Эрчим хүч

УС ХАНГАМЖИЙН ЦЕХ

         Монгол-Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон Эрдэнэт хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн газар, албан байгууллагыг ундны болон техникийн цэвэр усаар хангаж,  ахуйн хэрэгцээнээс гарсан бохир усыг байгаль дэлхийд хор хөнөөлгүй болтол цэвэрлэж байгальд нийлүүлэх зорилготой инженерийн бүхэл бүтэн цогцолбор байгууламжийг “Казводоканал” хүрээлэнгийн зураг төслөөр 1974-1976 онд барьж байгуулан ашиглалтад оруулсан. Энэхүү цогцолбор байгууламжийн ашиглалтыг Эрдэнэт үйлдвэрт хариуцуулах, хамтарсан үйлдвэрийн анхны ээлж ашиглалтад орох болсонтой холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын 1978 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 334 тоот тушаалаар “Гадна ус хангамж, ариутгах татуурга”-н цехийг байгуулснаар өнөөгийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цех байгуулагдсан.

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цех нь Захиргаа болон цэвэр ус хангамж, эргэлтийн ус хангамж, цэвэрлэх байгууламж, хий хангамж гэсэн 4 хэсэгтэйгээр “Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

          Цэвэр ус хангамжийн хэсэг нь 64 км алсаас Сэлэнгэ мөрний усны эх үүсвэрээс хоногт 60-80 мянган м3, жилд 25-30 сая м3 ус олборлож, үүний 80 хувь орчмыг үйлдвэрийн газрын технологийн хэрэгцээнд, 20 хувь орчмыг хэт ягаан туяагаар ариутган, Орхон аймгийн хүн ам, аж ахуйн нэгжүүдэд унд, ахуйн хэрэгцээнд ус өргөх 4 станц, нийт 251,6 км 100 мм-ээс 800 мм диаметртэй шугам хоолойгоор түгээн ажиллаж байна. Үйл ажиллагаандаа диспетчерийн хяналт удирдлагын Скада систем нэвтрүүлж, Панаметрикс маркийн усны зарцуулалт хэмжигч ашиглан, хэрэглэгчдийн усны хэрэглээний горимыг тохируулан ажилладаг.

          Эргэлтийн ус хангамжийн хэсэг нь Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн цөөрмөөс хоногт 200-250 мянган м3, жилд 85-90 сая м3 эргэлтийн усыг Баяжуулах үйлдвэр, Дулааны цахилгаан станцад нийлүүлдэг. Харин Цэвэрлэх байгууламжийн хэсэг нь хоногт 24000 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоогоор 17000 м3 орчим, жилд 6 сая м3 орчим ахуйн бохир усыг нийт 23,5 км урттай бохир усны шугамаар татан авч механик, биологи, гүний цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт гэсэн 4 үе шатаар MNS 4943-2015 стандартад нийцүүлэн цэвэрлэж, үйлдвэрийн технологийн хэрэгцээнд нийлүүлэн, эргүүлэн ашиглаж байна. Бохир усны итгэмжлэгдсэн лаборатори нь өдөр тутмын хяналтын шинжилгээг тогтмол хийдэг бол Хий хангамжийн хэсэг нь үйлдвэрийн газрын болон хотын аж ахуйн нэгж, байгууллагуудыг хүчилтөрөгч, ацетилен болон азотын хийгээр хангадаг. Хүчилтөрөгчийн станц нь цагт 16 м3, жилд 115-120 мян.м3, ацетилений станц нь цагт 29 м3, жилд 30-32 мян.м3 бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна нүүрсхүчлийн хийн галын хор цэнэглэх, засварлах, баталгаажуулах үйлчилгээг тус тус эрхэлдэг.

 

ЦАХИЛГААНЫ ЦЕХ

         1976 онд ОХУ-ын Галуут нуурын дэд станцаас Дархан хүртэл 220 кВ-ын өндөр хүчдэлийн агаарын шугам татаж, улмаар 1977 онд Дархан-Эрдэнэтийн 220 кВ-ын агаарын шугамыг барьснаар Монгол Улсын төвийн эрчим хүчний систем, ОХУ-ын Сибирийн эрчим хүчний нэгдсэн системтэй холбогдож, Монгол Зөвлөлтийн хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын цахилгаан хангамж шийдэгдсэн юм.

