Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Үйлдвэр“Алтан бамбай” тэмцээнийг “Хүч” баг тэргүүллээ
Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, Гамшгаас хамгаалах штаб, Аврах, гал унтраах 58 дугаар ангиас санаачлан зохион байгуулдаг аврах ажиллагааны “Алтан бамбай” тэмцээн 9 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Эрдэнэт үйлдвэрийн 21 цех, нэгжийн 19 багийн аврагчид хоёр өдрийн турш ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан. Тэмцээний дүнгээр Чанар хяналтын хэлтэс, Судалгааны төвийн хамтарсан “”Хүч” багийнхан тэргүүлж цомоо гардан, Цахилгаан цехийн “Элч илч”, Автотээврийн цехийн “Сэрэмж” багууд удааллаа. Дөрвөн төрөлд зохиогдсон тус тэмцээнээс “Шилдэг аврагч”, “Шилдэг багийн ахлагч”-ийг шалгаруулан, шагнаж урамшуулсан юм. Мөн тусгай байранд Засвар угсралтын цех, Оёдлын цехийн хамтарсан “Hyper rescue”, Дулааны цахилгаан станцын “Мегаватт” багууд шалгарсан. Үйлдвэрлэлийн онцгой нөхцөлд цех, хэсгүүд бэлэн байдлаа хангаж, учирч болох эрсдлээс хамгаалахад ур чадвартай аврагчдаа бэлтгэсэн байх шаардлагатай. 2020 онд болох тэмцээний 10 жилийн ойн хүрээнд уул уурхайн компаниудын аврагч багийг урих, Улсын аварга багийн шилдэг үзүүлбэр үзэх зэрэг шинэлэг санааг хэрэгжүүлж, тэмцээнээ өргөжүүлэхээр төлөвлөжээ.
ХАБЭА-н хэлтсийн ЦХАБ хариуцсан тэргүүлэх инженер, тэмцээний Ерөнхий шүүгч Ц.ОРГИЛ:
Зохион байгуулагчдын зүгээс жил бүр тэмцээний төрлийг шинэчлэх, шинэ элемент, үүрэг даалгавар оруулахад анхааран ажиллаж байна. Энэ жилийн хувьд барилга байгууламжийн төрлийг шинэчиллээ. Шүүгчид “Баг тамирчид аврах ажиллагааг дүрэм журмаар нь хийж байна уу, Олон улсын шаардлагад нийцүүлж чадаж байна уу, үгүй юу” гэдэг асуултыг өмнөө тавьж, хэрэгжүүлж ирсэн. Тэмцээний зохион байгуулалт, дүрэм, зарчим нь Олон Улсад уул уурхайн салбарт сайн дурын аврах ажиллагааны бүлгэмүүд бэлтгэх зарчмаар явагддаг. Энд явагдсан бүх тэмцээн Олон улсын шаардлага, дүрэм журмыг хангасан.
“Шилдэг аврагч”, Ган бөөрөнцгийн цехийн кранчин З.УЧРАЛ:
Эрдэнэт үйлдвэрт 4 дэх жилдээ ажиллаж байна. Ган бөөрөнцгийн цехийг анх удаа төлөөлөн оролцож, шилдгээр шалгарсандаа баяртай байна. Хувь хүнээс хөдөлгөөн, авхаалж самбаа ихээхэн шаардлаа. Аврагч хүн эмнэлгийн анхны тусламжийг бүрэн гүйцэд үзүүлэх нь маш чухал байдаг. Энэ үүргээ биелүүллээ. Хамт олон, багийнхандаа баярлалаа.
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
Сэтгэгдэл үлдээх