Баяжуулалт

        2024.03.20-ны өдрийн 54/82 албан бичгийн хариу хүргүүлэх тухай 1976 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нунтаглан баяжуулах хэсгийн суурийг цутгаснаар Баяжуулах үйлдвэрийн барилгын ажил эхэлсэн юм. 1978 оны 09 дүгээр сарын 22-нд Нунтаглан баяжуулах хэсгийн технологийн дамжлагын эхний ээлж, 12 дугаар сарын 14-нд хүдрийн том, жижиг, дунд бутлуурыг хүлээн авснаар Баяжуулах үйлдвэр байгуулагдсан түүхтэй.

          Баяжуулах үйлдвэр нь технологийн горим хангасан зэс-молибдены хүдрийг бутлах, нунтаглах, хөвүүлэн баяжуулах, шүүн хатаах, ачих, хаягдал хуримтлуулах гэсэн үндсэн технологийн нарийн бүтэц, зохион байгуулалттай дамжлагын дагуу боловсруулж, Олон улсын ISO:9001 чанарын стандартад нийцсэн зэсийн (Cu) болон молибдены (Mo) баяжмал үйлдвэрлэдэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үндсэн цех юм.

         Баяжуулах үйлдвэр нь 1980 оны 06 дугаар сард II ээлж, 1981 оны 02 дугаар сард III ээлж, мөн оны 06 дугаар сард IV ээлжээ хүлээн авч, 1983 онд 16.3 сая тонн хүдэр боловсруулах төслийн хүчин чадалдаа хүрсэн. Улмаар 1989 онд V ээлж, 1994 оны 03 дугаар сард VI ээлжийг ашиглалтад оруулсан. Жил бүр төслийн хүчин чадлаа нэмэгдүүлснээр 2019 онд 32 сая 200 мянган тонн хүдэр боловсруулсан.

         Өнөөдрийн байдлаар хүдэр бэлтгэх технологийн хоёр шугам ажиллаж байгаагаас нэг дэх шугам нь жилд 19.8 сая.тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай Бутлан тээвэрлэх хэсэг нь хүдрийг конусан бутлуураар гурван үе шатаар бутлан, шигшиж, цаашид Нунтаглан баяжуулах хэсгийн бөөрөнцөгт МШЦ-5.5х6.5 болон МШЦ-3.2х4.5 тээрмүүдээр хоёр үе шатаар нунтагладаг. Хүдэр бэлтгэлийн хоёр дахь шугам нь жилд 18.2 сая.тонн хүдэр хүлээн авах хүчин чадал бүхий Өөрөө нунтаглах хэсэг юм.

         Хүдрийг хацарт бутлуураар буталж, бутлагдсан хүдэр эхний шатанд 160 м.куб болон 363 м.куб эзлэхүүн бүхий өөрөө нунтаглах ММС-90х30, МПСИ-9.75х4.88 тээрмүүдээр нунтаглаж, хоёр дахь шатанд 140 м.куб болон 341м.куб эзлэхүүнтэй бөөрөнцөгт МШЦ-5.5х6.5, МШЦ-6.7х9.75 тээрмүүдээр нунтагладаг. Нарийн ажиллагаатай технологийн энэхүү процессыг мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтнүүд удирдан зохион байгуулдаг бөгөөд тус үйлдвэр нь 24 цагийн турш тасралтгүй ажилладаг. Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон хүдэр боловсруулах жилийн хүчин чадлыг 40 сая.тоннд хүргэхээр зорилт тавин ажиллаж байна.