        1978 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Ерөнхий захирлын 550 тоот тушаалаар Эрдэнэт хот, Сэлэнгэ-Эрдэнэтийн ус дамжуулах шахуургын станцуудыг цахилгаан эрчим хүчээр хангах үүрэгтэйгээр  1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс “Шугам сүлжээ ба дэд станцын цех” байгуулагдсан нь одоогийн Цахилгаан цех юм.

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Цахилгааны цехийн бүтэц зохион байгуулалт – Цехийн дарга, ерөнхий инженер, 4 товчоо, 6 хэсэг нэгжийн нийт 131 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

ЦАХИЛГААН ЦЕХИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

Хэрэглэгчдийг чанартай цахилгаанаар тасралтгүй, найдвартай, соёлтой хангах

            Цахилгаан цех нь “0,4-35 кВ-ын Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ үзүүлэх”, “Цахилгаан эрчим хүчний тоолуур, шингэний зарцуулалтын хэт авианы болон цахилгаан соронзон зарцуулалтын иж бүрдэл тоолуурыг суурилуулах” тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд цахилгаан тоноглолын тасралтгүй ажиллагааг ханган хэмжилт, туршилт, оношилгоо, засварыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэсний үр дүнд өндөр хүчдэлийн тоноглолууд болох тосон таслуур, вакум таслуур, хуурай салгуур, элегазан таслуур, хүчний трансформаторууд, өндөр болон нам хүчдэлийн хүчний кабелиуд, агаарын шугамууд, туслах тоноглолууд тасралтгүй найдвартай ажиллан, үйлдвэрийн бүсийн цех нэгжүүдэд жилд 1,064 орчим сая.кВт.цаг эрчим хүчийг түгээн ажиллаж байна.

            Мөн гаднын болон цех нэгжүүдийн 0.1кВт-4000 кВт-ын хувьсах болон тогтмол гүйдлийн хөдөлгүүрийн засварын ажлуудыг хийж гүйцэтгэн хамтран ажилладаг.

 

ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ

     1974 онд ЗХУ-ын Эрчим хүч, цахилгаанжуулалтын яамны “Загранэнергострой монтаж”, Бүх холбоотын нэгдлийн “Монголэнергострой” барилга угсралтын трестийн “Эрдэнэтэнергострой” барилгын удирдах газар нь Эрдэнэт хотын үйлдвэр аж ахуйн газрууд, түүний барилга байгууламжууд, соёл үйлчилгээний газрууд, орон сууцыг дулаанаар хангах зорилгоор “Төв уурын зуух” нэртэйгээр станцыг барих ажлыг эхлүүлсэн.

            Дулааны цахилгаан станц нь 1976 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 4350С-ийн халуунтай, 39кгс/см2 даралттай, 75 тонн уур үйлдвэрлэх хүчин чадалтай, БКЗ-75-39ФБ маркийн зуухыг галлаж, 1978 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орох үед 3 зуухтайгаар эхний блок ажиллаж эхэлсэн бөгөөд 1981 онд сүүлийн 3 зуухыг суурилуулснаар Дулааны станц бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсон.

          Дулааны цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор турбингенератор суурилуулан өргөтгөх, суурилагдсан хүчин чадлыг нэмэх тухай 2007 оны Орос-Монголын хамтарсан үйлдвэрийн зөвлөлийн хурлаар дэмжигдэж, хөгжлийн концепцид баталсны дагуу өргөтгөлийн 1-р шатны ажлыг 2009 оны 06 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор эхлүүлэн 2,5х2МВт-ыг хүчин чадалтай турбингенератороор өргөтгөн 2012 онд амжилттай хэрэгжүүлснээр Дулааны цахилгаан станц болон өргөжсөн түүхтэй. Өргөтгөлийн эхний шат ашиглалтад орсноор цагт 4.8-4.9 мВт цахилгаан үйлдвэрлэж, өөрийн дотоод хэрэгцээг хангах болсон. Уг өргөтгөлийн ажлын хүрээнд турбингенератор суурилуулахаас гадна дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  • Зуухны хянах хэмжүүр, дохиолол, хамгаалалт, автомат удирдлагын тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн стандартад нийцсэн SIEMENS фирмийн Симатик логик программчлагдсан контроллёрууд, бүрэн автоматлагчдсан компьютерын удирдлагын системийг нэвтрүүлсэн.
  • Уур, усны чанарын үзүүлэлтийг дээшлүүлэх зорилгоор усыг эсрэг осмосын аргаар боловсруулах шинэ технологи нэвтрүүлж Альмус-50 маркийн иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулсан.
  • Нүүрсний бодит зарцуулалтыг тооцох зорилгоор Шэнк фирмийн вагон жин суурилуулсан.

