Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 06 сарын 30 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 59
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 21дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг хавсралтаар баталсугай.
2.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг, "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг ханган боловсруулж, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
3.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг улсын болон аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар ханган хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Авлигатай тэмцэх газар /З.Дашдаваа/-т тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Б.Энхбаяр/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дугаар тогтоолын хавсралт
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
/2023–2030 он/
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр /цаашид "Хөтөлбөр" гэх/ нь "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн, шударга ёсны засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн, "Шинэ сэргэлтийн бодлого"-той уялдсан, 2023-2030 онд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
Зорилго 1.Улс төрийн хүрээнд авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайлал, ил тод байдлыг төгөлдөршүүлнэ.
Зорилт 1.1.Сонгуулийн үеэр санал худалдан авахад чиглэсэн бүх хэлбэрийг хориглож, хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
1.1.1.Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд сонгуулийн үеэр санал худалдан авахтай холбоотой гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх харьяалал, журмыг боловсронгуй болгоно.
1.1.2.Сонгуулийн зардлын тайлангаа гаргаж өгөөгүй улс төрийн нам /цаашид "нам" гэх/, намуудын эвсэл /цаашид "эвсэл" гэх/, нэр дэвшигчид хүлээлгэх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгож, хэрэгжилтийг сайжруулна.
1.1.3.Сонгуулийн зардлын тайлангаа гаргаж өгөөгүй нам, эвсэл, нэр дэвшигчид хүлээлгэсэн хариуцлагын талаар олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
Зорилт 1.2.Сонгуулийн бус үеэр санал худалдан авахад чиглэсэн бүх хэлбэрийг хориглоно.
1.2.1.Улсын Их Хурлын гишүүн, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд иргэдэд мөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгө, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлэх, үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх, эдгээрийг амлах, санал болгох зэрэг бүх төрлийн санал худалдан авах үйлдэл гаргахыг хориглох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, хяналт, хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.
1.2.2.Төрийн улс төрийн албан тушаалтан иргэдийн саналыг авах зорилгоор сонгуулийн бус үед төрийн ажил, үйлчилгээг өөрийн нэрээр хэрэгжүүлэх, төрийн байгууллага, албан тушаалтныг хувийн ашиг сонирхлын үүднээс үйл ажиллагаандаа татан оролцуулах, мөнгө, эд зүйл тараахыг хориглоно.
1.2.3.Сонгогчийн саналыг худалдан авахыг завдсан, худалдан авсан, сонгуулийн зардлын тайлангаа үнэн зөв гаргаагүй хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгож, хяналт, хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.
Зорилт 1.3.Намын санхүүжилт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх замаар намын хариуцлага, ёс зүй, ил тод байдлыг сайжруулна.
1.3.1.Сонгуулийн жилийн санал хураалтын өдрөөс өмнө нам, бүх шатны сонгуульд нэр дэвшигчийн жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн дэлгэрэнгүй тайланг Төрийн аудитын байгууллагад хүргүүлэх, хэвлэн нийтлэх зэргээр сонгуулийн үйл ажиллагааны санхүүгийн мэдээллийг ил тод болгох журмыг боловсронгуй болгоно.
1.3.2.Намын санхүүжилтийг бүрэн ил тод болгож, хандив өгсөн этгээд, тэдгээрийн хандивын хэмжээ, түүнчлэн намын тайлагнасан зардлыг тусгасан жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн дэлгэрэнгүй тайланг гаргуулдаг болно.
1.3.3.Намд хууль зөрчиж хандив өгсөн, авсан үйлдэлд хүлээлгэх хариуцлагын бодлогыг чангатгана.
1.3.4.Санхүүгийн тайлангаа санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу бэлтгээгүй, эх үүсвэр нь тодорхойгүй санхүүжилт хүлээн авсан, балансын гадуур бүртгэсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг холбогдох хуульд тусган, хэрэгжих нөхцөлийг бүрдүүлнэ.
1.3.5.Төрөөс намд олгосон санхүүжилтийг хүртээмжтэй болгож, Улсын Их Хуралд суудалгүй намуудыг төлөвшихөд дэмжлэг үзүүлэх, ашиг сонирхлын зөрчилтэй бүлэглэлийн нөлөөллөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлнэ.
1.3.6.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх арга хэмжээ, төрийн худалдан авах ажиллагаа, хөнгөлөлттэй зээл, зээлийн баталгаа гаргуулсан аж ахуйн нэгж, тэдгээрийн нэгдмэл сонирхолтой хуулийн этгээд, банк, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, уул уурхай, шатахууны импортын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдээс нам, эвсэл, нэр дэвшигч хандив авахыг хориглох эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.
1.3.7.Намын санхүүжилт /нам, түүний удирдлагаас хийсэн санхүүгийн шилжүүлэг/-ийг дотоодын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх дэглэмийн хүрээнд хамруулна.
Зорилт 1.4.Төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахуйц эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх, сонгуулийн болон сонгуулийн бус үеийн санхүүжилтийг ил тод болгож, сонгуулийн зардлыг бууруулан иргэний сонгох, сонгогдох эрхийг хамгаалах, нэр дэвшигчийг өрсөлдөх тэгш боломжоор хангана.
1.4.1.Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл, нэр дэвшигч нь санал хураалтын өдрөөс өмнө санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу бэлтгэсэн санхүүгийн нэгдсэн дэлгэрэнгүй тайланг хүргүүлэх, нийтэд мэдээлэх журмыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах тогтолцоог бүрдүүлнэ.
1.4.2.Сонгуулийн санхүүжилт, зардлын тайлан гаргах, нийтэд мэдээлэх журам зөрчсөн этгээдэд хариуцлага тооцсон тухай олон нийтэд ил тод мэдээлнэ.
1.4.3.Гадаад улсад байгаа иргэдийг сонгуульд оролцуулах, санал авах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
1.4.4.Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлыг бууруулна.
1.4.5.Иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэн иргэд, сонгогчдын хяналт, хариуцлагыг сайжруулах чиглэлээр иргэний нийгмийн байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
1.4.6.Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын аудитлагдсан санхүүгийн тайланд төрийн бус байгууллага, сонгогчоос хөндлөнгийн хяналт хийх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Зорилт 1.5.Төрийн бодлого, шийдвэр гаргахад нийгмийн сонирхлын бүлэг, иргэн оролцох, нөлөөлөх /лоббидох/ эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.
