Байгаль орчин
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь байгаль орчноо нэн тэргүүнд тавьж, учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээлтийг Монгол Улсын хууль, дүрэм журам, стандартын дагуу хийж гүйцэтгэн, Байгаль орчны удирдлагын тогтолцооны менежментийн ISO 14001:2004 стандартыг хэрэгжүүлж эхэлсэн Монголын анхны уурхай юм.
Үйлдвэрийн газар нь тогтвортой хөгжлийн бодлого үзэл баримтлалын хүрээнд
тэргүүлэх таван чиглэл баталсны нэг нь байгаль орчны бодлого бөгөөд хүрээлэн буй орчны тэнцвэрийг хадгалан, ногоон хөгжлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна.
ХЯНАЛТ МОНИТОРИНГ
Байгаль орчны хууль тогтоомж, стандарт дүрэм журмын хэрэгжилтийг хангах, бүс нутгийн эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, багасгах зорилгоор үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулж болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлон, нөлөөллөөс урьдчилан сэргийлж, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг төлөвлөн, хяналт тавин ажиллаж байна.
Байгаль орчны лаборатори 2008 онд ашиглалтад орж, үйлдвэрийн болон хүрээлэн буй орчны хөрс, ус, агаарын дээжид хэмжилт шинжилгээг газар дээр нь хээрийн болон суурин шинжилгээний аргаар хийж гүйцэтгэдэг бөгөөд Монгол Улсын “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 13.2-т зааснаар Стандартчилал, хэмжил зүйн газраар 4 удаа магадлан итгэмжлэгдсэн.
НӨХӨН СЭРГЭЭЛТ
Эрдэнэтийн Овоо ордыг ашиглах явцад уурхайн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах, байгаль орчныг тэтгэн сайжруулах зорилгоор дахин ашиглагдахгүй хоосон чулуулгийн овоолгууд дээр нөхөн сэргээлтийн ажлыг хийж байна. Энэхүү ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран 2007 оноос хийж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар биологийн нөхөн сэргээлтийг 42,3 га талбайд, нийт 7 төрлийн 61000 ширхэг мод тарьж ургуулаад байна.
ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭ
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.8-д заасан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх” зорилтын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Монгол Улсын хэмжээнд бичил уул уурхайн нөлөөллөөр олон жил эвдэрч орхигдсон 2000 га талбайн техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгөгдсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах 8 байршлын (Харганатын ам, Могой гол, Цамхаг, Угтаал гол, Гозонгийн ам, Өвөр залаатын ам, Нарийн ам) зэрэг газруудад нийт 2000 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэн, нийгмийн хариуцлагын хүрээнд бодит манлайлал үзүүлэн ажиллаж байна.
“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100 сая модыг тарьж ургуулах амлалт авсан.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ойн генетик нөөцийн төв, Хөрсний инновац, технологийн төв, Бүрэн автомат мод үржүүлгийн газруудыг байгуулан “Эрдэнэт 100 сая хөтөлбөр”-ийг батлуулж мод тарих, сайн чанарын тарьц суулгац, мөчир, үрийн сан бүрдүүлэх, модлог ургамлын генетик нөөц хамгаалах, үрийг урт болон богино хугацаанд хадгалах хөрсний биобордоо болон ашигт микориз бүхий хөрс үйлдвэрлэх, хангайн бүсийг шилмүүст тарьцаар хангах зорилгоор үр боргоцой хатаах шугам, үр тарьц суулгах шугам, хангай, хээр, говийн бүсийн судалгаанд суурилсан оновчтой ойжуулалт нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх, иргэдэд экологийн боловсрол олгох Ойн инновацын парк байгуулахаар зорин ажиллаж байна.
Төслийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь нийт 3,3 сая мод тарьж ургуулаад байна.