Монгол Улсын "Хөдөлмөрийн баатар" цолтнууд
Ил уурхайн өрмийн машинч
1957 онд Булган аймгийн Орхон суманд төрсөн Д.Жаргалсайхан нь бүрэн дунд боловсролтой, өрмийн машинч мэргэжилтэй. 1974 онд Зөвлөлтийн барилгын II трестэд мужаанаар ажлын гараагаа эхлүүлсэн. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Хүдрийн ил уурхайд өрмийн машинчаар тасралтгүй 35 жил ажилласан түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, ЗХУ-ын “Хүндэт уурхайчин”, ЗХУ-ын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан. Тэрбээр 30 насандаа “Эрдэнэт” үйлдвэрийн анхны Хөдөлмөрийн баатар цолыг 1988 онд хүртсэн юм.
Автотээврийн цехийн БелАЗ-ын жолооч
Д.Жигмэдцэрэн нь 1960 онд Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн. Тэрээр 1980 онд зохион байгуулалттай элсэлтээр ирж, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Сургалтын төвийн авто жолооны ангийг төгссөн. “Эрдэнэт” үйлдвэрт БелАЗ-ын жолоочоор тэтгэвэрт гарах хүртлээ тасралтгүй 39 жил ажилласан. Урлаг, уран сайхны авьяастай тэрбээр ажиллах хугацаандаа ажилч хичээнгүй хөдөлмөрлөхийн зэрэгцээ залуу насаа урлагийн тайзан дээр дуулж хуурдан өнгөрүүлсэн. Түүний авьяас билгийг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, “Ардын авъяастан” цол, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1989 онд Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр тус тус шагнасан юм.
Автотээврийн цехэд жолооч
Ж.Чойжилсүрэн нь 1947 онд Завхан аймгийн Булнай сумын Доод харгана гэдэг газар төрсөн. 1966 онд Тээврийн яамны авто сургуулийг жолоочоор төгсөж, 1996 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад ажилласан. Ажиллаж байх хугацаандаа техникийн тохиргоо үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай хийж, эвдрэлийг урьдчилан тооцоолж ажилласнаар сэлбэг, бензин, дугуй хэмнэж, осол авааргүй ажиллаж, үйлдвэрийн даалгаврыг цаг хугацаанд нь тогтмол сайн биелүүлсэн байна.
Тэрээр 1991 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, тэмдгээр шагнагдсан.
Ерөнхий захирал
1952 онд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн Ш.Отгонбилэг нь 1976 онд Эрхүү хотын Польтехникийн дээд сургуулийг уулын инженер мэргэжлээр төгсөж, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлсэн. Хэлтсийн дарга, ерөнхий инженер, “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлын 1 дүгээр орлогчоор ажиллаж байгаад 1989 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилогдон ажилласан.
Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн анхны монгол захирал болсон юм. 2000 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд түүний хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол тэмдэг, “Алтан соёмбо” тэмдэг, “Сүхбаатарын одон”-гоор шагнасан. Ш.Отгонбилэг агсан нь техникийн ухааны доктор бөгөөд 1995, 1999 онуудад Монголын үндэсний Олимпийн хорооны Ерөнхиийлөгчөөр сонгогдон ажилласан.
Баяжуулах үйлдвэрийн бутлуурчин
Д.Бямбаа нь 1955 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн. Тэрээр 1976 оноос МХЗЭ-ийн Төв хорооны илгээлтээр “Эрдэнэт”-ийн бүтээн байгуулалтад оролцсон анхны илгээлтийн эздийн нэг юм. Илгээлтээр ирсэн даруйдаа Эрдэнэт хотын “Монгол ажилчдын нэгдсэн захиргаа”-ны барилга угсралтын хэсэгт барилгачнаар ажлын гараагаа эхэлсэн. 1977 оноос “Эрдэнэт” үйлдвэр” ХХК-ийн анхны мэргэжлийн ажилтан бэлтгэх курст ЗСБНУзбекстан улсын Алмалык хотод суралцан, үйлдвэрлэлийн дадлага хийж, түгээмэл баяжуулалтын мэргэжил эзэмшсэн. 1978-2014 онд Баяжуулах фабрикийн Бутлан тээвэрлэх хэсэгт конвейерийн машинч, бутлуурчнаар тасралтгүй 37 жил ажилласан бөгөөд энэ хугацаанд эзэмшсэн мэргэжлээрээ 8 хүнийг дагалдуулан сургасан. ОХУ-ын “Хүндэт уурхайчин” цол тэмдэг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аварга, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсан тэрээр 2008 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдэг хүртсэн юм.