1.5.1.Төрийн бодлого, шийдвэр гаргахад нийгмийн сонирхлын бүлэг, иргэн оролцох, нөлөөлөх эрх зүйн зохицуулалтыг бий болгож, үйл ажиллагааг ил тод болгоно.
1.5.2.Улсын Их Хурлын гишүүн өөрөө эцсийн өмчлөгч, эсхүл нөлөө бүхий хувьцаа эзэмшдэг хуулийн этгээдийн явуулж байгаа аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн төсөл санаачлах, санал гаргахыг хязгаарласан эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
1.5.3.Улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн орлого, зарлага, татвар төлөлтийг хянах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
Зорилго 2.Олон нийтийн итгэлийг хүлээсэн авлигаас ангид нийтийн албыг бэхжүүлнэ.
Зорилт 2.1.Төрийн албаны хүний нөөцийн удирдлага болон томилгооны ил тод, мэргэшсэн, тогтвортой байдлыг бэхжүүлнэ.
2.1.1.Төрийн албаны цалин хөлс, нийгмийн баталгааны эрх зүйн орчныг боловсронгуй болгож, ялгамжтай байдлыг арилгаж, ил тод байдлыг нэмэгдүүлнэ.
2.1.2.Төрийн албаны сул орон тооны талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх, сонгон шалгаруулах нэгдсэн цахим системийг хөгжүүлж, холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
2.1.3.Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх болон бусад сургалтын давтамж, агуулгыг шинэчилж, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрхийн үзүүлэлт, үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлсийн эрсдэлийг таних чадавхыг бэхжүүлж, олон улсын нийтлэг шаардлага /цаашид "Комплаенс" гэх/-ыг хангана.
2.1.4.Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад цогц чадамжийн шалгуурыг нэвтрүүлэх замаар чадахуйн зарчимд суурилсан, мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлнэ.
2.1.5.Төрийн албаны журам, стандарт, менежментийг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх замаар төрийн албан хаагчийн ёс зүйг төлөвшүүлнэ.
2.1.6.Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой төрд учруулсан хохирлын бүртгэл, хяналтын нэгдсэн системийг бий болгож, хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих тогтолцоог бүрдүүлнэ.
Зорилт 2.2.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах үйл ажиллагаанд олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгоно.
2.2.1.Төсвийн захирагчаар томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянахад олон нийтийг оролцуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
2.2.2.Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг томилсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
Зорилт 2.3.Нийтийн албан тушаалтан зарлагаа мэдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, татварын болон төрийн бусад мэдээлэлтэй уялдуулан хяналт тавих цахим системийг хөгжүүлнэ.
2.3.1.Нийтийн албан тушаалтан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээний зарлагыг мэдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хуульд нийцүүлэн хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтад нэмэлт, өөрчлөлт оруулна.
2.3.2.Мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын үйл ажиллагаанд төрийн байгууллагын мэдээллийг бүрэн ашиглаж, эрсдэлд суурилсан цахим систем хөгжүүлнэ.
2.3.3.Авлига, ашиг сонирхлын зөрчлөөр хариуцлага хүлээсэн албан тушаалтны үйлдэл, хүлээлгэсэн хариуцлагын талаар олон нийтэд нээлттэй болгох эрх зүйн орчныг бий болгоно.
2.3.4.Мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарын хяналт шалгалтын үр дүнд сонгуульт албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
Зорилт 2.4.Төрийн өндөр албан тушаалтан, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
2.4.1.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын албан тушаалд төрийн улс төрийн албан тушаалтан болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч томилогдохыг хориглох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
2.4.2.Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улс төрд нөлөө бүхий этгээдэд албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш тогтоосон хориглолт, хязгаарлалтын хугацааг шинэчлэн тогтооно.
2.4.3.Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээнд заасан албан тушаалтнаас бусад хуулиар тогтоосон албан тушаалын халдашгүй байдлын хүрээг хязгаарлана.
Зорилт 2.5.Төрийн үйл ажиллагааны мэдээллийг цахимжуулах замаар иргэдийн мэдэх эрхийг баталгаатай эдлүүлнэ.
2.5.1.Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
2.5.2.Олон нийтэд нээлттэй, ил тод болгохоор заасан мэдээллийг тухай бүр цахим системд нээлттэй байршуулж, хуулийн хэрэгжилтэд хоёр жил тутам үнэлгээ хийж олон нийтэд ил тод мэдээлнэ.
2.5.3.Төрийн байгууллагын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг үе шаттайгаар бүрэн цахимжуулна.
2.5.4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийг хянах нэгдсэн цахим системийг нэвтрүүлж, хоёр жил тутамд хяналт шинжилгээ хийнэ.
Зорилт 2.6.Салбарын эрсдэлийг оновчтой тодорхойлж, түүнд чиглэсэн арга хэмжээг үе шаттайгаар, цогц байдлаар хэрэгжүүлнэ.
2.6.1.Салбар дахь үйл ажиллагааны эрсдэлийг үнэлэх аргачлалыг боловсруулж, үнэлгээ хийнэ.
2.6.2.Эрсдэлд суурилсан авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлж хэвшүүлнэ.
Зорилго 3.Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэн, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн бодит оролцоо, үр дүнтэй хяналтыг бэхжүүлнэ.
Зорилт 3.1.Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн чиг үүрэг, эрх хэмжээ, бүтцийг олон улсын жишиг, сайн туршлага, олон улсын байгууллагын зөвлөмжийг үндэслэн оновчтой тодорхойлж, олон нийтийг төлөөлөх боломж, нөхцөлийг хангасан эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
3.1.1.Олон нийтийн зөвлөлийн чиг үүрэг, эрх хэмжээг оновчтой тодорхойлно.
3.1.2.Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн төсөв, орон тоог шинэчлэн тогтооно.
3.1.3.Олон нийтийн зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг тодорхойлж, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах үйл явцыг нээлттэй, ил тод болгоно.
3.1.4.Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланд Олон нийтийн зөвлөлийн санал, зөвлөмжийг тусгана.
Зорилт 3.2.Төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх болон хэрэгжилтийг үнэлэхэд иргэн, иргэний нийгмийн байгууллагын бодит оролцоог хангаж иргэнд ээлтэй бодлого, шийдвэр гаргах нөхцөлийг хэвшүүлнэ.
3.2.1.Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад Хууль тогтоомжийн тухай хуульд заасан олон нийтийн оролцоог хангах арга хэмжээг эрчимжүүлнэ.
