Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Орон нутагАймаг, үйлдвэр, төрийн бус байгууллага нэгдсэн бодлогоор хамтран ажиллана
Дэлхийн жишиг, Монголын бахархал болсон Эрдэнэт үйлдвэр 100 гаруй мянган хүн амтай Эрдэнэт хотын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Дэд бүтэц, орон сууц, барилга байгууламж, иргэд, олон нийтийн үйлчилгээний цогцолборууд гээд энэ хотод байх ёстой бүх зүйлийг шийдэж өгсөн нь өнөөгийн хотын хөгжлийг бүрэн илтгэдэг. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн товлосон уулзалтанд Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд ч багтсан. Энэ удаад Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нар 20-иод төрийн бус байгууллагын тэргүүний хамтаар хүрэлцэн ирж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлага төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжин ажиллаж, тодорхой хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирсэн. Гэвч төрийн нуруун дээрх ачааг чадлынхаа хэрээр хуваалцаж, зарим чиг үүргийг нэр төртэй гүйцэтгэж яваа төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч, сэтгэлийн үгсээ хуваалцсан нь анхных билээ. Энэ ч утгаараа зочид санал хүсэлтээс илүүтэй ажлыг нь олонтаа дэмжсэн явдалд баярлаж, талархсан сэтгэгдлээ өөрийн биеэр илэрхийлэхээр ирсэн нь харагдаж байлаа.
Орхон аймгийн “Сороптимист” клуб, “Шүүдэр” охидын төвийнхөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх сургуульд нөхөн үржихүйн боловсрол олгох сургалт явуулах, “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ-аас Эрүүл зөв хооллолтын талаар Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсад, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад лекц, сургалт зохион байгуулах, “Эрдэнэт-Ард түмний өмч” ТББ-аас хотын утааны асуудлыг шийдэхэд дорвитой анхаарал хандуулах зэрэг хэд хэдэн санал гаргасан нь дэмжигдлээ. Мөн зарим саналыг ирэх 2020 оны төлөвлөгөөнд тусган, аймаг, үйлдвэр, төрийн бус байгууллага гэсэн гурван талт хамтын ажиллагааны нэгдсэн бодлого гаргахаар шийдвэрлэлээ.
Ерөнхий захирал Х.Бадамсүрэн уулзалтын төгсгөлд, “Бид нэгдсэн нэг бодлогоор ажиллана. Улмаар нэг том ажлыг өөр өөрийн оролцоотой хийж гүйцэтгэх нь илүү үр өгөөжтэй гэж бодож байна. Аймгийн удирдлагууд нэгдсэн бодлогод анхаарах байх. Эрдэнэт хот, Монгол улсыг эрүүл, боловсролтой хүн л хөгжүүлнэ. Энэ чиглэлд хамтран ажиллахад бид бэлэн байгаа учраас ажлын журмаар ярилцаж шийдвэрлье. Уурхайчид бид газрын хэвлийн баялгийг худалдан борлуулж, үндэсний баялаг бүтээдэг онцлогтой. Өнөөдрийн байдлаар Эрдэнэтийн уурхайчид улс, орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлсний 30 тэрбумыг Орхон аймгийн, найман тэрбум төгрөгийг Булган аймгийн төсөвт төвлөрүүллээ. Цаашид боломжийн асуудлаа шийдээд явна. Хүний төлөө, хөгжил дэвшлийн төлөө чиглэл чиглэлээр ажиллаж байгаа та бүхэнтэй уулзаж, санал бодлоо хуваалцахад таатай байлаа. Аймаг, орон нутгийн ажлын нэг хэсэг гэж ойлгож ирсэн аймгийн удирдлагууддаа талархал илэрхийлье. Хүний төлөөх ажил тань өөдрөг бүтэмжтэй байх болтугай. Бид эв нэгдэлтэй байж, ярих зүйлсээ хуваалцан, сэтгэл санаагаар нэгдэж, шаардлагатай үед биендээ гар сунган туслах болно. Ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхныг хүсье” гэв.
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
Мэдээний ангилалууд
- Үйлдвэр
- Бүтээн байгуулалт
- Орон нутаг
- Видео
- Спорт
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Соёл амралт
- Онцгой комисс
- Авлигын эсрэг үйл ажиллагаа
Сэтгэгдэл үлдээх