Ил уурхайн бульдозерчин
1951 онд Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн Т.Нямжав нь бульдозерчин, автогрейдерийн машинч мэргэжилтэй. 1966-1974 оныг хүртэл төрөлх нутагтаа ажил хөдөлмөр эрхэлж байгаад 1975-1977 онд Эрдэнэт хотын Зөвлөлтийн барилгын II трестэд өрлөгчин, 1978-2011 онд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Хүдрийн ил уурхайд бульдозерчин, автогрейдерийн машинчаар тасралтгүй 33 жил ажилласан. Ажиллах хугацаандаа АНУ-ын “Катерпиллар” фирмийн D8 трактор, 988F маркийн дугуйт авто ачигч зэрэг техникүүдийг богино хугацаанд чадварлаг эзэмшин, засвар үйлчилгээг тогтмолжуулснаар тухайн техникийг их засваргүйгээр 10 жил ажиллуулж, техник ашиглалтын коэффициентийг 0.96-д хүргэн, иж бүрдэл дугуйны эдэлгээний хугацааг 0.5 сараар уртасган ашигласан. ЗХУ-ын “Хүндэт уурхайчин” цол тэмдэг, Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одон, 2008 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнагдсан.
Ил уурхайн өрмийн машинч
1964 онд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн Б.Батбаяр нь 1981 онд зохион байгуулалттай элсэлтээр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ирж, Сургалтын төвийг өрмийн машинч мэргэжлээр суралцаж төгссөн. 1982 оноос "Эрдэнэт" үйлдвэрийн Хүдрийн ил уурхайд туслах машинч, маркшейдерийн хэсэгт хэмжигч, өрмийн машинчаар ажиллаж, сэргээсэн өрмийн хошуугаар 22000 у/м өрөмдлөг хийж, өрмийн хошууны үнэлгээгээр 21.4 сая төгрөгийн арвилан хэмнэлт гаргасан. Тэрээр 2000 онд Монгол Улсын “Тэргүүний уурхайчин” цол тэмдэг, 2018 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр тус тус шагнагдсан.
Ерөнхий захирал
1955 онд Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн.
Уул уурхайн инженер-маркшейдер
Техникийн шинжлэх ухааны доктор /Sc.D/
1980-1987 онд ГУУҮЯ-нд мэргэжилтэн, салбарын ерөнхий инженер, Уул уурхайн үйлдвэрийн хэлтсийн дарга,
1987-1989 онд ЭХГУУҮ-нд Уул уурхайн салбарын ерөнхий инженер, Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга,
1989-1994 онд Бор-Өндөр УБҮ-ийн Захирлын нэгдүгээр орлогч, мөн
1989-1991 онд Хэнтий аймгийн Хэрлэн хорооны АДХГЗ-ны дарга,
1991-1992 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцсан,
1994-2006 онд Монголросцветмет нэгдлийн Ерөнхий захирал,
2007-2008 онд ҮХЯ-нд газрын дарга,
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2012 оноос МУУТ-ын Ерөнхийлөгч, Монголын жоншны холбооны тэргүүн, Уул уурхай, металлургийн томоохон төслүүдэд Төслийн удирдагч, Зөвлөх,
2015 оноос АҮЯ-ны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн Удирдагч, нэгжийн Захирал,
2016 оны 08-11 дүгээр сард УУХҮЯ-ны Дэд сайд,
2016 оны 11 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар ажилласан.
2022 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан.
Спорт цогцолборын дарга
Шагжсүрэнгийн ДАВААХҮҮ 1964 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотод төрсөн.
1984 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургууль, 1999 онд Үндэсний биеийн тамирын дээд сургууль, 2003 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг тус тус төгссөн. Биеийн тамирын багш, дасгалжуулагч, худалдааны менежер, хүний бага эмч мэргэжилтэй.
Ш.Даваахүү хөдөлмөрийн гараагаа Тосонцэнгэл хотын хүн эмнэлэгт бага эмчээс эхэлж, 1993 онд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ш. Отгонбилэгийн урилгаар “Эрдэнэт” үйлдвэрийн Спорт цогцолборт арга зүйч, дасгалжуулагч, даргаар ажиллаж эхэлснээс хойш одоог хүртэл 30 дахь жилдээ ажиллаж байна.
Ш.Даваахүү нь үндэсний сурын спортоор 1989 оноос хичээллэж эхэлснээс хойш төрийн их баяр наадамд 5 удаа түрүүлж, 7 удаа үзүүрлэн, 4 удаа айрагдаж, 40 сумнаас 40 онож үнэмлэхүй дээд амжилт тогтоосон цорын ганц харваач юм.
Тэрээр амжилт гаргахын зэрэгцээ 200 гаруй хүүхэд, залуучуудыг шавь сургалтаар хичээллүүлж харваач болгосны дотроос Монгол Улсын “Даяар дуурсах мэргэн”-1, “Даян мэргэн”-3, “Улсын мэргэн”-2, идэр мэргэн 12, спортын мастер 73, дэд мастер 8 төрөн гарчээ.
Сүүлийн 30 жилийн төрийн их баяр наадмын 15 түрүүг өөрөө болон түүний шавь нар авсан нь нэгэн түүхэн амжилт юм.
Ш.Даваахүүгийн нөр их хөдөлмөр, спортод гаргасан амжилтыг үнэлж 2001 онд “Гавьяат тамирчин” цол, 2008 онд “Зууны манлай харваач”-аар өргөмжилсөн байна.
2024 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан.