал, 2012 онд Лондоны Олимпын наадмын шилдэг 16-д Б.Урантунгалаг анх удаа шалгарсан. Олимпын наадамд улсаасаа 30 жил оролцож чадаагүй байт харвааг манай тамирчин сэргээж өгсөн гээд яривал олон зүйл бий. Байт харвааны баг тамирчид маань бэлтгэлээ чамбайруулахын зэрэгцээ олимпын эрхийн төлөөх тэмцээнүүддээ оролцож байна. Тэд үндэсний шигшээ багийн 50 хувийг бүрдүүлдэг бөгөөд энэ хэрээр өндөр амжилт үзүүлдэг.

   Бусад төрөл болох жүдогоос 2, чөлөөтөөс Бэхбаяр, боксчид Олимпын наадмын эрхээ авах байх. 2020 оны Олимпод өнөр бүрэлдэхүүнтэй оролцохоор зорьж байна.

   -Усан спортын тамирчдын тэргүүн эгнээнд Эрдэнэтийнхэн байдаг?

   -Олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцсон усанд сэлэлтийн 6 тамирчин байгаа нь бүгд Эрдэнэтийн хүүхдүүд. Ингээд харахаар суурь бааз, давуу талаа ашиглан хүүхдээ хөгжүүлэх боломж бидэнд нээлттэй байна. Энэ бол том давуу тал. Олимпын наадмын усанд сэлэлтийн төрлөөр Монгол Улсаас анх удаа С.Алтантуяа, Д.Галбаатар нар оролцож, Б.Дөлгөөн, А.Тамир, Г.Оюунгэрэл, Б.Есүй нар удаалсан.

   -Эрдэнэт үйлдвэр ажилтан ажиллагсдаа жил бүр дэмжин урамшуулж, спортын томоохон тэмцээн уралдаан үзэх эрхээр шагнадаг. Энэ жилийн тухайд?

   -Манай цехтэй хамтран ажилладаг, бидний үйл ажиллагааг дэмжиж, зохион байгуулсан үйл ажиллагаанд ажилтан, албан хаагчдаа маш идэвхтэй татан оролцуулдаг, тэмцээн уралдаанд шилдгээр шалгарсан цехийн удирдлага, аргазүйч, тамирчин, уурхайчин гээд 30 хүнийг БНХАУ-д зохиогдох Сагсан бөмбөгийн ДАШТ-ний эрхийн бичгээр шагнаж байна. Тус тэмцээн нь хоёр жил тутам зохиогддог онцлогтой. Урьдчилсан тоглолтууд БНХАУ-ын Ордос, Шанхай, Няньжин, Гуонжау хотуудад, шигшээ тоглолт Бээжин хотноо болно. Бидний саналыг дэмжиж,  нөхцөл боломжоор хангаж өгсөн явдалд маш их баяртай байна. Цаашид олимп, дэлхийн олон тэмцээнд аль болох Эрдэнэт үйлдвэрийнхээ нэрийн өмнөөс оролцуулах бодлого барьж байна. 

   -Спорт өндөр хөгжсөн улс орнуудад дэлхийн томоохон тамирчдын залгамж халаа хэдэн зуугаараа бэлтгэгдсэн байх нь бий. “Хангарьд” клуб залгамж халаагаа хэрхэн бэлтгэдэг вэ?

   -Хүүхдийг багаас нь спортод дур сонирхолтой болгох үүднээс 18 төрлийн секц, дугуйлан хичээллүүлж, жилдээ давхардсан тоогоор 10-13 мянган хүүхдийг хамруулж байна. Бид жил бүрийн есдүгээр сарын нэгэнд шинэ хичээлийн жилийн нээлтээ хийдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд нээлтийн арга хэмжээг нэлээд өвөрмөц хийхээр бэлтгэж байна. Тодруулбал, нийгмийн харилцааны цехүүд ирэх сарын 6-нд шинэ хичээлийн жил, өвөл цагийн үйл ажиллагааныхаа нээлтийг нэгдсэн журмаар Амарын талбайд зохион байгуулахаар болсон. Эцэг эхчүүд нээлтийн үеэр хүрэлцэн ирж мэдээлэл авах бүрэн боломжтой.

   -Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагын алсыг харсан, оновчтой шийдвэрийн үр өгөөж өнөөдөр их спортын талбарт харагдаж байх шиг байна?

   -Үнэхээр тийм шүү. Үйлдвэрийн удирдлагууд нийтийн биеийн тамир, их спортын өргөн хүрээтэй ажлыг үргэлж дэмжиж, үр дүнд нь бааз байгууламж, тамирчдын амжилт, хэрэглэл материалын нийлүүлэлтийн хүчинд энэ олон амжилт бий болсныг онцлон хэлье. Амжилт гаргасан тамирчид, нийт хичээллэгчид, тамирчдынхаа нэрийн өмнөөс Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагадаа маш их баярлалаа гэдгээ илэрхийлье. Цаашдаа ч энэ уламжлал маань он удаан жил үргэлжилж, Эрдэнэт үйлдвэр, Орхон аймаг, хүүхэд залуучуудын дундаас нэр төрөө мандуулсан олимп, дэлхийн олон аварга төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл үлдээх