Автоматжуулалт

ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, АВТОМАТЖУУЛАЛТЫН ЦЕХ


ЭРХЭМ ЗОРИЛГО:

Харилцагчдын хэрэгцээ шаардлагыг хангасан автоматжуулалт, мэдээллийн технологийн дэвшилтэт үйлчилгээ үзүүлнэ.


ҮНЭТ ЗҮЙЛС:
Оюунлаг хүний нөөц
Ёс зүй, хариуцлага
Автоматжуулалт, технологи
Инноваци, бүтээлч сэтгэлгээ

        Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орсноос өнөөг хүртэл автоматжуулалт, мэдээллийн технологийн дэвшил хөгжлөөр дэлхийн уул уурхайн үйлдвэрүүдтэй эн зэрэгцэхүйц түвшинд хүрэхэд Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн үе үеийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай, оюунлаг инженер техникийн ажилтнууд чухал үүрэг гүйцэтгэсэн. Ил уурхайгаас ачигдсан хүдрийг бутлан тээвэрлэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн зэс молибдений баяжмалыг ачигдах хүртэлх технологийн бүхий л процесс энэ цехийн ажилтнуудын оролцоотой явагддаг.

      “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг шуурхай удирдлагаар хангах технологийн процессын автоматжуулсан систем, мэдээлэл холбооны нэгдсэн сүлжээг хөгжүүлж, техник технологийн шинэчлэл бүхий автоматжуулалт, холбоо мэдээллийн цогц систем бий болгон, үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдэд нэвтрүүлсэн технологийн процессын автоматжуулалтын систем, мэдээллийн технологийн системүүд, компьютерийн техник хэрэгсэл, холбоо, рентген шинжилгээний анализаторууд, галын автомат систем болон дүрс бичлэгийн хяналтын тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах ажлыг зохион байгуулах, тэдгээрийн технологийн горимыг шинэчлэн сайжруулах, хөгжлийн хандлагыг тодорхойлох, ашиглалт, үр ашгийг дээшлүүлэх, боловсронгуй болгон хөгжүүлэх, автоматжуулалтын тоног төхөөрөмжүүдийн техникийн үйлчилгээ, тасралтгүй ажиллагааг хангах үндсэн чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

       Сүүлийн жилүүдэд хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудад тус цехийн инженер техникийн ажилтнууд амжилттай оролцож, Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулалтын хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлэх Өөрөө нунтаглах хэсгийн 4 дүгээр секц, Нунтаглан баяжуулах хэсгийн хосолсон 5 дугаар секцийг удирдаж хянах орчин үеийн удирдлагын шинэ системийн автоматжуулалтын техник тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулан, монтаж холболт, туршилт тохируулгын ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Мөн Нунтаглан баяжуулах хэсэгт шингэн дээжний “Amdel MEP-300” анализатор, геологийн болон таваарын баяжмалд 2 металлын агуулга, хортой хольцын хэмжээг тодорхойлох, хуурай шинжилгээний “QUANTX” анализаторыг өөрсдийн хүчээр суурилуулан ашиглалтад оруулж, цөмийн хэмжүүрүүдийг шинэчлэн, детектор талын цацрагийн тунгийн чадлыг бууруулах ажлыг гүйцэтгээд байна.

      Цар тахлын амаргүй цаг үед чадварлаг программистууд нь E-learn, E-Test системийн программ хангажмийн хөгжүүлэлтийг боловсруулснаар үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдэд явагдаж буй бүхий л хурал зөвлөгөөн, сургалт, шалгалтыг онлайн орчинд зохион байгуулах боломжийг бүрдүүлэн, Мэдээллийн аюулгүй байдлын албаны мэргэжилтнүүд Мэдээллийн технологийн хэлтэстэй хамтран цахим сүлжээн дэх зохисгүй хандалт, гадна болон дотоод халдлагуудаас хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах Кибер аюулгүй байдлын төвийг байгуулсан. Эрдэнэт үйлдвэрий оюунлаг, бүтээлч инженер техникийн ажилтнууд автоматжуулалт, холбоо, мэдээллийн технологийн шинэ шинэ ололт амжилтыг цаг тухайд нь нэвтрүүлэн ажиллаж байна.