Мэдээ мэдээлэл

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ олон нийтийн байгууллагуудаа дэмжин ажиллана

access_time 2019-09-18

 

   Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Ахмадын зөвлөл, Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчдийг өнөөдөр “Зэс” танхимд хүлээн авч, уулзлаа. Ололт амжилтаа ярилцаж, хамтын ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулсан энэхүү уулзалтанд Ерөнхий захирлын Санхүү, Эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа болон холбогдох газар, хэлтсийн удирдлагууд оролцсон юм. Эрдэнэт үйлдвэрийн 65 хувийг 40-өөс доош насныхан эзэлж, нийт ажиллагсдын 33 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг нь холбоодын үйл ажиллагааны хамрах цар хүрээг бүрэн илэрхийлж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд салбар уулзалтаар үйлдвэрийн үйл ажиллагааны үзүүлэлт хийгээд хэрэгжүүлж эхэлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөжийг хэрхэн тооцоолж байгаагаа танилцууллаа. 

   Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд 2016 онд 68.6 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 99.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Удирдлагуудын зүгээс арилжааны 10 банктай уулзаж, тодорхой хэлцэл хийснээр нийт ажиллагсдынхаа зээлийн хүүгийн түвшинг байж болох хамгийн бага хэмжээнд бууруулсан нь уурхайчдын хувьд томоохон дэмжлэг болсныг хэлэх нь зүйтэй. Ажиллагсдаа дэмжсэн орон сууцны хороолол шинээр барьж, хөнгөлөлт хэлбэрээр 12 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа тухай, “Эрдэнэт” соёл спортын цогцолборын ажлын явц, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулиа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууь болгох, Оюутны хотхон барьж байгуулах бааз суурийг бэлтгэх, чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор залуу ажилчдаа гадаадын их, дээд сургуульд явуулах гээд тал бүрийн мэдээлэл хүргэсэн нь уулзалтанд ирсэн хүн бүрийн сонирхлыг татлаа. 

   2020 оны төлөвлөгөө хэлэлцэхээр санал авч буй эдгээр өдрүүдэд хийхээр төлөвлөсөн ажлуудаа тодорхой тусгаж өгөхийг Ерөнхий захирал уулзалтын үеэр холбоодын тэргүүлэгчдэд сануулсан юм. Нэг бус нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг Эрдэнэт үйлдвэрийн олон нийтийн байгууллагуудын үүрэг оролцоо, хариуцлага нэн их билээ.   
   Уулзалтын төгсгөлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэе. 

Х.БАДАМСҮРЭН: Олон нийтийн байгууллагуудтай уулзаж байгаа нь эхний үр дүн

   2019 он Эрдэнэт үйлдвэрийн хувьд ихээхэн онцлогтой жил болж байна. Миний хувьд хамтран ажиллаад гурван жил боллоо. Гэвч эрхзүйн орчин тодорхойгүй, амаргүй цаг хугацааг үдлээ. Энэ оны гуравдугаар сард Эрдэнэт үйлдвэрийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосноор эрхзүйн орчин тодорхой болж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна. Сүүлийн 26 жил төр засгаас Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг тусгайлан авч үзэж, шийдвэр гаргасан зүйл байсангүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар үйлдвэрийн асуудлыг тусгайлан авч үзэж, тогтоол гаргасан нь Эрдэнэт үйлдвэрийн хэт ирээдүйг тодорхой болголоо. Энэ үндсэн дээр манай инженер, техникийн ажилтнууд, үйлдвэрийн удирдлагуудын санаачлан боловсруулсан Эрдэнэт үйлдвэрийг ирэх 15 жилд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталж өгсөн. Хэрэгжүүлэх ажил хийгдэж байна. Үүнд, үйл ажиллагааг өргөтгөх чиглэлийн ажлууд тусгагдсан. Эрдэнэт үйлдвэрийг уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх жишиг загвар болгон хөгжүүлье гэсэн зарчмаар явж байна. Бид чадна. Сэтгэл, зүтгэл байвал бүх зүйл бүтнэ. Олон нийтийн байгууллагуудтай уулзаж байгаа нь эхний үр дүн. Энд ажиллаж байгаа хүн бүр ёс зүйтэй байх ёстой. Залуучууд, бүсгүйчүүд нь манлайлагч байх хэрэгтэй. Айлын үр хүүхэд сахилга журамтай, аав ээж нь манлайлагч байвал айл гэр гялалзаад байдгийн нэгэн адил юм. Цаг заваа гарган уулзсан, сэтгэлээсээ илэн далангүй ярилцсан ахмадын болон эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөлд баярлалаа. Та нартаа ажлын өндөр амжилт, ахмадууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 

 

 

 

 

 



 

И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Сэтгэгдэл үлдээх