Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right ҮйлдвэрЭрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нийгмийн цехийн ажилчдынхаа дуу хоолойг сонслоо
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хэлсэнчилэн сэтгэл санаа өөдрөг байвал ажил хөдөлмөр амжилттай байх нь гарцаагүй. Угтаа энэ сарын 17-ны өдөр Ерөнхий захирлын Нийгмийн цехүүдийн ажилчидтай хийсэн уулзалтын утга агуулга, үндсэн санаа энэ үгээр бүрэн илэрхийлэгдлээ. Ажил хийж, амьдралын төлөө хичээн зүтгэж яваа хэн бүхэнд асуудал мундахгүй. Тэр бүрийд тайлагнаад байдаггүй хувь, хувьсгалын зовлон жаргалаа анх удаа нээлттэй ярилцаж, асуудлын шийдлийг хамтдаа эрэлхийлснээрээ энэхүү уулзалт өндөр ач холбогдолтой байсныг хэлэх нь зүй.
Уулзалтанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа, Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэр, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр болон бусад цех, нэгжийн удирдлагууд оролцож, санал бодлоо хуваалцлаа. Соёлын ордны зааланд хуран цугласан энэхүү уулзалт Ерөнхий захирлын төлөвлөгөөт уулзалтуудын “салхийг хагалснаараа” онцлог байсан юм. Уулзалтын эхэнд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт, өнөөгийн нөхцөл байдал хийгээд өнгөрсөн тавдугаар сараас эхлүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, мэдээлэл хүргэсэн. Алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлж, алс хэтийн 15 жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөдөлгөгч хүч болсон нийгмийн цехийнхэн мэдээллийг анхааралтай сонсож, өөрт хэрэгцээтэйг сэтгэл оюундаа тунгаан суулаа.
Үйлдвэрлэлийн гэхээс илүүтэй урлаг, спорт, эмнэлэг сувилал, сургууль, цэцэрлэг, хоол үйлдвэрлэл зэрэг Эрдэнэт үйлдвэрийн арын албыг хариуцлагатайгаар хашиж ирсэн нийгмийн 10 цех 870 гаруй ажилтан ажиллагсадтай. Тэдгээрийн төлөөлөл болох 13 хүн хамт олон, цех нэгжийнхээ болоод хувийн асуудлаар удирдлагуудад хандаж, газар дээр нь хариугаа авсан юм. Тулгарсан бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэх арга зам ямагт байдаг хойно асуулт бүрт тохирсон хариултыг оноон, ирэх долоо хоногийн эхний өдрүүдэд зарим асуудлыг шийдвэрлэхээр болсон нь хэн бүхэнд баярлаж, талархах сэтгэл төрүүллээ. Танхим дүүрэн нижигнэсэн алга ташилтаар өндөрлөсөн энэ удаагийн уулзалт “Уурхайчин би” дуугаар хаалтаа хийж, цугласан олонд Эрдэнэт үйлдвэрийн гэрэлт ирээдүй рүү хамтдаа тэмүүлэх урам зоригийг өгч чадлаа.
Уулзалтын төгсгөлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэе.
Х.БАДАМСҮРЭН: 10 дугаар сарын 1-нээс ажилчдынхаа цалинг нэмэх боломжтой гэж үзсэн
Хамт олныхоо санаа бодлыг сонсож, ирэх онд хийх зүйлээ нарийвчлан төлөвлөж, хамгийн гол нь хамт олныхоо санаа бодолд тулгуурласан төлөвлөгөө байгаасай, ийм ажлыг хийх юмсан гэж бид зорьж байна. Нийгмийн цехүүдийнхээ ажилтан ажилчдын ярьж байгаа асуудлын заримыг газар дээр нь шийдлээ. Заримыг нь ирэх 7 хоногийн эхний өдрүүдэд шийдвэрлэх үүрэг чиглэлийг холбогдох газар, хэлтэсүүдэд өгсөн. Ажлын хэсэг байгуулаад ажиллах асуудал ч байх шиг байна, зарим цехийн ажлын байранд хамт олонтой нь уулзах, мэдээлэл өгөх, шийдэх асуудал ч байх шиг байна. Өнөөдрийн ярьсан асуудлаараа хөрөнгө оруулалтын асуудал 2019 онд яаж шийдэж байна гэдэгт үнэлэлт дүгнэлт өгнө. Ажлаа эрчимжүүлэх, өвлийн бэлтгэлээ базаах, ирэх 2020 оны ажлыг чамбай төлөвлөх чиглэлээр албан даалгавар гаргана. Хугацаатай, тодорхой эзэнтэй ажлууд төлөвлөн хэрэгжүүлнэ. Өнөөдрийн уулзалтын үр дүн ч тэнд гарах байх. Нүүр нүүрээ харж уулзсан анхны, ач холбогдолтой, үр дүнтэй ажил боллоо. Ярьсан хөөрсөн зүйлээ ажил болговол бүр ч сэтгэл хангалуун ажил болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Зэсийн ханш өндөр бус, төлөвлөсөн хэмжээнээс доогуур буюу 400 орчим ам.доллараар бага байна. Гэвч бид өртөг зардлаа бүх түвшинд хямгадаж, үр дүнд нь урьдчилсан байдлаар оны эхний 9 сарын дүнгээ тооцож үзсэн. Энэ утгаараа 10 дугаар сарын нэгнээс ажилчдынхаа цалинг нэмэх боломж бололцоо харагдаж байна. Цалин нэмэх тухайгаа нийгмийн цехийнхэнд хэллээ. Үндэслэл тооцоогоо үргэжлүүлээд явна. Ер нь ажил хөдөлмөр хийгээд, үр дүнтэй байвал эргээд амьдрал ахуйд сайнаар тусдаг. Энэ чиглэлээр сайн ажиллаж байгаа ажилтнууддаа юуны өмнө анхаарал тавья гэж шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан хоёр тушаал гаргалаа. Нэгдүгээрт, үйлдвэрлэлийн анхан шатны удирдлага болох ихээхэн үүрэг хариуцлагатай мастеруудынхаа дунд “Мастерын манлайллын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд 40 “Манлайлагч мастер”-ыг шалгаруулсан. Эдгээр хүмүүстээ оны эхний нэгдүгээр сараас тооцон, сар бүр 600 000-1 000 000 төгрөгийн урамшуулал олгохоор тогтсон. Удахгүй энэ мөнгө эзэддээ очих болно. Цаг наргүй ажилладаг нэг мастерын гар дээр эхний хагас жилийн байдлаар зургаан сая төгрөг очиход гэр бүлд нь нэмэр хандив болно гэдэгт итгэж байна. Хоёрдугаарт, үйлдвэрлэлийн нарийн чимхлүүр, хариуцлагатай ажлыг хийдэг ажилчдаасаа зургаадугаар зэрэг авсан, цалин хөлс нь тогтмолжсон 30 гаруй хүнийг “Тэргүүлэх” зэргийн мэргэжилтэн болгож, сар бүр 300 000 төгрөгөөр урамшуулахаар болсон. Энэ урамшууллыг долдугаар сарын нэгнээс тооцож олгоно. Сар бүр авдаг цалин дээрээ урамшуулал нэмж авснаар амьдрал ахуйгаа дээшлүүлэн, тодорхой алхам хийхэд нэмэртэй болов уу гэж үйлдвэрийн удирдлагуудын зүгээс үзлээ.
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
Сэтгэгдэл үлдээх