3.2.2.Хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэхдээ иргэний нийгмийн байгууллагын санал, дүгнэлтийг авах замаар тэдгээрийн оролцоог хангах арга хэмжээг хэвшүүлнэ.
3.2.3.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасан сонсголыг зохион байгуулахдаа иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлнэ.
3.2.4.Нийтийн мэдээллийг нээлттэй өгөгдлийн стандартын дагуу ил болгож, иргэн шууд хяналт тавих боломжийг бүрдүүлнэ.
Зорилт 3.3.Төрийн үйл ажиллагаанд хараат бус хөндлөнгийн хяналт тавих иргэний нийгмийн байгууллагыг бэхжүүлэхэд шаардлагатай дэмжлэг бий болгоно.
3.3.1.Иргэний нийгмийн байгууллагын эрх зүйн орчныг шинэчлэхдээ баримт, судалгаа, зөвлөмжийг үндэслэн тэдгээрийн бодит оролцоог хангана.
3.3.2.Хүний эрх, засаглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад иргэний хандив, тусламж авах замаар хараат бус санхүүжилт босгох арга зам, холбогдох хариуцлагын зохицуулалтыг бий болгоно.
3.3.3.Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын Техник хэрэгжилтийн зөвлөмжид нийцүүлэн ашгийн бус салбар дахь терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээний аргачлалыг боловсруулж, үүнд ашгийн бус байгууллагыг хамруулна.
Зорилт 3.4.Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийг хамгаалах эрх зүйн орчныг бэхжүүлж, хариуцлагыг нэмэгдүүлнэ.
3.4.1.Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батлуулж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрх, үүргийг тодорхой болгоно.
3.4.2.Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг аливаа дарамт, шахалт, сүрдүүлгээс хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.
3.4.3.Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн шилэн дансны мэдээлэлд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчтэй байгуулсан гэрээ, төлсөн төлбөрийг тусгайлан мэдээлэх журам, стандартыг баталж, мөрдүүлнэ.
3.4.4.Сэтгүүлчийн мэргэжлийн хариуцлагыг нэмэгдүүлж, хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлнэ.
Зорилго 4.Хувийн хэвшилд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлнэ.
Зорилт 4.1.Бизнесийн ёс зүй, Комплаенсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
4.1.1.Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид авлигын эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалыг боловсруулах болон Комплаенсыг нэвтрүүлэхэд арга зүйн удирдамжаар хангана.
4.1.2.Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид сайн дурын үндсэн дээр бизнесийн ёс зүй, Комплаенсыг нэвтрүүлэх, авлигын, мөнгө угаах, эдийн засаг, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнчлэн хууль тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
4.1.3.Компанийн ёс зүйн дүрэм, журамд дотоод шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах зохицуулалтыг тусгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг үл тэвчих, шүгэл үлээх соёлыг төлөвшүүлнэ.
Зорилт 4.2.Шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа авлигын хүчин зүйлсийг арилгана.
4.2.1.Картель, шударга бус өрсөлдөөнийг хязгаарласан эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлнэ.
4.2.2.Бизнесийн үйл ажиллагаа, шударга өрсөлдөөнд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодорхойлох суурь судалгааг үе шаттайгаар зохион байгуулж, хариу арга хэмжээг хэрэгжүүлнэ.
4.2.3.Эдийн засаг, татварын өршөөл үзүүлэхтэй холбоотой эрх зүйн орчинд иж бүрэн дүн шинжилгээ хийж, өршөөлд хамрагдсан хүн, хуулийн этгээдийн мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх, авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг өршөөлд хамруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
4.2.4.Дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихэд олон улсын байгууллагаас шаардах Комплаенсын шаардлагыг хангана.
4.2.5.Арбитрын чадавхыг бэхжүүлж, шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг нэмэгдүүлэх нөхцөлийг дэмжиж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
Зорилт 4.3.Авлигын улмаас олсон хөрөнгө, орлогыг илрүүлэх, мөнгө угаах эрсдэлийг бууруулж, хуулийн этгээдийн хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бэхжүүлнэ.
4.3.1.Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч, ашиг хүртэгчийн мэдээллийг тогтмол шинэчилж, олон нийтэд нээлттэй болгоно. Мэдээлэл ирүүлээгүй хуулийн этгээдийн хүлээх үүрэг, хариуцлагыг чангатгана.
4.3.2.Компанийн нийгмийн хариуцлагын стандартыг нэвтрүүлнэ.
Зорилго 5.Авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын хараат бус, бие даасан байдлыг хангаж, аливаа нөлөөллийн эрсдэлийг бууруулна.
Зорилт 5.1.Авлигатай тэмцэх газрын төсөв, санхүү, хүний нөөцийн чадавхыг сайжруулах цогц арга хэмжээг авч олон улсын жишигт хүргэнэ.
5.1.1.Авлигатай тэмцэх газрын албан хаагчдыг чадавхжуулах, хүний нөөцийг бэхжүүлэх стратеги боловсруулж, хэрэгжүүлнэ.
5.1.2.Авлигатай тэмцэх газрын удирдлагыг томилох, чөлөөлөхөд улс төрөөс ангид байх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
5.1.3.Авлигатай тэмцэх газрын албан хаагчдын орон тоог үйл ажиллагааны онцлог, ажлын ачааллыг харгалзан нэмэгдүүлнэ.
5.1.4.Төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, худалдан авах ажиллагааны авлигын эрсдэлийг тодорхойлох, авлигын гэмт хэрэг, зөрчлийн болон холбогдох мэдээлэл, их өгөгдлийг цуглуулах, дүн шинжилгээ, боловсруулалт хийх чиг үүрэг бүхий төвийг байгуулна.
5.1.5.Авлигатай тэмцэх газрын салбарыг орон нутагт байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
5.1.6.Авлигатай тэмцэх газрын тухайн жилийн төсвийн урсгал зардлыг өмнөх оны батлагдсан төсвөөс бууруулахыг хориглох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
5.1.7.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн улс төр, нийгэм, эдийн засаг, хууль зүйн баталгааг бэхжүүлнэ.
5.1.8.Хулгайлагдсан хөрөнгийг илрүүлэх, цахим орчинд шинжилгээ хийх, санхүүгийн мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах, гэрч, хохирогч, шүгэл үлээгч, мэдээлэгчийг хамгаалах болон аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгжийг байгуулна.
