Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right ҮйлдвэрДэлхийн уул уурхайн конгрессийн удирдлагууд өргөтгөсөн шуурхайд оролцов
Долоо хоног бүрийн Даваа гарагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай хуралдаан болж, хийсэн ажлын тайлан хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцдэг. Энэ 7 хоногийн өргөтгөсөн шуурхайд Дэлхийн уул уурхайн конгресс “WMC”–ийн удирдах зөвлөлийн дарга Марек Шила, ерөнхий нарийн бичгийн дарга Ясик Скиба, Геологи уул уурхайн яамны дэд сайд асан, Эрдэнэт үйлдвэрийн Удирдах зөвлөлийн Монголын хэсгийн тэргүүнээр 16 жил ажилласан, Дэлхийн уул уурхайн конгрессийн гишүүн Д.Рэнчинханд нар урилгаар оролцов.
Дэлхийн уул уурхайн конгресс нь 1958 онд Польшийн нэрт эрдэмтэн, уул уурхайн инженер профессор Болеслав Крупинскийн санаачилгаар Варшавт анхны их хурлаа зохион байгуулснаар үүсэн байгуулагджээ. Тус байгууллага нь НҮБ-ын харьяа байгууллага бөгөөд БНПУ-д суугаа ерөнхий нарийн бичгийн даргын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг байна. 1985 оноос хойш уул уурхайн салбарынхан дунд мэргэжлийн төрөл бүрийн сургалт, хуралдаан зохион байгуулж иржээ. Хамгийн сүүлд өнгөрсөн жил Казакстаны Астана хотод 50 улсын 2586 төлөөлөгч оролцсон “Инновацийн давамгайлал-уул уурхайн өсөлт рүү урагшлах алхам” сэдэвт хурал зохион байгуулж, уул уурхайн салбарт тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцсэн байна.
Дэлхийн уул уурхайн салбарынханыг нэгтгэдэг тус конгрессийн ерөнхий нарийн бичгийн дарга Ясик Скиба Монгол Улсад мөн Эрдэнэт үйлдвэрт анх удаа зочилж байгаадаа баяртай байгаагаа хэллээ. Өнөөдөр дэлхий нийт Монгол Улсыг уул уурхайгаар таньдаг мэддэг болсон. Тэр тусмаа хариуцлагатай уул уурхайн тод жишээ зэс, молибдены баяжмалын үйлдвэрлэлээр Ази тивд төдийгүй дэлхийд эрэмбэтэй Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах бүхий л боломж гарц бийг удирдах ажилтнуудад хэлэн, ажлын өндөр амжилт хүслээ.
Өргөтгөсөн шуурхай уламжлал ёсоор үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн өнгөрсөн 7 хоногийн ажлын тайлан мэдээг сонсож, ирэх 7 хоногт хийх ажлаа ярилцлаа. Мөн ирэх намар, өвлийн бэлтгэл ажил, хөрөнгө оруулалтын ажлуудын явц байдал, томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрхэн хөдөлгөх талаар хэлэлцсэн шуурхай болж өндөрлөв.
Сэтгэгдэл үлдээх