Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл
ЗАСВАР, МЕХАНИКИЙН ЗАВОД - БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ
БНМАУ-ын Түлш эрчим хүч геологийн яамны шийдвэрийн дагуу Засвар, механикийн заводыг Монгол-Зөвлөлтийн хамтарсан Уул уурхайн баяжуулах Эрдэнэт комбинатын бүрэлдэхүүнд оруулан барьж байгуулахаар 1974 онд ЗХУ-ын “Кавказгипроцветмет” хүрээлэнд техникийн зураг төслийг боловсруулж, барилга байгууламж барих ажлыг 1976-1978, 1979-1980 он гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлсэн.
Засвар, механикийн завод нь Цутгуурын болон Механик цех гэсэн үйлдвэрлэлийн үндсэн хоёр нэгжтэй. Тус завод нь Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Монгол Улсад төмөрлөг боловсруулах, машин үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн тусгай зөвшөөрлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологийн тоног төхөөрөмжүүдийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах чиглэлээр механик боловсруулалттай эд анги үйлдвэрлэх, элэгдсэн эд ангийг сэргээн засварлах, шинээр үйлдвэрлэх, резинээр хуяглах, металл хийц бүхий стандартын бус тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, ган, ширэм, өнгөт металлаар цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж байна. Мөн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, үйлдвэрийн газрын бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулахад үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Тус завод нь металл боловсруулах болон цутгуурын үйлдвэрлэл явуулдаг иж бүрэн цогцолбор бүхий Монгол Улсын хамгийн том машин үйлдвэрлэл, цутгуур болон засварын чиглэлийн завод болон хөгжиж байна.
Засвар, механикийн завод нь үйлдвэрлэлийн үндсэн нэгжүүдээс гадна Үйлдвэр техникийн, Зохион бүтээх технологийн, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн, Хүний нөөцийн, Төлөвлөлт шинжилгээний, Эрчим зүйн, Механикийн, Үйлчилгээ аж ахуйн гэсэн алба, нэгжүүдтэй бөгөөд мэргэжлийн өндөр ур чадвартай 520 гаруй ажилчид, 110 орчим инженер, техникийн ажилтантай. Тус хамт олон металл боловсруулалтын болон цутгуурын үйлдвэрлэлийн 105 нэр төрлийн ажил мэргэжилтэй ажилтнуудаас 35 мэргэжлийн ажилтныг өөрсдийн үйлдвэрлэлийн сууринд мэргэшүүлэн бэлтгэдэг.
ЦУТГУУРЫН ЦЕХ
Цутгуурын цехийн үйл ажиллагаа нь 1980 оны 12 дугаар сарын 31-нд анхны ганг хайлуулж цутгаснаар эхэлсэн. Тус цех “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологийн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай өндөр маргенцат ган 110Г13Л, 110Г23Л, үрэлтэд тэсвэртэй ширэм ИЧХ28Н2, бага чанаржуулсан ган 35ГЛ, 25Л – 45Л, чанаржуулсан ган (35ХМЛ, 35ХМФЛ, 30ХМНЛ, 40ХЛ, 40ХНЛ) болон саарал ширэм СЧ18, СЧ21, СЧ25, хүрэл БрОО5С5ЦЦ маркийн хайлшаар 5500 тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Цутгамал бүтээгдэхүүнийг тодруулбал ЭКГ-10И, ЭКГ-12К, LIEBHERR-996 экскаваторуудын, шанаганы дээд доод хана, шүд, өрмийн машинуудын эд анги, хутга, хуяг, гинж, ККД, КСД, КМД, MP, AMPCO,HP маркийн бутлууруудын хөдөлгөөнт болон үл хөдлөх конус хуягууд, төрөл бүрийн хацарт болон алхан бутлуурын алх, хуяг, МШЦ, ММС төрлийн тээрмийн доторлогооны хуягнууд, WARMAN болон ГрАТ төрлийн шахуургууд, түүний түргэн элэгддэг эд ангиуд зэрэг цутгамал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Цутгуурын цехийн хайлах хэсэг нь технологийн материал, дахин хайлуулах төмөр бэлтгэх тасаг, металл хайлах тасаг, илчийн боловсруулалтын тасаг болон өнгөт металл хайлах тасгуудаас бүрддэг бол Хэв бэлтгэх хэсэг нь цутгамлын загвар болон голч бэлтгэх, хэв барих тасгуудтай. Хэв бэлтгэх хэсэг нь ХБНГУ-ын FAT фирмийн Хүйтнээр хатуурах холимгоор хэв хийх хагас автомат шугамаар хэв бэлтгэж байна. Мөн загвар бэлтгэх тасагт SAHOS DYNAMIC FC-30008 SPRINT FC1900 маркийн программ удирдлагат суурь машинуудаар загвар бэлтгэж байна.
МЕХАНИК ЦЕХ
Механик цех нь 1978 онд ашиглалтад орж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологийн тоног төхөөрөмжүүдийн засварын ажилд шаардлагатай элэгдсэн эд ангийг сэргээн засварлах, тоног төхөөрөмжийн эд ангийг резинээр хуяглах, эд анги сэлбэг хэрэгсэл, металл хийц стандартын бус тоног төхөөрөмжийг шинээр үйлдвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар 2000 тонн механик боловсруулалттай эд анги, 720 тонн металл хийц болон стандартын бус тоног төхөөрөмж, 140 тн резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Техник, технологийн шинэчлэлийн хүрээнд сүүлийн жилүүдэд шинээр EVEROX DL-720х1100, EVEROX VMC-850, PUMA SM 3100 LS, DMG MORI dx-350, DMG MORI dx-500 маркийн компьютерын удирдлагатай металл боловсруулах суурь машинууд, металлыг плазмаар зүсэх Jantar-2, KIMLA waterjet усаар зүсэгч, FANUC-M20LA гагнуурын автомат робот,болон DYP-2000-M-PD, DYP-1000-M-PD маркийн халуун пресс суурилуулснаас гадна 1540, 1532 тойруулан зорох, 2Е656Р уужимсган зорох, 16К20, 1М63, 1М65 маркийн токарийн суурь машинуудыг ретрофит буюу хагас автомат болгон сэргээн шинэчлэх аргаар их засвар хийж сайжруулан ашиглалтын хугацааг 25-30 жилээр нэмэгдүүлж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна.
Мөн “Таншань Кайюань автомат” TC-1607156 труба зорогч, TV-1607211 үүр шахагч, TS-1607154 гагнуурын, TV-1607210 угсрах суурь машинууд бүхий хагас автомат шугам суурилуулснаар Монгол Улсад анх удаа жилд 10,000 ширхэг туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрлэл шинээр бий болгон Ф102, Ф127, Ф159 мм-ийн голчтой дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэж байна.
Төвийн болон Баруун бүсийн уул уурхай, аж үйлдвэрийн бусад салбарын импорт орлох металл бүтээгдэхүүний зарим хэрэгцээг хангах зорилтын хүрээнд Засвар, механикийн заводыг хөгжүүлэх өргөтгөл шинэчлэлийн ажлыг 2019 оноос Цутгуурын үйлдвэрлэлийн Илчийн боловсруулалтын тасгийн, Механик цехийн өргөтгөл шинэчлэлийн зураг төсөл боловсруулах төслийн ажил бэлэн болж, цехийн барилга байгууламжийн өргөтгөлийн ажлыг эхлүүлэн, амжилттай хэрэгжүүлж байна.