Зорилт 5.2.Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжид үнэлгээ хийж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
5.2.1.Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийн үр дагаварт бүхэлд нь үнэлгээ хийж, авлигын эсрэг үйл ажиллагааг өргөжүүлнэ.
5.2.2.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
5.2.3.Авлига, ашиг сонирхлын зөрчил болон сахилга, ёс зүйн зөрчилд хяналт тавих, хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтын үр нөлөөнд дүн шинжилгээ хийж, боловсронгуй болгоно.
Зорилт 5.3.Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх замаар иргэдийн итгэл хүлээсэн шүүхийн тогтолцоог бэхжүүлнэ.
5.3.1.Авлигын гэмт хэрэг хянан шийдвэрлэх чиглэлээр шүүгчийг мэргэшүүлж, орон тоог үйл ажиллагааны онцлог, ажлын ачааллыг харгалзан нэмэгдүүлнэ.
5.3.2.Авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлийн талаарх ойлголт, хэрэг, зөрчлийг шийдвэрлэж байгаа олон улсын туршлага, практик үйл ажиллагааны талаарх мэдлэг олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, мэргэшсэн шүүгчийг бэлтгэнэ.
5.3.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, прокурор, шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, олон нийтэд нээлттэй мэдээлэх тогтолцоог бий болгоно.
5.3.4.Авлига, албан тушаалын гэмт хэрэг шийдвэрлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх агуулга, хөтөлбөрийг шүүгчийн давтан сургалтад нэвтрүүлнэ.
Зорилт 5.4.Прокурорын байгууллагын томилгоо, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах замаар хараат бус байдлыг нэмэгдүүлнэ.
5.4.1.Прокурорын сахилга, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх тогтолцоог шинэчлэх замаар хариуцлагыг нэмэгдүүлнэ.
5.4.2.Авлигын гэмт хэрэг хянан шийдвэрлэх чиглэлээр прокурорыг мэргэшүүлж, бүтэц, орон тоог олон улсын жишигт нийцүүлнэ.
5.4.3.Олон улсын авлигын эсрэг сүлжээ, гадаад хамтын ажиллагаа, туршлага судлах үйл ажиллагаанд Авлигатай тэмцэх газар, прокурорын оролцоог нэмэгдүүлж, шаардлагатай нөхцөл, боломжоор хангана.
5.4.4.Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх чиг үүргийг хэрэгжүүлэх хүний нөөцийг бэхжүүлнэ.
Зорилт 5.5.Авлигын эрсдэлийг тодорхойлж, хариу арга хэмжээ авах тогтолцоог бүрдүүлнэ.
5.5.1.Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд хийх бүтээн байгуулалтын ажлын төсөв, санхүү, зарцуулалт, гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт тавих нөхцөл, боломжийг бүрдүүлж, үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.
5.5.2.Авлигын эрсдэлийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, үр дүнг олон нийтэд мэдээлнэ.
5.5.3.Эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан өндөр эрсдэлтэй гэж тодорхойлогдсон суурь гэмт хэргийг шалгах аргачилсан зааврыг боловсруулан үйл ажиллагаанд дагаж мөрдөнө.
Зорилт 5.6.Авлигатай тэмцэхэд төрийн аудитын байгууллагын үр нөлөөтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар Хөтөлбөрийн хэрэгжилтэд төрийн аудитын байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ.
5.6.1.Авлигатай тэмцэх газар болон төрийн аудитын байгууллагын авлигын эсрэг чиглэсэн хамтын ажиллагааг төлөвшүүлэх, талуудын үүрэг, оролцоог оновчтой тодорхойлж, хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
5.6.2.Төрийн аудитын байгууллагын улс төрөөс хараат бус, ил тод, бие даасан байдлыг бэхжүүлнэ.
5.6.3.Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэсэн аудитын үр дүнг ашиглах горим, тогтолцоо бий болгоно.
Зорилго 6.Авлигын гэмт хэргийн шинжийг хийдэлгүй тодорхойлох, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
Зорилт 6.1.Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын хэрэгжилтийг бүрэн хангана.
6.1.1.Хөрөнгө буцаасан, мэдээлэл солилцсон, хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан олон улсын туршлагад тулгуурлан сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна.
6.1.2.Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын 46 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг хүлээн авах, гүйцэтгэх, эсхүл гүйцэтгүүлэхээр эрх бүхий байгууллагад дамжуулах асуудлыг хариуцсан эрх бүхий төв байгууллагыг томилох, 49 дүгээр зүйлд заасны дагуу хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
6.1.3.Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын 46 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт илгээх, хүлээн авах, мэдээлэл, нотлох баримт солилцох, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхээс татгалзах, хүсэлт гүйцэтгэхтэй холбогдсон зардалтай холбоотой харилцааг зохицуулах эрх зүйн орчныг тодорхой болгоно.
6.1.4.Хөрөнгө буцаасан, хураасан, царцаасан хөрөнгийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
6.1.5.Авлигын гэмт хэргийн шинжийг оновчтой тодорхойлох, хахууль авах, өгөх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, дураараа аашлах зэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлж тодорхойлно.
6.1.6.Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын 17 дугаар зүйлд заасан "албаны эрх нөлөөг урвуулан ашиглах" үйлдлийг гэмт хэрэгт тооцдог болох эрх зүйн орчныг бий болгоно.
6.1.7.Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын хэрэгжилтийг хангаж, эрүү шүүлт тулгах, нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжийг оновчтой тодорхойлно.
6.1.8.Авлигын гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг хураах нэмэгдэл ялын төрөл бий болгох асуудлыг судалж, санал боловсруулна.
6.1.9.Хуулийн этгээд, нийтийн албан тушаалтнаас хууль бус давуу байдал олж авсан үйлдлийг гэмт хэрэгт тооцох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
6.1.10.Авлигын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлнэ.
6.1.11.Хахууль өгсөн, зуучилсан хүн, хуулийн этгээд гэмт үйлдлээ илчилсэн, нотлох баримт гаргаж өгсөн, хамтран ажилласан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
6.1.12.Мөрдөн шалгах ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглаж мэдүүлэг авах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
6.1.13.Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын 12.4 дүгээр заалт /хахуульд өгсөн зардал болон зохих тохиолдолд авлигын үйлдлийг дэмжсэн бусад зардлыг татвар ногдох зардлаас хасаж тооцохыг үл зөвшөөрнө/-ыг холбогдох татварын хууль тогтоомжид тусгана.
6.1.14.Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын 40 зөвлөмж, үр дүнтэй байдлын шууд хэрэгжилтийн 11 шалгуурыг хангаж, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг нэмэгдүүлнэ.
6.1.15.Банк, санхүүгийн байгууллагаас бусад байгууллагаар мөнгөн гүйлгээний хэрэгсэл ашиглах, сүлжээ ашиглах болон хавала зэрэг санхүүгийн гэмт хэргийн шинээр илрэх хэлбэрийг оновчтой хянах тогтолцоог эрсдэлийн үнэлгээнд суурилж бэхжүүлнэ.
Зорилт 6.2.Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцыг эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх үндэслэл болгон хэрэглэх, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг бусад улс оронтой байгуулах ажлыг эрчимжүүлж, дотоодын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулна.
6.2.1.Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шилжүүлэх, хөрөнгө буцаах, мөнгө угаахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын хүрээнд гадаад хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
6.2.2.Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зөрчлийг илрүүлэх чиглэлээр бусад улс орны хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллана.
6.2.3.Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах ажиллагааны явцад эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх ажиллагааг үр дүнтэй явуулах нөхцөл байдлыг хангах, мөрдөгч нарыг мэргэшүүлэх, гадаад хэлний мэдлэг, бусад ур чадварыг эзэмших нөхцөл, боломжийг бий болгоно.
6.2.4.Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон боловч хуулийн байгууллагад шалгуулалгүйгээр оргон зайлсан, гадаад улсад байгаа нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан этгээдийг Монгол Улсад буцаан авчирч гэм буруутай эсэхийг нь шүүхээр шийдвэрлүүлэх эрх зүйн орчныг бататгана.
6.2.5.Эдийн засаг, авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг болон мөнгө угаах өндөр эрсдэлтэй гэмт хэргийг суурь гэмт хэрэгт хамааруулах, гэмт хэргийн шинж, зохицуулалтыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гэрээ, конвенц, олон улсын стандартад нийцүүлнэ.
Зорилт 6.3.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн нас барсан, сураггүй алга болсон, оргон зайлснаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж, улсын орлого болгох тогтолцоог бүрдүүлнэ.
6.3.1.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн нас барсан, сураггүй алга болсон, оргон зайлснаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж, улсын орлого болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
6.3.2.Оффшор бүс, гадаад улсаас шилжүүлэн авсан хууль бус хөрөнгө, орлого, авлигын гэмт хэргийг шийдвэрлэх явцад хураасан хөрөнгийг нээлттэй, ил тод байдлаар зарцуулах тогтолцоог бий болгоно.
6.3.3.Нуугдмал хөрөнгийг илрүүлэх, хөрөнгө буцаах болон захиран зарцуулах нөхцөл, журам, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих үйлдлийг таслан зогсооход чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
Зорилт 6.4.Шаардлагатай бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгоно.
6.4.1.Орлогоосоо давсан зарлагатай, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ нотолж чадаагүй албан тушаалтныг нийтийн албанаас чөлөөлөх, эгүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
6.4.2.Авлигын гэмт хэрэгт үгсэн тохиролцож, хууль бусаар давуу байдал олж авсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг бий болгоно.
6.4.3.Шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчныг бий болгох замаар шүгэл үлээх соёлыг төлөвшүүлнэ.
6.4.4.Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг цахим санд байршуулах замаар шийдвэрийн ил тод байдлыг бий болгоно.
6.4.5.Авлигын гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын гуравны хоёр хувийг биеэр эдлээгүй ялтныг шүүхийн магадлалаар хугацаанаас өмнө суллахгүй байх зохицуулалтыг хуульд тусгана.
6.4.6.Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тодорхой болгоно.
6.4.7.Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигчийн мэдээллийг ил тод болгох эрх зүйн орчныг сайжруулна.
6.4.8.Хэвлэл мэдээллийн байгууллагын эцсийн өмчлөгч болон санхүү, орлогын эх үүсвэрийн талаарх мэдээллийг ил тод болгох зохицуулалтыг сайжруулна.
6.4.9.Үндэсний эрсдэлийн үнэлгээгээр тодорхойлсон өндөр эрсдэлтэй суурь гэмт хэргийг шалгах аргачлал болон гарын авлагыг боловсруулж, хуульч, хууль сахиулагчид хуулийг нэг мөр ойлгон хэрэглэх нөхцөл, бололцоог бүрдүүлнэ.
6.4.10.Тусгай субъектийн үйлдсэн авлигын гэмт хэргийг шалгах чиг үүргийг дангаар хариуцсан нэгжийг бий болгоно.
6.4.11.Төрийн бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авлигатай тэмцэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг сайжруулна.
Зорилго 7.Төсөв, санхүү, аудитын хяналтыг сайжруулан, худалдан авах ажиллагааны авлигын эрсдэлийг бууруулна.
Зорилт 7.1.Төсвийн төлөвлөлтийн тогтолцоог урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулж, тэгш хүртээмжтэй, нээлттэй, олон нийтийн оролцоог хангах замаар бэхжүүлнэ.
7.1.1.Төсвийн төслийн баримт бичигт өрийн бүтцийн мэдээллийг дэлгэрэнгүй тусгаж, эдийн засгийн өсөлтийн төсөөлөл төсөвт үзүүлэх нөлөөллийн мэдээллийг тодорхой болгон тооцооллын тоон мэдээллийг нээлттэй өгөгдлийн зарчмаар нийтэлнэ.
7.1.2.Төсвийн тухай хуульд төсвийн орлого, зарлагын мэдээллийг төсөв захирагчдаар нийтлэхээс гадна эдийн засгийн болон зориулалтын ангиллаар тооцон тусгана.
7.1.3.Төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтийн талаарх мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангана.
7.1.4.Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний эрэмбийг тогтоох, хөрөнгө оруулалтын дэд бүтэц, уул уурхай, бүтээн байгуулалтын төслийг төлөвлөхдөө техник, эдийн засгийн үндэслэл, нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ, зардлын тооцоололд суурилсан эсэхийг хянах тогтолцоог бүрдүүлж, олон нийтэд ил тод болгоно.
7.1.5.Төсвийн гүйцэтгэлийн тайланг Улсын Их Хурлаар хэлэлцэн батлах үед төсвийн захирагчдын хүрэх үр дүнгийн үзүүлэлтийн биелэлтийг үнэлж, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлнэ.
