Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right ҮйлдвэрҮйлдвэрлэлийн цехийнхэн цалингийн системийг шинэчлэх талаар санал гаргалаа
Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цех болох Хүдрийн ил уурхай, Геологи хайгуулын анги, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Автотээврийн цехийн ажиллагсдыг хамруулсан уулзалт ярилцлагад үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа нар оролцлоо. Удирдлагуудын тавьсан илтгэлд үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт, хэрэгжүүлж эхэлсэн томоохон төслүүд, тэдгээрийн үр өгөөж, эдийн засгийн ач холбогдол, хүрэх үр дүнгийн талаар тодорхой тусгажээ. Тооцоо судалгаа, нарийвчилсан тоо баримтад тулгуурласан мэдээллийн дараа ажилчдын чөлөөт асуултын цаг эхэлсэн юм.
Автотээврийн цехийн ажилчдын асуулт дийлэнх хувийг эзэлсэн бөгөөд юуны өмнө ажилчдаа сонсох уулзалт хийж байгаад тэд талархалтай хандлаа. Ажилчид тээврийн хэрэгслийн овор хэмжээнээс хамаарч цалингийн шатлал үүсгэснийг өөрчлөх цаг болсон тухай сануулж, дотооддоо шатах тослох материалын үйлдвэрлэл байгуулах, өдөр тутамд нэн шаардлагатай жижиг зүйлсийг цаг алдалгүй ханган нийлүүлэх, хайгуулчдын үр дүнг харгалзан цалингийн нэмэгдэл олгох боломжтой эсэхийг удирдлагуудаас тодруулсан юм. Уулзалтыг үр өгөөжтэй болгох үүднээс Ерөнхий захирал асуулт бүрт зохих хариулт өгч, нягтлах шаардлагатай зүйлсийг тэмдэглэн авлаа. Мөн тэрээр 2017-2019 онд үйлдвэрлэлийн нөөцийг өсгөхөд геологичид хэрхэн оролцсон талаар судалж, үнэлэлт гаргахаар болсон юм. Цаг үеийн мэдээ мэдээллийг сар бүр танилцуулж, ажилтнуудынхаа тулгамдсан бэрхшээлийг сонсох үүрэг даалгаврыг цех, нэгжийн удирдлагуудад өгснөөр энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.
Уулзалт бүр өөрийн гэсэн онцлогтой, нүүр тулсан яриа бүр тодорхой ойлголцолд хүрч байгааг харахад энэ чиглэлийн уулзалт, хэлэлцүүлэг үгүйлэгдэж байсныг илтгэх мэт. Уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, алсын хараа, эрхэм зорилгоо оновчтой тодорхойлох, хөрөнгө оруулалтын төслүүдээ хөхиүлэн дэмжих, урагш хөдөлгөх нь удирдлагын багийн шийдвэр, үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Удирдлагуудын шийдвэрээр өнгөрсөн тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн 100 гаруй төслийн үр дүнгээр Эрдэнэт үйлдвэрийн маргаашийн хувь заяа тодорхойлогдох бөгөөд гол хөдөлгөгч хүч нь мэргэжлийн, чадварлаг боловсон хүчин болохыг сануулснаараа онцлог байлаа.
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
Сэтгэгдэл үлдээх