           Дулааны цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн 2 дахь шатны ажлыг хийж гүйцэтгэхээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монгол-Оросын Зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрийн дагуу 48мВт-ын нийлбэр хүчин чадал бүхий 4 ширхэг турбингенераторыг суурилуулах ажлыг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлүүлж, 18 сарын хугацаанд өргөтгөлийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын  ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн.

  • Уг өргөтгөлийн төслийн ажлын хүрээнд Турбин цехийн барилга, эргэлтийн усны насос станцын барилга, хөргөх цамхаг, 110кВ-ын цахилгааны хаалттай хуваарилах байгууламж, хуучин, шинэ хоёр барилгыг холбосон гүүрэн байгууламжийг барьж, үйлдвэр-дулаацуулгын авлага бүхий 2 ширхэг уурын турбин, цэвэр конденсацын 2 ширхэг уурын турбиныг туслах тоноглолуудын хамт, тус бүр 12 мВт-ын хүчин чадал бүхий 4 ширхэг турбингенератор, 40000 кВт-ийн хүчин чадалтай 2 ширхэг хүчний трансформатор, 110 кВт-ын агаарын шугам болон кабель шугам, хуваарилах дэд станц, 50м3/цаг хүчин чадалтай химийн ус бэлтгэх эсрэг осмосын төхөөрөмж, нүүрс буулгах төхөөрөмжүүдийг тус тус суурилуулсан.
  • 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Улсын комиссын хуралдаанаар тус станцын 48 мВт-ын өргөтгөлийг ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэж, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс нэмэгдсэн хүчин чадлын хүрээнд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг явуулж эхэлсэн.

     Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон 01/2007 дугаартай “Дулаан үйлдвэрлэх”, 99/2017 дугаартай “Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх”, Орхон аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс олгосон 06/2020 дугаартай “Дулаан түгээх”, 07/2020 дугаартай “Дулаанаар зохицуулалттай хангах” гэсэн тусгай зөвшөөрлүүд, Эрчим хүчний яамнаас олгосон 1969/19 дугаартай “Зуух, даралтат сав, шугам хоолойн угсралт засвар, түүний туршилт тохируулга хийх” гэсэн тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

        Тус станц нь 328 ажилтантай бөгөөд үүнээс 75 инженер техникийн ажилтан, 253 мэргэжилтэй ажиллагсадтай. Нийт ажилтны 66 хувь нь дээд боловсролтой, 61 хувь нь 6 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.

Дулааны эрчим хүчний түгээлт: 1976 оноос 1987 он хүртэл Эрдэнэт хот болон үйлдвэрийн цех нэгжүүдийг халаалт, агааржуулалт, хэрэгцээний халуун ус, үйлдвэрийн технологийн уураар тасралтгүй найдвартай хангах үйлчилгээг үзүүлж байсан ба 1987 оноос Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор зөвхөн үйлдвэрийн цех нэгжүүд болон үйлдвэрийн дүүрэгт байрладаг аж ахуйн нэгжүүдийг халаалт, агааржуулалт, хэрэгцээний халуун ус, үйлдвэрийн технологийн уураар тасралтгүй найдвартай хангах үйлчилгээг үзүүлж байна.

Цахилгаан эрчим хүчний түгээлт: Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг Монгол Улсын төвийн эрчим хүчний системд нийлүүлэхээс гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зарим цех нэгжүүд болон үйлдвэрийн дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудыг цахилгаан эрчим хүчээр найдвартай ханган ажиллаж байна.