7.1.6.Төсөвт бус зардлыг төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгөөс татах, төлүүлэх, өр барагдуулах зэргээр төсвөөс гадуурх зардал гаргахыг хориглох, хариуцлага хүлээлгэх нөхцөлийг бүрдүүлнэ.
7.1.7.Хөтөлбөрт суурилсан төсөвлөлтийн аргыг хэрэглэхээс гадна гүйцэтгэлд суурилсан, хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй, аккруэл суурьт төсөвлөлтийн аргуудыг хэрэглэж хэвшинэ.
7.1.8.Төсөвлөлт, тайлагналын кодчилол, ангиллыг нэгтгэн гүйцэтгэлд суурилсан төсвийг хянах системийг нэвтрүүлж, төсвийн ангилал, зориулалт, санхүүжилтийн зүйл тус бүрээр блокчейн кодчилол бий болгож, төсөвт төсөл, арга хэмжээг өөр нэршил, зориулалт, ангиллаар давтагдах, давхардуулж төсөвлөх байдлыг таслан зогсооно.
7.1.9.Гүйлгээнд бэлэн бус төлбөр тооцооны эзлэх хувийг нэмэгдүүлж, төсвийн орлогын суурийг өргөжүүлж, далд эдийн засгийн эзлэх хэмжээг багасгах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
7.1.10.Төсвийн захирагчийн албан тушаалд нэр дэвшигчдийг бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөөр өрсөлдүүлэх зарчмыг баримтлан сонгон шалгаруулж, төсвийн ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагчид нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж хэвшинэ.
7.1.11.Төсвийн төлөвлөлтийг хөгжлийн бодлого, төлөвлөлттэй нийцэж байгаа эсэхэд төрийн аудитын байгууллага дүгнэлт гаргадаг үйл ажиллагааг тогтмол болгоно.
Зорилт 7.2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бүртгэл, төлөвлөлт, ашиглалт, зарцуулалт, дуудлага худалдааг нээлттэй, боловсронгуй болгож, хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлнэ.
7.2.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бүртгэл, удирдлагын нэгдсэн систем бий болгож, хөрөнгийн хөдөлгөөн, засвар үйлчилгээний зардал, хөрөнгө оруулалтын зардлыг нэгтгэж хянах боломжийг бүрдүүлнэ.
7.2.2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн тооллого, түрээсийн сонгон шалгаруулалт, худалдан авалтын нэгдсэн бүртгэлийг боловсронгуй, нээлттэй болгох, дуудлага худалдааг цахимаар зохион байгуулдаг тогтолцоог бүрдүүлж, олон нийтийн бодит оролцоо, хяналтыг нэмэгдүүлнэ.
7.2.3.Төрийн өмчийн биет бус, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээг олон улсын стандартын дагуу гүйцэтгэж, данснаас хасагдсан хөрөнгийн үнэлгээг бодитой болгож, хөрөнгийг үр ашигтай зарцуулах нөхцөл, бололцоог нэмэгдүүлж, эрх зүйн орчныг сайжруулна.
7.2.4.Хөрөнгийн дуудлага худалдааны дүрэм, журмыг олон улсын жишигт нийцүүлэн эрх зүйн орчныг сайжруулна.
Зорилт 7.3.Засгийн газрын өр, тусгай сан, гадаадын зээл, тусламжийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, менежментийг сайжруулах чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгоно.
7.3.1.Засгийн газрын тусгай сангийн санхүүжилт, төсөл сонгон шалгаруулалт, зарцуулалтыг ил тод, олон нийтийн хяналттай, хариуцлагатай болгож, олон улсын жишигт нийцүүлнэ.
7.3.2.Засгийн газрын тусгай сангийн хэрэгцээ, шаардлага, хуримтлал, удирдлага, зарцуулалтыг үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлтийг бий болгоно.
7.3.3.Тусгай сангуудын үйл ажиллагааг олон улсын сангийн удирдлагын жишигт нийцүүлж шилэн болгох, эрсдэлийн үнэлгээг тодорхой хугацаанд давтамжтай хийж, аудитын үр дүнгээр нийтийн сонсгол зохион байгуулна.
7.3.4.Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сангийн төсөв, хөрөнгийн удирдлага ил тод, хараат бус, олон нийтийн хяналтад байх тогтолцоог бүрдүүлж, холбогдох яам, агентлаг, үндэсний зөвлөлийн эрх хэмжээ, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлнэ.
7.3.5.Гадаадын зээл, тусламжийн санхүүжилттэй төслүүдийн нэгдсэн төлөвлөлт, бүртгэл, хэрэгжилт, үр дүнгийн талаарх тайланг олон нийтэд ил тод болгоно.
7.3.6.Гадаадын зээл, тусламжийн бүртгэлийг төрийн санхүүгийн удирдлагын системд нэгтгэж, урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулна.
Зорилт 7.4.Худалдан авах ажиллагааг хэрэгцээ, шаардлагад үндэслэн төлөвлөх, хяналт тавих, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоно.
7.4.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлнэ.
7.4.2.Ерөнхий гэрээгээр худалдан авах барааны нэр төрлийг нэмэгдүүлэх, шууд худалдан авалт зохион байгуулах журам, аргачлал, шалгуурыг тодорхой болгож мөрдүүлнэ.
7.4.3.Худалдан авах ажиллагааг үе шаттайгаар бүрэн цахимжуулна.
7.4.4.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан төлөвлөж, ил тод байдлыг нэмэгдүүлж, хяналт, хариуцлагыг бэхжүүлнэ.
7.4.5.Төрийн худалдан авах ажиллагааны гэрээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зохицуулалтыг тусгах, зөрчил тогтоогдсон тохиолдолд гэрээг цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, олон нийтэд мэдээлнэ.
Зорилт 7.5.Төрийн аудит, дотоод аудитын тогтолцооны хараат бус, ил тод, бие даасан байдлыг бэхжүүлнэ.
7.5.1.Авлигын гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх асуудалд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн аудитын байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох зохицуулалтыг хуульчилна.
7.5.2.Төрийн аудитын тухайн жилийн сэдвийн төлөвлөлт, аудитын үр дүнг олон нийтэд ил тод мэдээлж, эргэх холбоо тогтоох нөхцөлийг бүрдүүлнэ.
7.5.3.Засгийн газрын хяналт шалгалт, төрийн аудитын байгууллагын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх, хариуцлага хүлээлгэх тогтолцоог боловсронгуй болгоно.
7.5.4.Аудитын хуулийн этгээдийг төрийн аудитад татан оролцуулах үйл ажиллагааг ил тод болгож, хариуцлагыг нэмэгдүүлнэ.
7.5.5.Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дотоод аудитын тогтолцоог боловсронгуй болгоно.
Зорилго 8.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэн ил тод, үр ашигтай, хариуцлагатай хяналтын тогтолцоог бүрдүүлнэ.
Зорилт 8.1.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын томилгоог ил тод болгож, олон улсын хөрөнгийн зах зээлийн нээлттэй компанийн жишигт нийцсэн хяналт, хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.
8.1.1.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ил тод байдал, хяналт, хариуцлагын стандартыг нээлттэй компанид мөрдөгдөж байгаа олон улсын жишигт хүргэнэ.
8.1.2.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлага, сонгох шалгуур үзүүлэлтийг нарийвчлан тодорхойлж, шударга, нээлттэй, ил тод, хөндлөнгийн оролцоогүйгээр өрсөлдөх боломжийг хангана.
8.1.3.Компанийн эрх бүхий албан тушаалтантай байгуулах гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд хүрэх үр дүнг нарийвчлан зааж, ажлын гүйцэтгэлийн шалгуурыг хэмжигдэхүйц байдлаар тогтоож, хяналт тавих, хариуцлага хүлээлгэх, хохирол барагдуулах нөхцөлийг баталгаажуулна.
8.1.4.Компанийн эрх бүхий албан тушаалтны цалин хөлс, урамшуулал, тэтгэмж, дэмжлэг ил тод байх тогтолцоог бүрдүүлнэ.
8.1.5.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх зүйн нарийвчилсан зохицуулалтыг бий болгоно.
8.1.6.Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн зарлага, төрийн оролцоог үе шаттайгаар бууруулж, Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг хязгаарлана.
Зорилт 8.2.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, орлогыг завших, үрэгдүүлэх, мөнгө угаах эрсдэлийг бууруулж, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлнэ.
8.2.1.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд Комплаенсын тогтолцоог нэвтрүүлнэ.
8.2.2.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг үйл ажиллагааны үндсэн зорилгод нийцээгүй улс төрийн шинжтэй шийдвэр, нийгмийн халамж, тусламж дэмжлэг, хөнгөлөлт, урамшуулал зэрэг үйл ажиллагааны санхүүжилтэд зарцуулахыг таслан зогсооно.
8.2.3.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн баталгаажсан санхүүгийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын тайланг олон нийтэд ил тод байх нөхцөлийг бүрдүүлнэ.
8.2.4.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд аливаа нийтлэл, нэвтрүүлэг, зар сурталчилгаа, мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэхтэй холбогдсон үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгоно.
Зорилт 8.3.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг холбогдох тооцоо, судалгаа, зардал, үр ашгийн тооцоонд үндэслэн үүсгэн байгуулах, татан буулгах, бүтцэд өөрчлөлт оруулах шалгуур, шаардлага, журмыг боловсронгуй болгоно.
8.3.1.Төрийн болон орон нутгийн өмчит компани, түүний охин компанийг үүсгэн байгуулах, татан буулгах, бүтцийн өөрчлөлт хийхэд мөнгөн урсгал, техник, эдийн засгийн үндэслэл, улсын төсөвт төвлөрүүлэх татвар болон судалгаа, дүн шинжилгээнд тулгуурладаг байна.
8.3.2.Алдагдалтай ажилласан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитын шалгалт хийж, үндэслэл, шалтгааныг тогтоож, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Зорилт 8.4.Байгалийн баялгийн орлого, үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэнд тэгш, шударга хүртээнэ.
8.4.1.Үндэсний баялгийн сангийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод байдал, зарцуулалт, үр өгөөж, хяналт, хариуцлагыг олон улсын жишигт нийцүүлэн эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
8.4.2.Байгалийн баялгийн орлогоос бүрдсэн сангуудын хуримтлал, зарцуулалтад дүн шинжилгээ хийж, үр ашиг, үр нөлөөг олон нийтэд ил тод болгож, нийтийн сонсгол зохион байгуулна.
8.4.3.Төрийн болон орон нутгийн өмчит, хувийн эрх зүйн хуулийн этгээдийн ногдол ашгийн бодлогын баримт бичгийг баталж, хэрэгжүүлнэ.
8.4.4.Эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Зорилго 9.Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг олон нийтийн оролцоонд тулгуурлан цогц байдлаар зохион байгуулна.
Зорилт 9.1.Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг шинжлэх ухаан, технологийн дэвшил, судалгаанд суурилсан байдлаар төлөвлөн хэрэгжүүлнэ.
9.1.1.Авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийнэ.
9.1.2.Авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг үнэлэх арга зүйг боловсруулж, үйл ажиллагаанд нэвтрүүлнэ.
9.1.3.Амьдралын хэв маяг, үзэл бодол, үнэт зүйлс, соёлд тулгуурлан соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж, үр нөлөөг нэмэгдүүлнэ.
9.1.4.Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологи, цахим платформыг судалж, нэвтрүүлнэ.
9.1.5.Авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигын шалтгаан, нөхцөл, хор хөнөөлийг судлах, эрсдэл тодорхойлох, хяналт тавих ажлыг иргэний нийгэм, хувийн хэвшлээр гүйцэтгүүлж, оролцоог нэмэгдүүлнэ.
Зорилт 9.2.Олон нийтийг авлигаас ангид байлгах, нийгмийн ёс суртахууныг дээшлүүлэх зорилгоор үндэсний контентыг бүтээж, түгээнэ.
9.2.1.Үндэсний контентыг бүтээж, авлигыг үл тэвчих үзлийг олон нийтэд төлөвшүүлнэ.
9.2.2.Авлигыг үл тэвчих үзлийг түгээн дэлгэрүүлэхэд соёл, урлаг, спорт, хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлж, мэдээлэл солилцох сувгийг хөгжүүлнэ.
Зорилт 9.3.Ёс суртахуун, хүмүүжлийн ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор бүх түвшний сургалтын агуулга, хөтөлбөрийг олон улсын туршлагад тулгуурлан шинэчлэлт, үнэлгээ хийж хэвшүүлнэ.
9.3.1.Бүх түвшний сургалтын агуулга, хөтөлбөрт авлигыг үл тэвчих, ёс суртахууныг төлөвшүүлэх агуулга, сэдвийг олон улсын туршлага, үндэсний онцлогт нийцүүлэн тусгаж, дүн шинжилгээ хийж, үр нөлөөг үнэлнэ.
9.3.2.Эрсдэлд суурилсан сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах, авлигыг үл тэвчих хандлагыг бий болгоход чиглэсэн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна.
9.3.3.Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.
Зорилт 9.4.Хүүхдийн шударга байдалд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг бууруулах арга замаар ёс зүйн төлөвшлийг дэмжинэ.
9.4.1.Хүүхдийн шударга байдлыг төлөвшүүлэх ёс зүй, ёс суртахууны зөв төлөвшил олгоход чиглэсэн сургалт, нөлөөллийн хөтөлбөрийг насны ангилал, орчин үеийн чиг хандлагад нийцсэн байдлаар судалгаанд тулгуурлан боловсруулна.
9.4.2.Хүүхдэд үл тохирох контентын хязгаарлалтын түвшинд стандарт тогтоох холбогдох зохицуулалтыг бий болгоно.
9.4.3.Хүүхдийн шударга байдалд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийж, бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
9.4.4.Боловсролын сургалтын байгууллага болон гэр бүлээр дамжуулан авлигыг үл тэвчих, шударга иргэнийг төлөвшүүлэх зорилгоор олон талт арга хэмжээг зохион байгуулж хэвшинэ.
Зорилт 9.5.Төрийн албанд ёс зүйн шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж ажилд авах соёлыг төлөвшүүлж, тогтолцоог бүрдүүлнэ.
9.5.1.Төрийн албан хаагч болон удирдах албан тушаалтанд авлигын эсрэг сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, ёс зүй, манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
9.5.2.Шүгэл үлээхийг дэмжих зорилгоор мэдээлэл өгөх суваг, хамгаалалтын арга хэлбэр, ач холбогдлын талаар олон нийтэд сурталчилна.
Зорилт 9.6.Авлигын эрсдэлтэй үйл ажиллагаа, салбарын онцлог, нөхцөл байдалд чиглэгдсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг цогц байдлаар төлөвлөн хэрэгжүүлж, үр дүнг тооцож хэвшинэ.
9.6.1.Сонгогчийн боловсрол, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудын сүлжээ үүсгэн, хамтын ажиллагааг өргөжүүлж, соён гэгээрүүлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлнэ.
Зорилго 10.Гамшгаас хамгаалах, онц байдлын үеийн үйл ажиллагаа болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдүүлнэ.
Зорилт 10.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагад авлигаас урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, дотоод хяналтыг сайжруулах тусгайлсан бодлого, хөтөлбөр, тогтолцоог бий болгоно.
10.1.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын харьяа төрийн өмчит хуулийн этгээдийн төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа болон хуулиар төрийн нууцад хамааруулснаас бусад мэдээллийг ил тод болгож, түүнд тавих хяналт, хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.
10.1.2.Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагад шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Зорилт 10.2.Гамшгаас хамгаалах болон онц байдлын үеийн хариу арга хэмжээний санхүүжилт, хандив, тусламжийн үйл ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бодлогын баримт бичгийг боловсруулж, гүйцэтгэлийн мөрөөр авч хэрэгжүүлэх хяналт, хариуцлагыг нэмэгдүүлнэ.
10.2.1.Гамшгаас хамгаалах болон онц байдлын үед худалдан авах ажиллагааг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, нээлттэй, ил тод зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
10.2.2.Стратегийн нөөц, батлан хамгаалах материаллаг нөөцөөс бусад нөөцийн худалдан авалт, зарцуулалтыг нууцаас гаргах, ил тод болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
10.2.3.Гамшгаас хамгаалах болон онц байдлын үеийн хандив, тусламжийг бүртгэх, зарцуулалтыг ил тод болгох, хяналт тавих олон нийтэд нээлттэй цахим системийг нэвтрүүлнэ.
10.2.4.Мөнгөн хандивыг төрийн сангийн дансанд төвлөрүүлж, зарцуулалтыг тухай бүр олон нийтэд ил тод тайлагнана.
10.2.5.Гамшгаас хамгаалах болон онц байдлын үед Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнд Авлигатай тэмцэх газрын төлөөллийг ажиллуулна.
10.2.6.Гамшгаас хамгаалах болон онц байдлын үед тусгай үүрэг гүйцэтгэн ажиллах байгууллагын авлигын эрсдэлийг тодорхойлж, бэлэн байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
Зорилт 10.3.Ирээдүйд тулгарч болзошгүй нөхцөл байдлын үеийн авлигын эрсдэлийг тооцоолон хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, учирч болох хор хохирлоос урьдчилан сэргийлнэ.
10.3.1.Ирээдүйд тулгарч болзошгүй авлигын эрсдэл бүхий нөхцөл байдлыг үнэлэх аргачлалыг боловсруулж, бэлэн байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.
10.3.2.Хүний нөөцийн дутагдалтай, ирээдүйд дутагдалд орж болзошгүй ажил, мэргэжлийг судалж, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулна.
10.3.3.Шинжлэх ухаан, технологи, инновацыг нэвтрүүлэх байдлаар авлигын эрсдэлийг тодорхойлдог болно.
Зорилго 11.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог сайжруулна.
Зорилт 11.1.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн зохион байгуулалт, тайлагналт, хяналт шинжилгээ, үнэлгээний үр нөлөөг дээшлүүлнэ.
11.1.1.Монгол Улсын Засгийн газар Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, санхүүжүүлнэ. Яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авлигатай тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүргийг Монгол Улсын Засгийн газар хариуцан ажиллана.
11.1.2.Авлигатай тэмцэх газрын бүтцэд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, тайлан мэдээг нэгтгэн хэрэгжилтийг үнэлэх, зөвлөмж өгөх, олон нийтэд мэдээлэл хүргэх чиг үүрэг бүхий Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Ажлын алба ажиллана.
11.1.3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилт хариуцсан байгууллага хэрэгжилтийн тайланг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газарт тус тус хүргүүлнэ.
11.1.4.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар нь Хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үр дүнг үнэлж, санал, дүгнэлтээ Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд танилцуулна.
11.1.5.Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тайлан, үнэлгээ, санал, дүгнэлтийг хэлэлцэж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчлийг арилгах, ажлаа эрчимжүүлэх талаар чиглэл өгч болно.
---oOo---